УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв

УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв

УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй хоёр ч компанийг бусдаас нэхэмжилж, хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг нь шалгаж буй тухай бид мэдээлсэн билээ. “Нью даниста рөүд энд констракшн”, “Эрдэнэ зам” гэх хоёр компанийг ямар учраас өөрийн болгож, “Бишрэлт” группийн 26 охин компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг тодорхой хэлэх хүн алга.

“Капитал” банкны барьцаанд “Эрдэнэ зам”-ынхан их хэмжээний өр төлбөртэй, түүнийгээ төлөөгүй тул хураасан хэмээх нэгэн байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нөхөр, тус банкны захирал А.Ариунболд энэ оны наймдугаар сарын 17-нд “Эрдэнэ зам” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах баримт бүрдүүлэн ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандсан аж. Энэ үедээ дутуу, шаардлага хангахгүй баримт бүрдүүлж өгсөн байдаг юм билээ. Үүнд нь тус газрын дарга Р.Содхүү тусалсан, тиймдээ ч шинэ гэрчилгээг түвэггүйхэн гаргуулсан гэх хардлага бий. Тэд нийлэн эрх мэдлээ хэтрүүлж, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ зам” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эздэд нь ч мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авахаар болоод байгаа бололтой.

Ингэхдээ тус компанийн удирдлагын гарын үсгийг ашиглан, хуурамч гэрээ хэлцэл хийж, хуулийн шаардлага хангахгүй баримт материал бүрдүүлсэн гэж “Эрдэнэ зам”-ынхан АТГ-т хандсан аж.

2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн “Эрдэнэ зам” ХХК “Капитал” банкинд их хэмжээний зээлийн өр төлбөртэй хэмээгээд тус компанийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хямд үнээр үнэлэн, өрийн оронд тооцон авахаар болж баримт бүрдүүлсэн гэх. Түүнчлэн тус банкны захирал А.Ариунболд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ оны зургадугаар сарын 30-нд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нэрээр “Эрдэнэ зам” ХХК-иас 8.1 тэрбум төгрөг нэхэмжилжээ.

Дээрх компанийнхнаас энэ талаар тодруулахад “2013-2016 оны хооронд манай компанийн “Капитал” банкин дахь дансыг ашиглан зээл авсан мэтээр хий бичилт хийснээс уг 8.1 тэрбум төгрөгийн өр гэх асуудал гарч ирсэн. Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас энэ талаар лавлагаа авсан. Түүнд “Эрдэнэ зам” ХХК-ийн “Капитал” банкнаас авсан гэх 8.1 тэрбум төгрөгийг төлсөн байхад мөнгө нэхэмжлэн, өргөдөл гаргасан нь тухайн маргааныг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон. “Эрдэнэ зам” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид 2016 оны дөрөвдүгээр сарын 15-наас хууль ёсны дагуу хувьцаа эзэмшиж байгаа. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр, “Капитал” банкны захирал А.Ариунболд нар 2017 оны наймдугаар сарын 17-нд хуурамч гэрчилгээ гаргуулан авсан байна. Энэ асуудлаар 2017 оны есдүгээр сард Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай