Бүх хүүхдэд олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулсан.

Тэрбээр эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан ОУВС-ийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохирсон зарим арга хэмжээг хэрэгжүүлэх болон төсөв зайлшгүй тодотгол хийх үндэслэл шаардлага гарсан хэмээн онцолсон. Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулахаар ОУВС-ийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохирсон аж. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, байгалийн аюулт үзэгдэл, мал амьтны гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг барагдуулах, орон нутгийн болон улсын төсөвт хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, шүүхийн шийдвэрийн дагуу иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад олгох төлбөрийг барагдуулах зэрэг цаг үеийн тулгамдсан арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүсчээ. Эдгээр нь нэг удаагийн шинжтэй арга хэмжээ байх бөгөөд дараагийн төсвийн жилд зардлын нөлөөлөл үзүүлэхгүй гэж үзэж байгаа ажээ. Мөн давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашиглахаар ОУВС-тай урьдчилан тохиролцсоны дагуу төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн гэж дэд сайд хэллээ.

Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон бөгөөд энэ талаар ОУВС-тай мөн тохирсон гэлээ. Үүнтэй уялдуулан нийгмийн эмзэг ядуу өрхүүдэд олгох хүнс тэжээлийн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна. Өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах шаардлагатай мөн байгааг дэд сайд Х.Булгантуяа онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуусан. Тэрбээр, орон нутгийн сонгууль зарим газарт дахин явагдаж магадгүй байгаа. Дахин сонгууль явуулахад шаардагдах төсөв энэ удаагийн тодотголд суусан уу хэмээн тодруулсан. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас оффшор данстай холбоотой асуудлаар том хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулна гэж мэдэгдэж байсан. Тэр арга хэмжээг зохион байгуулах төсөв байгаа юу гэж лавласан.

Байнгын хорооны дарга Н.Энхболд, Энэ удаагийн төсвийн тодотголын төсөлд Ерөнхийлөгчийн Тамгын газар, СЕХ-ны төсөвт ямар нэг өөрчлөлт орохооргүйгээр тусгагдсан байсан. СЕХ-ноос одоогоор дахин сонгууль явуулах асуудлыг тавиагүй. Хэрэв тийм асуудал яригдвал тухайн үед төсвийг шийдэх болов уу гэж бодож байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөвт мөн ямар нэг өөрчлөлт орохооргүй байгаа. Хэлэлцүүлэг явуулах ажлыг байгаа төсөвтөө багтаан төлөвлөсөн байх хэмээн хариулсан.

2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мөн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан байгууллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай