Дамжин өнгөрөх тээврийн татварыг 50-60 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүс нутгийн тээвэр, ложистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт олон улсын бага хурал “Шангри-Ла” зочид буудалд өчигдөр эхэллээ. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат “Ази, Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр зам нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр нь манай улсын хөгжилд сүүлийн 26 жилд байгаагүй их “олз” авчирна” хэмээн онцлов.

“Бүс нутгийн тээвэр, ложистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт бага хурлаар Орос, Монгол, Хятад улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн тухай, гуравдагч орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эдийн засгийн коридорын ач холбогдол, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, мөн гурван улсын эдийн засгийн коридороор дамжин өнгөрөх дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн тээврийн салбарын хамтын ажиллагаа зэрэг сэдвийг хөндөн ярилцаж байна. Уг уулзалтын үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд “гурван улсын коридор байгуулах талаар танилцуулсан юм. Тэрбээр “Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулах бөгөөд аж үйлдвэр, тээврийн дэд бүтэц болон гурван улсын хилийн хяналтад нийцүүлж дамжин өнгөрөх тээврийн татварыг үе шаттайгаар хөнгөлөх бөгөөд аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухааны салбартай уг төслийг уялдуулна” гэв.

Эдийн засгийн коридорыг байгуулснаар Монгол Улс нүүрсээ гуравдагч зах зээл рүү гаргахад дамжин өнгөрөх тээврийн татварын хувь хэмжээг 50-60, бусад ачаа тээврийнхийг 10-20 хувиар бууруулахаар хоёр хөрштэйгөө тохиролцсон хэмээн В.Энхболд нэмж хэллээ.

Европоос Азийг холбосон зургаан коридор байдаг боловч эдгээрээс аль нь ч манай улсаар дайран өнгөрдөггүй. Тиймээс гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулж Монгол Улсаар өнгөрөөх саналыг 2014 оноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажил хэрэг болгохоор гурван улсын Төрийн тэргүүний уулзалтыг удаа дараа хийсэн билээ.

БНХАУ-ын “Торгоны зам”, Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн коридор”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг уялдуулан хөгжүүлэх нь Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдэх Монгол Улсын Засгийн газрын зорилго, зорилтуудтай бүрэн нийцэж буй.

Эл коридорын чиглэлд 200 гаруй төсөл, хөтөлбөрийн санал ирүүлснээр 32 төслөөс одоогоор Монголын зургаа, Хятадын дөрөв, Оросын зургаан төсөл хэрэгжих ажил хэргийн шатандаа явж буй гэнэ. Уг төслүүдэд Монголоос төр, хувийн хэвшил, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн болон Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжилт хийх аж.

Мөн энэ үеэр Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл “Монгол Улс газар зүйн байршлын давуу талаа ашиглан дэлхийн худалдааны томоохон оролцогч, хөрш хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой. “Хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уулаас Улаанбаатар чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийх, Эрээнцав-Чойбалсан, Баруун-Урт, Бичигт чиглэлийн хатуу хучилттай 662 км авто замын төсөл, мөн Замын-Үүд болон Хөшигийн хөндийд холимог тээврийн ложистикийн төв байгуулахаар төлөвлөсөн. Бидний тооцоолж буйгаар 2018-2019 онд манай улсын эдийн засаг 4-6.6 хувиар өсөхөөр байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд 10 зорилт, 82 арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн санхүүжилтийн хэмжээг урьдчилсан байдлаар тооцоход нийт 32.4 их наяд төгрөг шаардагдахаар байна” гэв.

Түүнчлэн эдгээр хөрөнгийн эх үүсвэрийг харвал одоогоор улсын төсвөөс 150.7 тэрбум, мөн гадаад зээл, тусламж 13.4, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт 14.7, төр, хувийн хэвшлийн түншлэлээс 3.2, бусад эх үүсвэрээс нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татахаар тооцоолж буй аж.

Доктор Ж.Гөлгөө “Далайд гарцгүй нь Монгол Улсын сул тал юм. Эдийн засгийн коридорыг байгуулснаар дэлхийн эдийн засгийн “гүн”-д нь орох боломжтой” хэмээв. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулахаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монгол Улсын Гадаад харилцааны яамны ажлын хэсгүүд ажиллаж байгаа гэнэ. Тус коридорын гол гурван төсөл, хөтөлбөр нь төмөр зам, авто зам болон цахилгаан дамжуулах шугам юм.

Бага хурлаар хэлэлцсэн дээрх асуудлуудыг ойрын 3-5 жилд бүрэн шийдвэрлэхэд Орос, Хятад болон олон улсын байгууллага анхаарах ёстойг оролцогчид тэмдэглэж байв. Монгол Улсыг хөгжүүлэхэд зөвхөн эдийн засгийн коридор байгуулаад зогсохгүй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг бүхий л салбарт хөгжүүлэх хэрэгтэй. Мөн төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн салбараа хямралд оруулдаг учраас Монголын тал үүнд анхаарах нь зүйтэй хэмээн хөрөнгө оруулагчид ярьж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай