ННҮГ-ын дарга, нягтлан бодогч нар эрх мэдлээ урвуулж 1.5 тэрбум төгрөг завшжээ

“Хангарьд” ордны наймдугаар давхарт байрлах нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ыг өчигдөр АТГ-ынхан бужигнуулж, хууль зөрчин төрийн өмчийг шамшигдуулж байсан албан тушаалтнуудыг нь баривчиллаа. Энэ газрын өрөөнүүдэд АТГ-ын мөрдөн байцаагч нар прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан.

Бусад шаардлагатай нотлох баримтууд болох санхүүгийн бичиг баримтуудыг нь ч битүүмжлэн авч явсан гэдгийг тэнд ажилладаг эх сурвалжууд хэлсэн юм. “Хангарьд” ордны үйлчилгээний ажилтнууд ч АТГ-ынхан ННҮГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг машинд суулган авч явсныг баталсан юм. Чухам хэнийг, ямар хэрэгт холбогдуулан баривчилсан талаар АТГ-ынхнаас тодруулахад ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Нэрээ нууцлахыг хүссэн ННҮГ-ын эх сурвалж “Манай газрын дарга Ш.Одончимэг, Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал тэргүүтэй дөрвөн хүнийг авч явснаас нэр дурдсан хоёрыг нь цагдан хорьсон байна лээ.

Тэднийг 2013-2017 онд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж буйг АТГ-ынхан прокурорын тогтоол танилцуулахдаа хэлсэн” гэлээ. Өөр нэг эх сурвалж “Ш.Одончимэг, Д.Энхжаргал тэргүүтэй албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн бараа материал нийлүүлсэний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, энэ дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан гэсэн хэрэгт холбогдсон байна лээ. Бас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон суууц, гарааш, оффис худалдан авсан, манай байгууллагад ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудын хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт холбогдоод байгаа гэсэн” хэмээв.

АТГ-ынхан уржигдар хийсэн нэгжлэгийнхээ үеэр 50 сая төгрөг дээрх хүмүүсийн төмөр шүүгээ (сейф)-нээс эд мөрийн баримт болгон хураан авсан сурагтай. Бидэнд олдсон мэдээллээр дээрх хүмүүс өөрсдийн хамаарал бүхий “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанийн дансаар 100 гаруй үйлдлээр дээрх 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан бололтой.

ННҮГ нь нийслэлийн засаг захиргааны удирдах байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудад үзүүлэх цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчлалт, байрнуудын инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, лифт/-ний өдөр тутмын ажиллагааг хариуцдаг чиг үүрэгтэй юм билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (26)

Илгээх

Энэ тухай