Оросууд хуучин цэргийн ангийн балгасуудыг цэгцлэх санал тавилаа

1960-1990 онд Монголд байрлаж асан ЗХУ (хуучнаар)-ын цэргийн анги нэгтгэлүүдийн хуучин барилгын туурь, хог хаягдлаас асбест хэмээх химийн хорт бодисоос гадна хүнд металлын болон газрын тосны бүтээгдэхүүний их хэмжээний бохирдол илэрсэн тухай манай сонин “Орос цэргийн ангиудын балгас балаг тарьж байна” нийтлэлээрээ саяхан хөндөн бичсэн билээ.

Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид 2013-2016 онд Хойд Атлантын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Энхийн төлөө шинжлэх ухаан” төсөл хэрэгжүүлж, цэргийн зориулалтаар ашиглаж байсан 31 байршлын хөрсний бохирдлыг анх удаа үнэлж, шинжилгээ хийсэн юм.

Ингэхэд 16 газарт нь хүнд металлын бохирдол олон улсын стандартаас давсан байсан бөгөөд тэр дундаа Говьсүмбэр аймгийн Шивээговь, Чойр, Баянтал, Дорноговийн Даланжаргалан, Сайншанд, Дундговийн Мандалговь, Дорнодын Чойбалсан, Өвөрхангайн Арвайхээр, Булганы Орхон сумын нутаг дахь Улаан Орхоны хотхон, Төв аймгийн Сэргэлэн, Дархан-Уул аймгийн Эрхэт, Салхит болон Багануур, Налайх, Багахангай дүүрэг, Мааньт дахь хуучин цэргийн ангиудын барилгын туурь, хог хаягдалд асбест (Эрүүл мэндэд асар их хортой учраас үүнийг энх цагийн бөмбөг хэмээн нэрийддэг)-ын агууламж хэр их байгааг нарийн тодорхойлох шаардлагатай гэж дүгнэсэн байдаг.

Монголд анх удаа ийм дорвитой томоохон судалгаа хийж, цэргийн зориулалттай газруудын орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх ажлыг үр дүнтэй хийх үүднээс дээрх байршлуудыг тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлсэн тайлангаа Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн ч холбогдох байгууллагууд нь эрдэмтдийн дүгнэлтийн дагуу ямар нэг ажил хийлгүй өнөөг хүрчээ.

Тэгвэл уг нийтлэл сонинд хэвлэгдсэний дараахан Оросын эрдэмтэд манай Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачидтай холбогдон, “Та бүхнийг ийм чухал, үнэ цэнэтэй мэдээллийн бааз бүрдүүлж өгсөнд тань их талархаж байна. Цаашид энэхүү судалгааг улам нарийвчлан хийж, цэргийн зориулалттай газруудын орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх арга туршлагыг хоёр тал хамтран хэрэгжүүлэх саналтай байна. Үүн дээр манай академи дэмжлэг үзүүлэхэд хэзээд бэлэн” хэмээн мэдэгдсэн байна.

Монголын өнцөг булан бүрт хэдэн арван жилээр байгаль орчин бохирдуулж, хүн ардын эрүүл мэндэд заналхийлж ирсэн хуучин цэргийн ангиудын барилгын хог хаягдлыг яах вэ гэдэгт оросууд бидэнд боломж олгох нь. Одоо харин монголчууд урагштай байж, энэхүү боломжийг ашиглах хэрэгтэй бус уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай