"Ганц бие бүсгүйчүүд"-ийн түүх үргэлжиллээ

          Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ.Аялал онгон дагшин байгалийг бахадсаар таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнд ирдэг. Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн үгтэй Хадаан бүсгүй, “жаргаадаг” залуу Жав, “юань” Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна. Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан ширүүсэвч зоригтойгоор худал хуурмаг хүмүүсийг илчлэх Ариунсанаа, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй. Тэмцэж олсон хайр хамгийн амттай байдаг. Ийн "Ганц бие эмэгтэйчүүд"-ийн түүр үргэлжиллээ.

  

          Киноны нээлтийн ёслолд "Ганц бие бүсгүйчүүд"-ээс гадна киноны арын албанд ажилласан уран бүтээлчид, олны танил эрхмүүд ч бас иржээ. Танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтын чимээ энэ кинонд  өгөх үзэгчдийн “дүн”-г илтгэж байв.

          Тус кино нь “U film” кино компанийн дөрөв дэх бүтээл юм. “Энэ кино маань ямар болох бол, үзэгчдэд таалагдах болов уу гэж хэдэн өдөр нойргүй хоносон. Уран бүтээлийнхээ ард гарсандаа үнэхээр баяртай байна” гэж жүжигчин, продюсер Г.Ундармаа сэтгэгдлээ хуваалцсан юм. Тус киноны зохиолч, найруулагч А.Миеэгомбо "Single ladies” төсөл хэрэгжиж эхлээд зургаан жил боллоо. Энэ хугацаанд гурван киног амжилттай “өлгийдөж” авлаа” хэмээсэн юм.

          Үдшийн онцлууштай нэгэн үйл явдал нь сайн үйлсийн аян өрнүүлж, хүмүүст аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж явдаг жүжигчин Г.Ундармаа кино зураг авалтад зориулан хийлгэсэн иж бүрэн тавилгатай, таван ханатай гэрийг таван хүүхэдтэй өрх толгойлсон ээжид бэлэглэсэн юм. Мөн Найман нуурын хөвөөнд авахуулсан зураг авалтын үеэр зүүсэн 999-ийн сорьцтой үсний мөнгөн даруулгыг дуудлага худалдаанд оруулав. Дуудлага худалдааны эхлэх үнэ 750 мянган төгрөг байсан бөгөөд даруулгыг гурван сая 500 мянган төгрөгөөр худалдсан.

          Мөн кино зураг авалтын үеэр өмссөн гоёлын даашинз, өмд, цамц, дээл зэргийг дэлгэн тавьсан байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай