Монгол, Францын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНХАУ-ын Бээжин хот дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан бүсийн зөвлөх, дэд хурандаа Фрэдэрик Ломмыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал сүүлийн жилүүдэд Монгол, Францын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байгааг цохон тэмдэглээд цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Уулзалтаар талууд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний хамгаалалт, аюулгүй байдлын зөвлөл хоорондын гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах, Франц Улсад Аврах ажиллагааны нисдэг тэрэгний нисгэгч, техникч бэлтгэх, Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчдыг тус улсын мэргэжлийн сургуулиудад сургах, хамтарсан сургалт зохион байгуулах чиглэлээр санал солилцлоо.

Түүнчлэн 2017 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгуулагдаж буй “Гамшгийн үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн сургалт”-ыг илүү өргөн хүрээтэй, илүү үр дүнтэйгээр цаашид уламжлал болгон зохион байгуулах талаар хэлэлцэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай