Хариуцлагатай аяллыг олон нийтэд сурталчлах аян

ЖЕНИФЕР ЗИМДАЛ ГАЛТ


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувиар миний бие хоёр талт болон олон талт харилцааны нарийн түвэгтэй асуудлуудтай нүүр тулж байдаг. Тэдгээрийн дотор бусдаасаа ямагт илүү чанга сонсогдож байдаг нэг зүйл нь АНУ болон бусад “гуравдагч хөршүүд” рүүгээ аялах асуудлыг илүү хөнгөвчлөх гэсэн монголчуудын хүсэл юм. Тэд манай улсад сэтгэл татагдаж байдгийг харахад надад таатай байдаг бөгөөд АНУ-д аялсан монголчууд болон Монголд ирсэн америкчуудын эерэг сэтгэгдлийг сонсохдоо би үргэлж дуртай байдаг юм. Тийм болохоор манай хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх замаар аль алинд маань ашиг тусаа өгдөг, хууль ёсны аяллыг хөнгөвчлөх талаар манай Элчин сайдын яам хүлээсэн үүрэгтээ тууштай ханддаг.

Түүнчлэн манай хоёр орны эдийн засаг, ялангуяа худалдааны харилцааг өргөжүүлэх тал дээр би онцгой анхаарал хандуулсаар ирлээ. АНУ-ын бараа бүтээгдэхүүн, технологийг Монголд авчрах, Монголын бараа бүтээгдэхүүнийг АНУ руу гаргах зорилготой худалдааны түншлэлүүд нь иргэд хоорондын харилцаанаас ихээхэн хамаардаг билээ. АНУ-д хууль журмын дагуу аялах нь ийм хэлхээ холбоо тогтооход чухал ач холбогдолтой.

Энэ аяллыг хөнгөвчлөх талаар Монгол Улсын Засгийн газраас тавьж буй хүчин чармайлтаар монголчууд бахархах ёстой ч үүнийг шийдвэрлэхэд хамтын хүч шаардагддаг. Олон монгол хүн визийн болон суралцах хөтөлбөрийнхөө хугацааг хэтрүүлж, аяллын зорилгоо буруу мэдүүлэн, АНУ-д байх хугацаандаа зөвшөөрөлгүй ажил эрхэлж буй гэсэн баримт байсаар байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр 2016 онд жуулчлал болон бизнесийн зорилгоор аялсан монголчуудын бараг найман хувь нь зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлcэн, оюутан, сурагчдын 20 хувь нь хөтөлбөр дууссан хэдий ч тэндээ үлдсэн гэнэ. Мөн аялж байгаа монголчуудын гуравны нэг хувь нь визийн ангиллынх нь дагуу зөвшөөрөгддөггүй үйл ажиллагаа явуулах буюу ажил эрхэлдэг гэсэн баримт байна. Үүний уршгаар монголчуудын хувьд АНУ-ын виз авах асуудал улам бүр хүндрэлтэй болж буй юм.

Манай Элчин сайдын яамны хамт олон болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны нөхөд маань үүнд санаа тавьж, зарим зүйлийг хийж байгааг дурдахад таатай байна. Энэ долоо хоногт цацагдаж эхлэх, олон нийтэд хандсан богино хэмжээний хоёр видео сурталчилгаа нь монголчуудыг хариуцлагатай аялалд уриална гэдэгт бид итгэж байгаа. Америкт суралцах хөтөлбөрөө дуусгаад, хариуцлагатайгаар буцаж ирсэн жирийн монгол иргэдийн тухай түүгээр өгүүлэх бөгөөд тэд одоо эх орондоо хувь нэмрээ бүрэн дүүрэн оруулж байна. Та бүхэн телевиз, цахим хуудас, нийгмийн сүлжээгээр эдгээр сурталчилгааг олж үзээрэй. Мөн хариуцлагатай аялсан тухайгаа бусад хүмүүст харуулаарай. Учир нь хариуцлагатай аялдаг, бусдад зөв үлгэр дуурайл үзүүлдэг хүмүүс илүү олон байх нь Монголд тустай.

Манай Элчин сайдын яамны хамт олон болон миний бие Америк, Монголын харилцааг олон салбар чиглэлээр гүнзгийрүүлэхээр ажиллаж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 жилийн дотор бидний хоёр талт харилцаа хамгийн бат бөх болон төлөвшиж байгааг хэлэхэд бахархалтай байна. Бид хариуцлагатай аяллыг сурталчлах энэхүү шинэ аянаар, ялангуяа олон нийтийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх замаар иргэд хоорондын харилцаагаа улам сайжруулах зорилго тавьж байгаа юм.

Нэг хүний биеэ авч явах байдлаас илүү, өргөн хүрээний үр дагавар гарч, хувь хүний үйлдэл нийтэд нөлөөлөх үр дүнд хүргэдэг гэдгийг хүмүүс ойлгоосой гэж бид хүсэж байна. Виз бол итгэлцлийн баримт бичиг, АНУ-ын виз аваад хилийн чанадад аялж яваа монгол хүн бол Монголын элч төлөөлөгч болж байдаг. Тийм болохоор хариуцлагатай аялна гэдэг нь зөвхөн АНУ болон бусад гадаад улс орны хуулийг мөрдөхдөө биш, харин аялж яваа монголчуудад гадаадынхны итгэх итгэлийг нэмэгдүүлэх явдал юм.

АНУ-д аялахын ашиг тус нь иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн, худалдаа арилжаа, боловсрол, технологи, соёлын солилцоо, улмаар эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжихэд оршдог. Монгол хүн бүр хариуцлагатай аялбал эх орон нэгтнүүд тань илүү олноороо ашиг тусыг нь хүртэх боломж бүрдэнэ.

Энэ чиглэлээр хийх ажил их байгаа ч АНУ-д аялах асуудлыг хөнгөвчлөх нь хүрч болохуйц зорилт юм. Хамтдаа энэ аялалд гарцгаая. Надтай нэгдээрэй!

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай