“Эрчим хүчний хөгжлийн төв”-ийнхөн мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдов

- Эрчим хүчний салбар мөнгө завшигчдыг өөгшүүлж байна –

Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө иргэдийн олонх нь сар бүр төлж хэвшсэн. Фэйсбүүкт нэгэн хүн “Цахилгааны хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр, цахилгаан эрчим хүчний суурь үнэ, НӨАТ, үйлчилгээний НӨАТ гэх зэргээр мөнгө хурааж байна. Энэ мөнгө хаашаа ордог вэ. Зөвхөн иргэдийн гар утсанд мессеж мэдээлэл хүргээд сард 31.5 сая төгрөг олж байгаа нь хэний бизнес вэ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байв.

Тэрбээр 900 000 хэрэглэгчтэй гэж бодож, нийт 58 тэрбум гаруй төгрөг олдгоос 36 тэрбум нь хувийн хэвшилд очдог гэж тооцоолоод байгаа юм.

АТГ-ынхан Эрчим хүчний яам, харьяа агентлагуудад хийсэн шалгалтаар тус салбарт төрийн өмчит 22 компани, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байжээ. Гэвч тэдний чиг үүрэг давхцдаг бөгөөд зарим нь санхүүгийн чадваргүй, ажилчдынхаа цалинг ч тавих боломжгүй байгаа нь тодорхой болжээ.

Тухайлбал, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв“ өөрийн үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадахгүй, алдагдалтай ажиллаж байж. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр хаашаа ордог байх вэ. Хэн нэгэн албан тушаалтны халаасанд ороод байгаа юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна.

Гэтэл дээрх яамны харьяа төрийн өмчит зарим үйлдвэрийн газар, ХК-ийн удирдлага болон эрх бүхий албан тушаалтнууд нь үндсэн цалин нь өндөр байхын зэрэгцээ сар бүр өөрсдөдөө үндсэн цалингийн 10-50 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгож байж. Үүний тод жишээ нь “Эрчим хүчний хөгжлийн төв” гэх байгууллага. Тус ТӨҮГ-ын захирлын 2016 оны Б/129 дугаар тушаалаар ажилтан, албан хаагчдын үндсэн цалингийн жишгийг шинэчлэн тогтоож, 2017 оны Б/28 дугаар тушаалаар “Эрчим хүчний хөгжлийн төвийн ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журам”-ыг баталсан гэнэ.

Уг журмын дагуу дээрх хэмжээний урамшуулал олгож байв. 2015-2017 оны хооронд нийтдээ 597.4 сая орчим төгрөг урамшуулалд зарцуулсан байгаа юм. Энэ төвийн захирал нь л гэхэд 2.4 сая төгрөгийн цалинтай, үүн дээрээ нэмээд сар бүр урамшуулал авч байж. Энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй шийдвэрт үндэслэн АТГ-ынхан хэд хэдэн хүнийг шалгаж байгаагийн дотор дээрх төвийн захирлаар ажиллаж байсан Я.Пүрэвжав буй.

2010-2015 онд эл төвийн захирлаар ажиллаж байхдаа Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Түвшинтөгс нартай хамтран албан тушаалаа урвуулж 946.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй юм.

Ганц дээрх байгууллага ч бус ЭХЯ-нд харьяалагддаг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан ч сар бүр үндсэн цалингийн 30-50 хувь хүртэл хэмжээгээр урамшуулал олгож, 2016 онд л гэхэд 1.9 тэрбум, энэ оны эхний улиралд 450 сая төгрөг зарцуулсан байна.

Үүнээс гадна Эрчим хүчний салбарыг удирдаж байсан сайд нар нь ч эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт татагдаад буй. Хамгийн сүүлд гэхэд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилийн гэр, “Залуу монгол” корпорацынх нь байранд нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн. Хөгжлийн банктай холбоотой хэрэгт түүнийг байцааж буй юм. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпороц” компанитай түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахдаа анхны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж улсын төсөвт хохирол учруулсан гэж сайд асан М.Сономпилийг сэжиглэсэн аж.

Мөн Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийг “ДЦС-III” ХК-д турбин шинээр суурилуулах ажлын гэрээ хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа тендерт шалгарсан БНХАУ-ын “Hunan in­dustrial equipment installation” компанийн эрх бүхий албан тушаалтнаас 500 000 ам.долларын хахууль өөрийн үүсгэн байгуулсан компаниар дамжуулж авсан хэрэгт нэлээд удаан хугацааны турш шалгуулж буй билээ.

АТГ-ын ажлын хэсгийнхэн тус салбарт хийсэн шалгалтынхаа дүнг ЭХЯ-ны удирдлагаар хэлэлцүүлэхдээ “Эрчим хүчний салбарын төрийн өмчит зарим компанийн ажилчин, албан хаагчдын цалин, урамшуулал, нийгмийн асуудал, нөхцөл байдал харьцангуй сайн гэж үзэхээр байна.

Компанийн удирдлага нь улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой ихээхэн хэмжээний мөнгөн хөрөнгийг урамшуулал нэрийн доор хавтгайруулан олгодог нь санхүүгийн хүндрэлтэй үед хэт үрэлгэн, үр ашиггүй зарцуулалт. Тус салбарын төсөв, санхүү, худалдан авах ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахгүй бол төсвийн хөрөнгөнд хэт үрэлгэн хандаж болзошгүй” гэж дүгнэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай