Л.Одгэрэл: Би олимпт шүүх болзлоо хангасан, харин тэд сонгоно

Л.Одгэрэл: Би олимпт шүүх болзлоо хангасан, харин тэд сонгоно

Монгол Улсын хүндийг өргөлтийн холбооны анхны эмэгтэй шүүгч, дасгалжуулагч, ОУХМ Л.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөөд Улаанбаатар хотод ирж, жүдо бөхийн спортоор жил гаруй хичээллээд л залуучуудын улсын аварга болсон гэдэг.

Гэвч жүдо бөхөөсөө урван хүндийг өргөлтийн спортод “дурлачихжээ”. Энэ спортоор хоёр жил хичээллээд БНХАУ-ын Циньхуандаод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д огцом өргөлтөөр хүрэл, түлхэлттэйгээр мөнгө, нийлбэр өргөлтөөр хүрэл медаль хүртсэнээр Монголын хүндийг өргөлтийн холбооны эмэгтэй тамирчдаас анхны медаль авсан түүхэн амжилтын эзэн болсон юм.

-Та жүдо бөхөөр хичээллээд удаагүй байхдаа улсын аварга болсон. Тууштай явсан бол илүү амжилт гаргах боломжтой байж.

Хүндийг өргөлт рүү яагаад урвачихав?

-Хүндийг өргөлт хэцүү мэт боловч гоо зүйтэй спорт. Түүнийг нь олж харсан хүн энэ спортод дурладаг. Бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил олгодог. Хүнийг өдөр бүр зоригжуулж, тэмүүлэлтэй байлгаж чаддагаараа хүндийг өргөлт их таалагдсан.

Өнөөдөр 20 кг өргөж буй хүн маргааш 21-ийг өргөж, амжилтаа ахиулах эрмэлзэлтэй болдог юм. 19 настайдаа хүчний бэлтгэл хийхээр хүндийг өргөлтийн танхимд орж ирээд л энэ спортод татагдсан даа.

Анх штангийн гол өргөхөд их л хүнд санагдаж билээ. Тухайн үед эмэгтэй тамирчдын өргөдөг гол гэж байгаагүй. С.Хөхөө багш минь надад өдөр бүр урам өгсөөр насанд хүрэгчдийн Азийн АШТ-д орох хэмжээний тамирчин болгосон.

-Хүндийг өргөлтөөр хичээллэхэд биеийн хүчээс гадна техник, арга зүй их чухал байх?

-Техник, биеийн хүч, сэтгэл зүй их чухал. Ухаантай, тооцоотой өөрийгөө удирдаж чадах бэлтгэлтэй байх ёстой. Чадна гэж итгэвэл л өргөнө. Ганцхан хувь эргэлзвэл өргөж чаддаггүй. Сэтгэл зүйгээс ингэж л хамаардаг спорт.

-Тамирчнаас дасгалжуулагч, шүүгч болсон түүх тань сонирхол татаж байна. Олон улсын I зэргийн шүүгч болох нь таны зорилго байв уу?

-Анх тамирчин болохдоо шүүгч болно гэж огт бодож байгаагүй ээ. Хүндийг өргөлтийн спорт надад таалагдсан учраас л хичээллэсэн. Тухайн үед манай клубт дасгалжуулагч хэрэгтэй байлаа.

Ингээд 2004 онд БНХАУ-ын Бээжингийн Биеийн тамирын их сургуульд хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр сурч, төгссөн. Ирээд Биеийн тамир, спортын дунд сургуульд багшаар ажиллаж байхад 2012 онд Хүндийг өргөлтийн холбооныхон маань Улаанбаатарт болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тэр үед шалгалт өгч олон улсын хэмжээний II зэргийн шүүгчийн эрх авсан. Залуу тамирчдаа тэмцээнд оролцуулахаас гадна өөрсдөөр нь шүүлгэдэг байсан нь надад дадлага, туршлага болсон гэж боддог. 2012-2015 он хүртэл Ази тивийн долоон тэмцээнд шүүгчээр ажиллажээ.

2005 онд АНУ-ын Хьюстон хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалт өгөөд, I зэргийн эрх авч, ДАШТ шүүх эрхтэй болсон.

-Та төрсөн нутагтаа хүндийг өргөлтийн клуб нээсэн гэл үү?

-2015 онд Сүхбаатар аймагт хүндийг өргөлтийн спортыг хөгжүүлье гэсэн зорилго тавьж, орон нутгийн удирдлага, Биеийн тамир спортын газрынхантай уулзаж клуб нээлээ. Тэр жилдээ Бүх ард түмний спартакиадыг аймагтаа зохион байгуулсан.

Орон нутгийн удирдлагын дэмжлэггүйгээр энэ спорт хөгжихгүй. Байр талбай, тоног төхөөрөмж гээд чамгүй хөрөнгө мөнгө шаарддаг спорт. Олон хүний дэмжлэгээр клуб нээсний үр дүнд өсвөрийн хэдэн сайн тамирчин төрлөө.

Тэдний зарим нь Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын дунд сургуульд сурч, шигшээ багийн зааланд бэлтгэл хийж байна. Олон улсын тэмцээн шүүхэд минь тусалж дэмждэг Сүхбаатар аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох болон хамт олон, тус аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, одоогийн удирдлага З.Энхтөр нарт талархлаа илэрхийлье.

Олон улсын тэмцээн шүүхэд хувиасаа зардал гаргадаг учраас орон нутгийн болон Хүндийг өргөлтийн холбоо, Олимпын хороо, Монголын мастер холбооныхны тусламж дэмжлэг их байдаг. Олон улсын тэмцээн шүүнэ гэдэг тухайн улсын нэр хүндийн баталгаа болдог юм шүү дээ.

-Олон улсын шүүгч болоход ямар болзол хангадаг юм бол?

-Манай холбоонд олон улсын 20 гаруй шүүгч бий. Олимпын мөчлөг тохирсон үед шинэ дүрэм гардаг. Тэр дүрмүүдийг мэддэг, улсынхаа АШТ-ийг шүүсэн байх ёстой.

Олон улсын II зэргийн шүүгч болохын тулд тестээр шалгалт өгч, Олон улсын хүндийг өргөлтийн холбоонд хүсэлт гарган, шалгалтдаа тэнцвэл эрхээ авдаг.

Азийн АШТ-ийг 2-3 жил шүүсэн шүүгч олон улсын I зэргийн шалгалт өгч болно. Ийм шүүгч л ДАШТ болон олимпын наадам шүүх эрхтэй.

-Тэгэхээр та олимпын наадам шүүх эрх авсан гэсэн үг үү?

-Эрх аваагүй ч шүүгчдийн багт ажиллах боломжтой. Олимп болох жилд шүүх эрх олгодог. Олон улсын нэг тэмцээнд 35 шүүгч ажиллуулдаг юм. Азийн хүндийг өргөлтийн холбоонд бүртгэлтэй 400 гаруй шүүгчээс зөвхөн 35-ыг л сонгон ажиллуулна гэсэн үг.

-Хаанаас, ямар шалгуураар шүүгчдийг сонгодог юм бэ?

-Азийн АШТ-д ямар улсын хэн гэдэг шүүгч ажиллуулахаа Азийн хүндийг өргөлтийн техникийн хорооноос сонгон шалгаруулдаг. Харин ДАШТ-ийг Олон улсын хүндийг өргөлтийн холбооны техникийн хорооныхон шалгаруулна.

Дэлхийн 200 гаруй улсын шүүгчээс зөвхөн 35-ыг сонгон ажиллуулах дүрэмтэй. Олимп ч ялгаагүй. Олимп болох жилээ 35 шүүгч л ажиллана. Олон улсын I зэргийн шүүгч олимпоос өмнө 2-3 удаа ДАШТ шүүсэн байх дүрэмтэй.

-Олимпын наадам шүүх зорилго танд бий байх. Энэ болзлоо хангаж байна уу?

-Миний төдийгүй манай холбооны зорилго олимпын шүүгчтэй болох. 2018 оны Аргентины Буэнос-Айрест залуучуудын олимп, 2020 оны Токиод зуны олимпын наадам шүүх зорилго тавин идэвхтэй ажиллаж байна.

2015 оноос хойш ДАШТ-ийг дөрвөн удаа шүүсэн учраас олимп шүүх болзлоо хангасан гэсэн үг. Харин хэнээр шүүлгэхээ Олон улсын хүндийг өргөлтийн холбоо шийднэ.

Мөн Ази болон Олон улсын хүндийг өргөлтийн холбоонд ямар нэгэн гишүүнчлэлтэй, техникийн хороонд суудалтай, олимпын медальтантай болохын төлөө Хүндийг өргөлтийн холбооноос бодлого хэрэгжүүлж байгаа.

-Олон улсын тэмцээн шүүхэд тохиолдсон хөгжилтэй болон бэрхшээлтэй явдлаасаа сонирхуулахгүй юу?

-2013 оны Зүүн Азийн наадмыг анх шүүсэн юм. Тэр тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Баярмаа маань оролцож, мөнгөн медаль хүртсэн. Гавьяатын жинд миний шүүлт таарч, дэвжээнд гараад ирэхэд нь алга хөлөрсөн. Тэр медаль Монгол Улсад маш үнэтэй байлаа.

Өргөчихөөсэй гэж дотроо залбирч, сэтгэл догдолж байв. Мөн М.Анхцэцэгийг ДАШТ-д ороход би өөдөөс нь хараад шүүж суусан. М.Анхцэцэг маань дэлхийн хэмжээний тамирчин болсон учраас илүү их амжилт хүсэж, шүүхдээ хүртэл сэтгэл тайвширсан даа. Ямар ч алдаа гаргахгүй өргөдөг тамирчин шүү дээ.

Хөгжилтэй түүх гэвэл 2016 онд Ираны Тегеранд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр уригдсан юм. Исламын шашинтай улс учраас онгоцноос буугаад толгойдоо алчуур зүүж, тэмцээнд очтол ганцаараа эмэгтэй байв. Өөр улсаас ганц ч эмэгтэй шүүгч ирээгүй.

Тэмцээн болсон газарт нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө байгаагүй гээд бод доо. Тэнд эмэгтэй хүн ордоггүй байж. Дүрмийн дагуу эмэгтэй шүүгч байх ёстой гэж үзээд намайг урьсан юм билээ. Ингээд зохион байгуулах хорооныхон надад зориулж тусгайлан ариун цэврийн өргөө гаргаж өгсөн. Тэр тэмцээнийг шүүснээрээ олон улсад шүүгч хүн ямар байх ёстойг харуулж, өөрийгөө таниулах боломж гарсан.

Тэр тэмцээнд юм бодолгүй очсоноор монгол хүн шашин шүтлэгээс үл хамаарч, хаана ч ажиллах боломжтойг харуулахаас гадна, дараа, дараагийн тэмцээнийг шүүхэд амжилттай сонгогдож чадсан.

Мөн Малайзад болсон өсвөрийн ДАШТ-ий 85 кг-ын жинд дэвжээний голын шүүгчээр ажилласан юм. Оманы тамирчин туйвангаа өргөтөл трико нь урагдаж, дотуур хувцас нь гараад ирэв. Ганцаараа эмэгтэй, ядаж байхад яг өөдөөс хараад сууж байлаа. Суудлаасаа босоод явах юм уу, нүүрний янз бүрийн хувирал гаргаж болохгүй.

Шүүгч хүнд тухайн байдалд нь санаа зовсон, өөрийг нь шоолсон царай гаргах эрх байхгүй. Тиймээс төв царай гаргаад, тамирчинд сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүйг хичээсэн. Тэр тамирчин зургаан оролт хийж, хүрэл медаль хүртсэн. Дараа нь над руу хараад инээгээд гараа даллаж билээ.

Энэ жил болсон залуучуудын Азийн АШТ-ий үеэр нөгөө тамирчин “Миний трико асуудалгүй байгаа шүү” гээд инээмсэглэж байсан. Тэр тэмцээнийг шүүсний дараа шүүгч нарын хурлаар өнөөх асуудлыг авч хэлэлцсэн.

Эрэгтэй тамирчдын тэмцээний үеэр эмэгтэй хүнийг дэвжээний голын шүүгчээр ажиллуулах нь зөв үү, өөрчлөх үү гэсэн санал гаргасан юм. Гэхдээ “Бид олон улсын хэмжээний шүүгч. Сэтгэлийн тэнцвэрийг хадгалснаар шилдгээ харуулах ёстой. Үүнд жендерийн ялгаа гаргаж болохгүй” гэж үзээд хэвээр үлдээсэн.

-Бокс бол шүүгчээс шууд хамааралтай спорт. Харин хүндийг өргөлтөд шүүгчийн нөлөө хэр байдаг вэ?

-Шүүлтийн хувьд харьцангуй цэвэр, ил тод, шударга спорт. Өөрийн талын шүүгч ажиллахаар тамирчин нь сайн байна гэж ярих өрөөсгөл.

Дэлхийн хамгийн шилдэг генүүд өрсөлддөг. Нүдэн дээр туйвангаа алдчихсан хүнийг тооцсон гэж үзэж болохгүй шүү дээ.

-Шилдгүүдийн өрсөлдөөний арга техникийг хараад шавь нартаа заагаад өгчих юм сан гэж бодно биз?

-Тэгэлгүй яах вэ. Гадаадын тэмцээн уралдааныг шүүж байж тамирчдын сэтгэл зүй болон өөрсдийгөө дэлхийн хаана явааг тунгаан бодож, туршлагаждаг учраас ирээд тамирчдадаа зааж өгдөг.

-Таны гэр бүлийнхэн бүгд спорттой холбогдсон юм билээ. Тэднийгээ танилцуулахгүй юу?

-Миний аав Г.Лхагвасүрэн шагайн харваагаар хичээллэдэг, Монгол Улсын харьшгүй мэргэн цолтой. Аав, ээж минь хоёулаа волейбол тоглодог байсан нь бид спортод татагдахад нөлөөлсөн.

Ээж минь одоо хүртэл волейбол тоглоод явж байна. Ах минь аймгийн начин Ганбаатар гэж сайхан хүн бий. Хоёр дүү минь Сүхбаатар аймгийнхаа сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Эмэгтэй дүү Одсайхан үндэсний сур харваагаар хичээллэдэг, аймгийн мэргэн, спортын мастер цолтой.

Отгон дүү Ганхуяг минь сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Нөхөр минь бас спортын хүн. Олон улсын таэквондогийн хар бүстэй, тавдугаар дантай.

-Ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ ар гэртээ сайн ээж, эхнэр байна гэдэг амаргүй. Та гэр бүлдээ хэр цаг гаргадаг вэ?

-Ирэх сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 5-нд АНУ-ын Анахейм хотод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д шүүгчээр ажиллахаар болоод байна. Энэ мэт тэмцээнтэй үед ар талыг миний аав, ээж, нөхөр, ханийн минь ээж бүрэн хариуцдаг.

Олон улсын тэмцээнд явахдаа долоо хоногийн хоол хүнсээ бэлтгэн, махаа хэрчиж үлдээгээд явдаг юм. Миний ажлыг гэр бүлийнхэн минь ойлгож, дэмждэг учраас ар гэртээ санаа зовдоггүй.

12 настай охин минь ээжийгээ байхгүйд ажлын ихэнхийг нугална шүү дээ. Монгол дахь тэмцээн амралтын өдөр болдог учраас ихэнхдээ гэртээ байж чаддаггүй. Гэхдээ гэр бүлээрээ салхинд гарч, үзвэр үзэхийг хойш тавихгүй шүү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай