Тоньюкукийн тахилын цогцолборт музей байгуулах болов

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших, эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборыг малтах, судлах ажлыг манай ШУА, БНТУ-ын ТИКА-тай хамтран өнгөрсөн онд эхлүүлсэн юм. Археологийн малтлагаар илэрсэн дурсгалыг зориулалтын бус газарт шилжүүлэн хадгалахад эвдэрч сүйдэх, анхны хэлбэрээсээ гажих эрсдэлтэй. Хоёр орны археологич, судлаачид энэ бэрхшээлийг тооцоолж, эл дурсгал байгаа газарт музей байгуулахаар болжээ.

Тахилын цогцолбор, хот, сүм дуганы туурь зэрэг томоохон байгууламжийг малтан судлахдаа тухайн хэсгийг хамгаалалтад авах, эсвэл дээр нь музей байгуулах жишиг дэлхийд түгээмэл. Хэрэв бид ийм музей байгуулбал түүх, соёлын дурсгалаа хамгаалахаас гадна жуулчид зорин очдог газрын тоо нэгээр нэмэгдэнэ гэж судлаачид үзэж байна.

Уг музейн барилгыг ямар стандарт, шаардлагын дагуу барих талаар мэргэжилтнүүд өчигдөр Соёлын өвийн төвд санал солилцов. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “Тус музей нь өвөл, зунгүй ажилладаг, жуулчдад зориулан тав тухтай орчин бүрдүүлсэн, мини кино театртай, 100 орчим метр урттай байна. Жуулчид олдворуудтай танилцаж байхад археологичид хязгаарлалтын бүсэд малтлагаа үргэлжлүүлдэг орчин бий болгох юм” гэв.

Тоньюкукийн цогцолборт сүндэрлэх музейн барилгын ажлыг хэдийд эхлүүлэх нь тодорхойгүй ч ойрын 3-4 жилд ашиглалтад оруулахаар хэлэлцэж буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай