Түүхээ “баллуурдчихаад” ирээдүйдээ юу гэж хэлэх вэ

Түүхийг үгүй хийдэг зүйл юу гээч. Түүнийг илтгэх зүйлийг урьд өмнө огт байгаагүй мэт ор мөргүй алга болгох л юм байна. Нурж унах шахсан, навсайсан нэг давхар модон байшингууд нийслэлийн хаа нэгтээ байдаг л байсан, нэг л мэдэхэд суурин дээр нь шил толь болсон гоё байшин сүндэрлэчихсэн л байдаг, он цагийн уртад тэгсхийгээд мартагддаг, үүнтэй ч бид эвлэрээд сурчихаж.

Тэр байшинд чухам ямар түүхэн үйл явдал болсон, хэн гээч эрхэм амьдарч асан, ямар учраас үнэ цэнэтэй гэж нандигнаж, үр хүүхдээсээ дутахгүй хайрлах ёстойг ойлгодог, ухаардаг хүн ялангуяа, төр засгийн удирдлагад хэд байгаа бол...

ЭЗЭН НЬ ЮМАА МЭДДЭГ ГЭВ ҮҮ

Ойрхны жишээ авахад, “Хангарьд” ордны хойд талд байгаа, Ерөнхий сайд Ц.Жигжиджавын амьдарч байсан байшинг дурдаж болно. Таны харж байгаачлан олон давхар, орчин үеийн байшин босгох гэж байгаа бололтой, дээр нь карказ зангидаад нэлээд удаж байна. Ийм бүдүүн зүрхтэй нөхөр хэн бэ гэж сошиалаар энэ тухай мэдээлэл газар авч, сэтгүүлчийн хувиар буруутныг хайх эрэлд мордов оо.

Гэтэл түүхэн энэ байшин нь хувь хүний эзэмшилд очоод хэдэн жил болж байгаа төдийгүй улс болон нийслэл, дүүргийн хамгаалалтад аль алинд нь багтаагүй үлдсэн бараг л цорын ганц дурсгал аж.

Бусдыг нь их, бага хэмжээгээр хамгаалалтад авчээ. Тиймээс л өмчийн эзэн хотын төвийн А зэрэглэлийн ашигтай байрлалд байгаа эл өмчөө нураачихаж арай зүрхлэлгүй, дээр нь барилга барих ухаалаг арга сүвэгчилсэн бололтой. Харин ч нураачихаагүй нь яамай гэж олзуурхан алга таших ёстой болж байх шиг.

Гэхдээ хувийн эзэмшилд шилжсэн ч, улс, нийслэлийн хамгаалалтад аваагүй байлаа ч Соёлын өвийн тухай хуулиар бол өмчийн хэлбэрээс үл хамааран түүхэн дурсгалт барилга, байшингийн хадгалалт, хамгаалалтад харьяа дүүргийнх нь Засаг дарга, ИТХ хяналт тавих ёстой гэнэ. Тэр ч байтугай тухайн өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулдаг юм байна. НМХГ-ын Соёлын хяналтын улсын байцаагч Ч.Дариймаа “2008, 2013 онд нийслэл дэх бүх түүхэн дурсгалт барилга, байгууламжийн ойр орчмынх нь 50-100 метр талбайг оролцуулаад кадастрын зургийг нь хийлгэсэн юм.

Тэр үед Ерөнхий сайд Жигжиджавын байшин ч багтсан. Гэтэл энэ байшингийн кадастрын зургийг Газрын мэдээллийн санд оруулаагүй. Соёлын өв гэдэг утгаараа хэрэв тэнд барилга барих гэж байгаа бол заавал зөвшөөрөл авах ёстой. Тэр байшингийн эзэмшигч нь хувь хүн. Ерөнхий сайд Жигжиджав гэдэг хүн тэнд амьдарч байсан, түүхэн дурсгалт, соёлын өв мөн. Анхнаасаа түүхэн дурсгал байгаа газарт барилга барих зөвшөөрлийг нийслэлээс өгсөн нь буруу юм.

Тиймээс бид харьяаллынх нь дагуу Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран ажлын хэсэг гаргаж, ирэх даваа гаригт газар дээр нь очиж үзнэ. “Энэ зураг төслөө дахин хянаач ээ. Түүхэн дурсгалт барилга, байшин устах, гэмтэх аюулд учраад байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү” гэж нийслэлийн удирдлагуудад албан бичиг хүргүүлнэ” гэв.

НУРААНА, ЭСВЭЛ ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГ

Хувь заяа нь бүрхэг, хэд хэдэн түүхэн дурсгалт барилга нийслэлд бий. Гоожингийн өндөр гэж олны нэрлэж заншсан хоёр давхар, нурах шахсан барилга Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байдаг. Цагтаа хүрээний хамгийн өндөр барилгад тооцогдож асан энэ байшинд Богд хааныг гамин цэргүүд хоёр сар шахам хорьж байсан гэлцдэг.

Сангийн яам, Оросын цэргийн сургагч нарын байр, шорон, Жанжин Д.Сүхбаатарын контор, Ю.Цэдэнбалын гэр, оюутны байр гээд олон зориулалтаар ашиглаж байсан түүхтэй. Уг барилга 2006 онд хувь хүний эзэмшлийнх болжээ. Өдгөө өмчийн эзэн үүнийг нурааж, оронд нь өөр барилга барина гэж зүтгэдэг, нийслэл болон холбогдох газрууд нураалгахгүй гэж гүрийдэг гэнэ. “Нураалгахгүй юм бол та нар тэрбум төгрөг өг” гэж өнөөх нөхөр шаарддаг юм байх.

Ийм мөнгө тоолоод өгөх бэл нийслэл, улсын төсөвт байхгүйг албаны хүн учирлав. Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн наана байдаг анхны европ загварын хоёр давхар байшин аль эрт хувь хүнд шилжиж, өдгөө зочид буудал болж хувирсан.

Мөн Бөхийн өргөөний баруун талд байдаг Холбооны анхны байр бялуу, нарийн боовны “Батбайгаль” компанийн нэг салбар ресторан болчихсон байна. Чин ван Ханддоржийн өргөө Гадаад харилцааны яамны мэдэлд байдаг ч зориулалт бусаар ашиглаж, мөн л ресторан болсон байх жишээтэй. Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүх, соёлын дурсгал гэж тооцогдох 22 объект бий. 11 нь улс, тав нь нийслэл, гурав нь дүүргийн хамгаалалтад байдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2013 онд шинэчлэгдсэн. Энэ хуулиар түүхэн дурсгалт соёлын өвийг тухайн дүүргийн Засаг дарга хариуцна гэсэн заалт орсноос бус, яаж хариуцах, хэн үүнд хяналт тавих нь тодорхойгүй. Тэр хуульд зааснаар тухайн барилга, байшинг дураараа нурааж болохгүй. Заавал БСШУСЯ-наас зөвшөөрөл авч, нураах тохиолдолд яг анх байснаар нь сэргээн засварлах ёстой” гэв.

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн “Өнгөрсөн хугацаанд соёлын цөөнгүй дурсгал, барилга байшин хувь хүний өмчид шилжсэн. Нийслэлийн нутагт байгаа үл хөдлөх дурсгалыг өмчилж, эзэмшиж байгаа хүмүүс асар их мөнгө нэхдэг. Тэр нь улс, нийслэлийн төсөв даахааргүй их мөнгө. Нэг бол буулгаж барилга барина, засуулахгүй гэдэг. Хувийн ашиг сонирхлыг нэн түрүүнд нь тавиад, төр, иргэн хоёрын дунд зөрчил үүсэж байна. Төр хувь хүний өмчийг хүчээр шийдэж болохгүй.

Хувь хүн нь нөгөө байшингаа буулгаад өөрийн зорилгод ашиглах бололцоогүй. Хэрэв буулгаж нураавал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Зөрчил үүссэнээс болоод шийдлийг нь олоход түвэгтэй болчихоод байгаа юм. Төр мэдээж хамгаалах бодлогоо юуны түрүүнд тавина. Жил бүрийн улсын төсөвт түүхэн дурсгалт байшин, барилга, соёлын өвийг сэргээн засварлах, хамгаалах чиглэлээр тодорхой хэмжээний зардал тусгадаг. Гэхдээ хуваарилж байгаа зардал нь асар бага. Хийгдэхээр төлөвлөж байгаа ажил маш их” гэв.

БУСДЫГ НЬ Ч ҮГҮЙ ХИЙХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА

Өнгөрсөн хугацаанд бид ямар ямар чухал дурсгалуудаа алдсан бэ. Монголын хамгийн анхны чулуун тоосгон барилгатай дөрөвдүгээр сургуулийг нураагаад суурин дээр нь Багшийн хөгжлийн ордон барьчихаад буй. Одоогийн НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар байрлаж буй хэсэгт гадаадын Элчин сайдын яаманд зориулсан анхны иж бүрэн цогцолбор барилга байсныг мөн л үгүй хийсэн билээ.

Гадаад харилцааны яамны зүүн талд Хүүхдийн номын сан нэртэй архитектурын дурсгал байсныг газартай тэгшилсэн. Аль ч улсын нийслэлд хотын хаалга байдаг. Нисэхийн болон Комбинатын цагаан хаалга нэртэй хоёр ч дурсгал байсныг ад үзсээр байгаад буулгасныг уншигчид санаж буй нь лавтай. Шалтгаан нь ердөө л хэн нэгэн эрх мэдэлтэн газарт нь шунаснаас болж гэж тайлбарлавал үнэнд илүү ойртоно. Тэгвэл Байгалийн түүхийн музейн барилгыг нураахаар хэдийнэ шийдвэр нь гарч, үйл ажиллагааг нь зогсоочихоод буй.

Үндэсний номын сан, зарим нэг театрын барилгын талаар яригдаж байгаа ч дээрх шиг хараахан эцсийн шийдвэр гараагүй. Байгалийн түүхийн музейн барилгын талаар НМХГ-ын Соёлын хяналтын улсын байцаагч Ч.Дариймаа “Байгалийн түүхийн музейн барилгад өмнө нь Хөдөө аж ахуйн дээд сургууль байрлаж байсан түүхтэй. Шинээр барилга барина ёстой. Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж мэдэхээр, нурах өндөр магадлалтай, мөн үзмэр хадгалах шаардлага хангахгүй учраас үйл ажиллагааг нь зогсоосон. Бид эрсдэлээс урьдчилан сэргийлж хяналтаа тавьсан” гэв.

2015 онд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого хийж, нийслэлд байгаа бүх хөшөө дурсгал, байшин барилгыг нэг бүрчлэн бүртгэсэн аж. Түүний үр дүнд хэд хэдэн барилгыг соёлын өвд бүртгэх санал гаргасны дотор МУИС, ДБЭТ, УДЭТ, Хөрөнгийн бирж, ГХЯ, Баянзүрх дүүргийн эмнэлгийн өмнө байрлах, өдгөө “Монг-Эм” эмнэлгийн барилга зэрэг 60 орчим объектын жагсаалт гаргажээ. Нийслэлийн Соёл урлагийн газраас энэ жагсаалтыг бэлдчихээд, Засгийн газрын тогтоол хүлээсээр өнөөдрийг хүрч байна. Уг нь тогтоол батлагдчихвал тухайн барилгыг улс, нийслэлийн хамгаалалтад авна.

УСГАХ БУС, СЭРГЭЭХ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Улс орны хөгжлийг тоосго, чулуугаар бичиж үлдээсэн түүхийг архитектурын дурсгал гэлцдэг. Түүх хүүрнэж, нийслэлийн эрт, эдүгээгийн дурсамж дурдатгалыг агуулж, басхүү өнгө үзэмжийг илтгэсэн барилга, байгууламжуудаа бид юуны учир хайхрахгүй байна вэ. Дэлхийн соёлт түмэн түүхэн дурсгалт, үл хөдлөх соёлын өвөө хадгалж, хайрладаг, сэргээдэг, түүгээрээ гайхуулдаг, жуулчдыг соронз адил татдагийг гадаад руу байнга зорчдог манай дарга нар уг нь гайгүй сайн мэдмээр сэн.

Өндөр хөгжилтэй улс гүрнүүд түүхийн нугачаанд дайн байлдаан, байгалийн гамшигт өртсөн дурсгалт барилга, байгууламжуудаа анх ямар байсан, яг тэр хэвээр нь сэргээн засварлаж, дахин барьж босгож байхад бид “Нураагаад оронд нь” гэж улайран дайрдаг мөнгөтэй хүмүүсийг дур зоргоороо аашлахыг өөгшүүлсээр байх уу. Ядаж хойд хөршөөсөө суралцаж яагаад болохгүй гэж. Москва хотын хуучнаар Горькийн гудамжийг 17 метр өргөсгөсөн бөгөөд тэнд байсан байшингуудыг гудамжаар нь нүүлгэн шилжүүлсэн билээ. Энэ бол нураагаад огт байхгүй болгочихсон хэрэг биш, үнэ цэнэтэй учраас хадгалж хамгаалан авч үлдэх арга юм.

Мөн тус гудамжинд “Националь” нэртэй таван давхар байшингийн хажууд 20 хэдэн давхар зочид буудал барьсныг иргэд нь шүүмжилсээр байгаад нураалгаж, хуучин хэвэнд нь оруулсан. Улаан талбайн цаахна талд Европтоо хамгийн томд тооцогдох 5000 хүн хүлээн авах хүчин чадалтай “Россия” зочид буудлын барилгыг мөн л буулгасан нь буруугаа ухаарч, алдаагаа зассан шийдвэр байсан юм. Варшав хот дэлхийн II дайны үед бөмбөгдөлтөд өртсөн нэг, хоёр давхар барилга бүхий гудамжаа тэр чигээр нь анх ямар байснаар нь сэргээсэн гэдэг.

Бид гэтэл хаашаа яваад байна вэ. Орчин үеийн гоё сайхан барилга нийслэлд босгох ёсгүй гэж зүтгэвэл мэдээж өрөөсгөл. Харин уугуул хотынхоо дүр төрхийг харуулсан тоотой хэдэн түүхэн дурсгалт барилга, байшингаа нэг нэгээр нь алдах биш, төрөөс бодлогоор, ханцуйдаа ч болов атгаад аваад үлдэх л учиртай сан.

Монголын архитекторуудын эвлэл гэж 60 жилийн түүхтэй мэргэжлийн томоохон байгууллагын дэд ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх архитектор Д.Бат “Энэ түүхэн барилга, байшингууд хэзээ ч дахиж үнэлэгдэхгүй, хүний нүдэнд үлдэх дурсгал. 1920, 1930 онд монголчууд юу бүтээж үлдээж байсан бэ гэдгийг хүмүүс тэр бүр цаас ухаж харахгүй. Хотоороо явж үзэж, хөшөө дурсгал барилга байгууламжаар дүгнэнэ. Ийм үнэ цэнэтэй түүхэн дурсгалуудаа устгахгүй байхад төр анхаарах ёстой.

Бусад улс оронд Архитектурын тухай хууль гэж байдаг. Манайд ийм хууль алга. Манайд дарга нар архитектур гэдгийг барилга гэж ойлгодог. Барилгын тухай хууль гаргачихсан. Тэр хуульд түүхэн, архитектурын дурсгалт барилга, байшинг тэгж хамгаална, хувьчилбал ингэнэ, тэгнэ гэсэн заалт огт байхгүй. Тийм учраас мөнгөтэй хүн түүнийг авлаа, маргааш нь нурааж, газрыг нь ашиглаж байна.

Манай эвлэлээс Архитектурын хуультай болохоор санаачлан 2013 оноос хөөцөлдөж байна” гэж ярилаа.

ТӨР ЧИХТЭЙ, БАС НҮДТЭЙ БОЛ...

Нийслэл хотын 378 насны төрсөн өдөр тун удахгүй тохионо. Энэ өндөр наслахдаа улсын маань голомт 28 удаа нүүж, 16 газарт бууриа засаж байсан түүхтэй. Тэгвэл Улаанбаатар хот өөрийн өнгө төрхийг олж, өнөөдрийн та, бидний үед иртлээ олон арваныг элээж, барилга, байшингуудаа шинэчилж, орчин үеийн нийслэл болсон хэдий ч зөвлөх архитектор Д.Батын хэлсэнчлэн хотын дүр төрхийг зайлшгүй хадгалж үлдээж байх ёстой.

Аль ч оронд хотын түүхэн төв гэж бий. Түүнийгээ нүдний цэцгий мэт хайрлаж хамгаалдаг. Гэтэл манайд ийм төв алга. Хүрээ хийдийн анхны нэг давхар байшингууд, дааман хаалга, хэрмэн хашааг бид хуучны киноноос л харж байснаас одоо бараг мартагдсан гэхэд болно. Залуу үе, бидний үр хүүхэд бүр огт төсөөлөхгүй өсөж байна.

Монголын архитекторуудын эвлэлээс энэ хавар холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид Монголын архитектурын болон түүхэн дурсгалт барилгыг хадгалж, хамгаалах асуудлыг Үндсэн хуулийн дагуу төрийн хамгаалалтад байлгаж, бүх талаар дэмжих, архитектурын дурсгалыг сэргээн засварлах мэргэжлийн байгууллагыг яаралтай байгуулж, энэ ажлыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, мэргэжилтэн сургаж бэлтгэх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр бий болгох талаар тусгасан юм.

Хэрэв төр чихтэй, бас нүдтэй бол мэргэжилтнүүдийн амнаас гарч буй үгс, халцарч, элэгдээд хэзээ мөдгүй нурах дөхсөн барилгуудаа яг одоо л аврах хэрэгтэй байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай