ТАНИЛЦ: Барилга, хот байгуулалтын ШИНЭ сайд Х.Баделхан

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 21 минутад 61.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэний дагуу чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 8 гишүүнийг томилсон. Үүнд, Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын; Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын; Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын; Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын; Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын; Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдын; Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжиж баталсан юм.

Нэр дэвшигч Х.Баделхан 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Политехникийн дээд сургууль, 1990 онд Москва хотын удирдлагын академийг тус тус төгссөн. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй.

Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженерээр ажлын гараагаа эхэлж, 1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга, 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-д төрийн байгуулалтын хэлтсийн дарга, 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ийн захирал, 1994-2000 онд Зам, барилгын “Жол” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, 2012-2015 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байв. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Учрал, А.Сүхбат, Ц.Гарамжав, Ж.Батзандан, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан, М.Билэгт нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулав. Нэр дэвшигч Х.Баделхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, улсын хэмжээнд барилгын 7000 орчим компанид 95 мянга гаруй хүн ажилладаг гэсэн тоо баримт бий. Энэ том салбар зогсонги байдалд ороод байгааг хүлээн зөвшөөрч байна. Цаашид концессын асуудалд онцгой анхаарч, шаардлагатай гэж үзвэл барих-ашиглах-шилжүүлэхийг зөвшөөрч болох юм гэсэн байр суурьтай байгаа.

Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээр нийтдээ 4.1 их наяд төгрөгийн зээлээр  92 мянган хүн орон сууцтай болсон, зээлийн эргэн төлөлт 95 хувьтай байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ жилийн хувьд улсын төсвийн 300 тэрбум төгрөг, Монголбанкны санхүүгийн зохих дэмжлэгээр 10 мянга орчим айл орон сууцтай болсон байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлж хөрөнгө оруулалт босгох, зээлийн хүрээг өргөжүүлэх, түүнчлэн ахмадууд, залуучууд, багш, эмч нарыг орон байртай болгоход анхаарна. Мөн хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг бодит ажил хэрэг болгох, барилгын салбарын лиценз, тусгай зөвшөөрлийг цэгцэлж хүнд суртлыг арилгах, гэр хороололд бичил төвүүд байгуулах замаар инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бүрдүүлэх, хотын шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ хэллээ.    

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Б.Энх-Амгалан, Ж.Батзандан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Жавхлан, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Л.Болд, Д.Оюунхорол, Х.Нямбаатар нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд барилга, хот байгуулалтын салбарт юун түрүүнд анхаарч ажиллах асуудлын талаар тодорхой саналууд хэлж, өмнөх сайдын хийсэн ажлыг үргэлжлүүлэн инженерийн мэргэжил, төрийн ажлын туршлагадаа тулгуурлан ажлаа шуурхай эхэлж зоригтой, санаачлагатай, бүтээлчээр ажиллахыг захисан юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 56 нь буюу 87.5 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Х.Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжив.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай