Нидерландад нэг хоногт юу үзэж амжих вэ

Амстердамаас ялгаатай нь Роттердам ид хөгжиж буй хот. Үүнд л гол ялгаа нь оршиж байна. Хот даяар авангард загвартай, тэнгэр баганадсан барилга, геометрийн хамгийн гайхамшигтай хэлбэр бүхий байшин сүндэрлэх нь түүхэн төвд хадгалагдан үлдсэн харшуудтай зэрэгцэн төгс зохицсон харагдана. Урьд нь ирж байсан аялагчдыг ч гайхашруулах, ирээдүйн хот гэж Роттердамыг нэрлэж болох аж. Энэ хотоор аялж буй жуулчны зам төмөр замын төв буудлаас эхэлдэг.

Онцгой анхаарал татах “Rotterdam central” барилгын дээврийг ган төмөр, мод хослуулан босгожээ. Тус буудлаас зөвхөн хот хооронд төдийгүй олон улсын галт тэрэг, тэрчлэн метро, трамвай, автобусаар үйлчлүүлдэг. Хотоор аль ая тухтай унаагаар зорчих боломжтой ч явган алхаж дассан хүмүүст ч нэг их бэрхшээл тулгарахгүй. Тэгээд ч түүхэн дурсгалт газрууд хоорондоо ойрхон оршдог.

Хамгийн содон буюу хотын нэрийн хуудас болсон 185 метр өндөр Евромаст (Euromast) цамхгаас эхэлье. Нидерландын архитектор Хью Мааскантын төслийн санхүүжилтээр “Флориад-1960” цэцгийн үзэсгэлэнд зориулан үүнийг байгуулжээ. Цамхгийн алсыг харах тавцан дээрээс хотыг бүхэлд нь тольдох боломжтой. Цаг агаар сайхан байхад 30 км-ийн алсад орших зүйлсийг, тухайлбал, Гаага хотыг харж болно.

Алсыг харах тавцангаас гадна эргэн тойрныг тольдон суух боломжтой ресторан, тэрчлэн люкс ангиллын хэд хэдэн өрөө бүхий жижиг зочид буудал цамхагт бий. Тооцоо хийхдээ энд бэлэн мөнгөөр үйлчилдэггүй. 2014 оны есдүгээр сараас хойш нэвтрэх тасалбар (9.75 евро)-ын үнийг зөвхөн банкны картаар төлж байна. Өөр нэг бэлгэ тэмдэг нь хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон Эразма татлагат гүүр юм. Европт хамгийн том бөгөөд хүндэд тооцогддог.

Ер бусын бүтээцийн улмаас үүнийг “Хун гүүр” хэмээдэг аж. Дашрамд хэлэхэд, чухам энд Жеки Чаны тоглосон “Би хэн бэ?” киноны хэд хэдэн зургийг авчээ. Өөр ийм түүхэн төв Роттердамд байхгүй. Тус хот дэлхийн II дайны үеэр Германы нисэх хүчний цохилтоос ихээхэн хохирол амсчээ. Хотын уугуул төрхийг зөвхөн Роттердамын, 1350 онд байгуулсан Хуучин боомтоос харж болно.

Өдгөө жуулчид, нутгийн оршин суугчид аялахад зориулан үүнийг засчээ. Хуучны гатлага болон далбаат онгоцны зогсоолын хажууд XVI-XVIII зууны үеийн барилгууд хадгалагдан үлдсэн бөгөөд одоо кафе, ресторанууд ажиллаж байна.

Энд мөн Цагаан ордон (улс төртэй ямар ч холбоогүй) бий. 1898 онд баригдаж байх үедээ Европтоо хамгийн өндөр (43 метр) барилгад тооцогддог байв.

Роттердамын архитектурын ер бусын шийдлүүд нь Нидерландыг үлгэрт гардаг шиг байшин, булан тохойтой мэт төсөөллийг эвддэг. Хамгийн тод жишээ болох архитекторч Пит Бломын шинлэг төслөөр барьсан харандаан болон шоо дөрвөлжин барилгуудыг харж болно. Эхлээд харахад тохь тухгүй мэт геометрийн дүрсүүдэд хүмүүс амьдардаг. Сониуч жуулчдад тэд сууцаа үзүүлэхээс татгалздаггүй. Энд, Оверблаак гудамжинд “Kijk-Kubus” музей байрладаг. Түүн дотор орж үзсэн жуулчид шоо дөрвөлжин барилга дотор хэрхэн аж төрж болохыг ойлгоно.

Насанд хүрэгчид 2.5, хүүхэд 1.5 еврогоор тасалбар авч үзнэ. Шоо дөрвөлжин байшингуудын замын эсрэг талд “Market hall” буюу “Sistine chapel” (Ромын пап Сикстийн захиалгаар 1473-1481 онд архитектор Жорже де Дольчи барьсан) гэх гэр сүм бий. Сүмийн нээлтэд Нидерландын хатан хаан Максима биечлэн ирж байжээ. Гулдан хэлбэртэй байгууламж баригдаж дуусаагүй байхдаа л CNN-ий хувилбараар дэлхийн хамгийн шилдэг 10 барилгын тоонд багтсан. Ирсэн хүн бүрийн үзэх ёстой газрын нэг нь энэ.

Түүн дотор худалдааны зах, орон сууц, бүр газар доор автомашины зогсоол хүртэл бий. Дотор нь орж үзвэл амттаны диваажинд ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Амттан сонирхогчдын аяллын газар болсон энэ битүү захад дэлхийн янз бүрийн орны зоог барих кафе төдийгүй шүүслэг, шинэ ногоо, ховор жимс, амтлагч бүхий хүнсний ногооны лангуунууд бий.

Эндээс Нидерландын бяслагийг амталж, худалдан авч, аяга кофе ууж болно. Өөр бас нэг сонирхолтой юм бол долоон метрийн гүнд Дундад зууны үеийн тосгоныг барилгачид босгожээ. Газар доорх автомашины зогсоолд байрлалтай үзмэрийг хожуухан малтлага хийх явцад бүтээсэн байна.

Тэндээс хоёр алхмын зайд Дундад зууны үеэс хойш тус хотод үлдсэн цорын ганц барилга болох Гэгээн Лаврентийн сүм бий. Барилгын ажил нь 1449 онд эхэлж, бараг л нэг зууны дараа 1525 онд дуусчээ. Дэлхийн II дайны үеэр сүмийн зарим хэсэг нурсан аж. Эвдэрсэн барилгыг бүрмөсөн буулгах гэсэн боловч нутгийн оршин суугчид сүмээ сэргээхээр шийдэж, 1968 онд мөргөлчдөө дахин хүлээн авчээ.

Өдгөө сүмийн орчимд Нидерландад хамгийн томд тооцогдох орган хөгжим, кафе, уран зургийн хэсэг, толин урлагийн үзэсгэлэн, лааг санагдуулам чийдэн бүхий хана бий. Дуу бичлэг бүхий хөтөчтэй үзмэрийн эл газрыг насанд хүрэгчид гурав, өсвөр насныхан хоёр еврогоор, 12 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй үзэж болно. Цамхаг өөд гарч үзэхийн тулд том хүн тав, хүүхэд 3.5 евро төлөх шаардлагатай. Мөнгөө хэмнэж, музей, цамхаг хоёрыг хамтад нь үзэх тасалбар авч болох юм.

Дэлхийн олон хотын адил Роттердамд жуулчны “Rotterdam welcome card” гэсэн тусгай карт бий. Үүнийг авбал нийтийн тээвэр болох метро, трамвай, автобусаар цагийн хязгааргүй зорчих төдийгүй хотын түүхэн дурсгалт 50 гаруй газарт 25 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Ийм картыг 1-3 хоногийн хугацаагаар багадаа 11 еврогоор авдаг.

ТАНД ЗАМ ЗААЯ

  • Улаанбаатараас ОХУ-ын Москва хотын Шереметьево нисэх буудал хүрнэ. Тэндээс Роттердам руу шууд нислэг байдаггүй учир эхлээд Амстердам хүрэх хэрэгтэй. Тиймээс Москвагаас Европын энэ том хот руу өдөр бүрийн шууд нислэгээр хоёр талын 10 мянган рублийн, мөн дамжих нислэгийн 2000-аар хямд тийзээр зорчиж болно. Амстердамд очмогцоо олон улсын Схипхол нисэх буудлаас цахилгаан галт тэргээр “Amsterdam centraal” өртөө (тасалбар нь 4.2 евро, 17 минут зорчино) хүрнэ.
    Тэндээс хот хоорондын “Nederlandse spoor­wegen” галт тэргээр “Rotterdam centraal” буудал хүрнэ. Энэ галт тэрэг хот хооронд байнга зорчдог. Нэгэнд нь амжаагүй бол нөгөөд нь суух боломжтой. Хоёрдугаар зэрэглэлийн галт тэрэгний тасалбарын үнэ 15.2 евро. Үүнд өндөр хурдны WI-FI, тохь тухтай буйдан багтана. Харах орчин сайтай, бараг л ядрахгүй уг маршрутаар ердөө нэг цаг 15 минут зорчино.
  • Өндөр зэрэглэлийн гал тогоотой, Маас гол, Эразма гүүрэн дээрээс орчноо харъя гэвэл “De Rotterdam” тэнгэр баганадсан барилгад орших НМВ рестораныг зориорой. 2017 онд нэр хүндтэй “Lekker” зуучийн газар уг зоогийн газрыг Нидерландын шилдэг зууд багтаажээ.
    Нэг хоолны үнэ 5-24 евро, дарсны жагсаалтад дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан 100 гаруй нэр төрлийн ундаа бий. Далайн гаралтай бүтээгдэхүүн, шинэ загас хүсвэл Газар дундын тэнгисийн шилдэг ресторан “Zeezout”-д очоорой. Жуулчид төдийгүй нутгийн оршин суугчдын дунд алдартай энэ газар үдээс хойш ажлаа эхэлдэг. Ширээгээ урьдчилан захиалах хэрэгтэй. Дарстай оройн зоог 100 орчим евро болно. Хэмнэлттэй төсөвтэй аялагч 10 еврогоор хооллож болох “Market hall”-ыг зорьсон нь дээр.
  • Бэлэг дурсгалын салхин гурилан тээрэм, клоги (уламжлалт модон шаахай), голланд бяслаг авч болох юм. Роттердамын үнэ Амстердамынхаас эрс бага. Уламжлалт ямааны бяслаг хагас кг нь “Old Amsterdam” сортын мөн тийм хэмжээний бяслагийн адил ердөө 20 еврогийн үнэтэй.
  • Роттердамд хамгийн ашигтай санал халуун пирожкинд бууна. Мөнгө хэмнэж, боломжийн аялахыг хүсвэл урьдчилж төлөвлөсөн нь дээр. Жишээ нь, таван одтой “Rotterdam marriott” зочид буудалд өрөө захиалахыг хүсвэл наад зах нь 382 500 төгрөг төлөх хэрэгтэй болно.
    Арай хямд гурван одтой зочид буудал гэвэл “Ibis rotterdam city cen­tre” сүлжээнд 242 250 орчим төгрөг төлнө. Гэртээ байгаа юм шиг тухтай байхыг хүсвэл “Airbnb” дахь түрээсийн өрөө 127 500 орчим төгрөг болно. Бүр сайн хэмнэж, шоо дөрвөлжин сууцанд хоноглохоос буцахгүй нэг нь алдарт “Stay okay Rotter­dam” буудлын нийтийн өрөөнд хоногийн 74 375 төгрөгөөр бууж болох юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай