Ц.Баярцогт цагдан хоригдсоноо өмгөөлөгчийн буруугаас болсон хэмээжээ

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч руу салаавч гарган, шүлсээ үсчүүлэн дайрч байгаа бичлэг нь цахим орчинд цацагдсан Цэцгээгийн Баярцогтод холбогдох залилан, байгаль орчинд хохирол учруулсан хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 10.00 цагт хэлэлцэхээр товлосон байв.

Гэвч ирэх сарын 9-нийг хүртэл хойшлууллаа. Шалтгаан нь шүүгдэгч Ц.Баярцогт өмгөөлөгчөө солих хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Б.Нацагдорж, С.Нолхоосүрэн нар хүлээн аваад зогсохгүй, батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэнтэй холбоотой. Өмнө нь тус шүүхийнхэн батлан даалтад гаргаад хуулийн дагуу хяналт тавиагүйгээс Чингэлтэй дүүргийн нутагт хүн зодсон, Төв шуудангийн уулзварт цагдаагийн алба хаагч руу дайрч давшилсан үйлдэл гаргасан билээ.

Эндээс дээрх шүүхийнхэнд Ц.Баярцогтыг “уснаас хуурай гаргах” ямар нэг ашиг сонирхол байна гэх хардлага иргэдэд төрүүлж буй юм. Өдгөө Сүхбаатар дүүргийн Прокурорын газрынхан захиргааны зөрчлийн хэргээ шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлэхэд ямар нэг зүйл хүлээх шаардлагагүй болжээ.

Тэрбээр Сэлэнгийн шүүхэд хуяглан хүргүүлсэн өдөр буюу энэ сарын 6-ны хурлын дараа хуучин өмгөөлөгч Энхтөр, төрсөн ах Баярбат нартаа шүүхийн хүлээлгийн танхимд уурсаж, “Та нараас болж би цагдан хоригдлоо, гаргаж авсангүй” хэмээн муудалцсан гэх мэдээлэл ч байна. Тиймдээ ч өмгөөлөгчөө солих хүсэлт гаргасан байх магадлалтай.

Бидний авсан мэдээллээр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрынхан салаавч гаргасных нь дараа Ц.Баярцогттой холбогдсон хурандаа нартаа албаны шалгалт хийж дууссан ч түүнийхээ талаар олон нийтэд мэдээлэхээс ихэд нууцалж буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай