Адлуулж буцсан 18 мянган амь

Хүсээд ирэхгүй үр гэж байхад, хүрээд ирснийг нь буцаадаг эх гэж бий. Ийм эхчүүдийн 70 хувь нь 20-34 буюу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд. Төрүүлж өсгөн, хүн болгосныг ээж гэх бус, ураг хэвлийд бүрэлдсэн цагаас л энэ эрхэм алдрыг эмэгтэй хүн хүртдэг гэж бодсондоо энд ээж гэж онцлон бичив.

Хүний амьдрал үр тогтсон үеэс л эхэлдэг гэдэг юм билээ. Үр тогтсон эхний долоо хоногт олон сая эс шинээр бий болж, гайхамшигтайгаар хуваарилагдсаны эцэст хүний бие махбодийг бүрдүүлдэг юм гэсэн. Дөрөвхөн долоо хоногийн дараа ургийн нурууны ясны суурь тавигддаг аж. Харин тав дахь долоо хоног буюу нэг сар долоо хоногт ургийн мэдрэлийн тогтолцоо хөгжиж эхэлсэн байдаг гэнэ. Гэтэл бид хорвоод хүн болох гэж ирсэн амийг таслахдаа амьтны амь хороохоос ч амар хялбарт тооцдог болжээ.

Өнгөрсөн онд Монгол Улс 18316 “иргэн”-ээ ирэх замаас нь буцаасан байх юм. Энэ нь зөвхөн эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Хууль бусаар, ямар ч хяналтгүйгээр үр хөнддөг газар манайд цөөнгүй. Тэнд хэчнээн эмэгтэй үр хөндүүлж буйг хэлэхэд бэрх. Улсын хэмжээнд 1000 амьд төрөлтийн 234.2, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйн 2.1 нь үр хөндүүлж буй гэх. Хувийн эмнэлэгт үр хөндүүлэх эмэгтэйчүүдийн тоо 28 хувиар өсчээ.

Мөн жирэмсний хожуу үедээ үр хөндүүлэх нь ч нэмэгдсэн байна. Манай улсад мөрдөгдөж буй Үр хөндөлтийн тусламж үйлчилгээний стандарт MNS5488:2005-т заасны дагуу үр хөндөх ажилбарыг жирэмсний хугацаагаар нь эрт, хожуу гэж хоёр ангилдаг. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор үр хөндөхийг эрт үе, 13-22 долоо хоног хүртэл хугацаанд ураг авахыг хожуу үеийн үр хөндөлт гэж нэрлэдэг аж. Тэгвэл 12 долоо хоногтой болоход ураг хүн дүрсээ бүрэн олж, 14 дэх долоо хоногт зүрхний цохилт нь насанд хүрсэн хүнийхээс хоёр дахин олон болдог аж.

Энэ л үед хүйтэн мэсээр голыг нь тасалж, бяцхан зүрхийг зогсоодог байна. Бүр 22 долоо хоног буюу таван сар гаруйтай үед нь ургийн бие зөөлөн хонгор үсээр хучигдан, “Би энд байна” гэх шиг өшиглөж, түлхэх хөдөлгөөнийг хэдийнэ “сурсан” байдаг аж. Бидний адил зүрх нь цохилж, хөл гар нь хөдөлж байхад “Хүүхэд биш, бөөн нөж л байгаа биз, авахуул” гэж охиноо загнах ээжтэй нэг биш удаа таарч байв. “Эхнэр, хүүхэдтэй хэдий ч таван эмэгтэйг жирэмсэн болгож, зулбуулах эмийнх нь мөнгийг өгсөн. Би ч их нүгэл үйлдсэн хүн дээ” гэж ярих халамцуу залуугийн гашуун хэдий ч үнэн үг энэ нийгэмд цочроо өгөхөө больжээ.

Энд тэнд олон эмэгтэйг хүүхэдтэй болгоод зулбуулах эм хайх залуус, элдэв шинжилгээ, “байцаалт” өгөхөөс халширч, хувийн эмнэлэгт хэдэн төгрөгөөр үр удмаа устгуулах эмэгтэйчүүд бидний дунд хэдэн мянгаараа байна. Хүчинд автах, ар гэрийн гачигдал гээд асуудал бэрхшээл тоочиж болох ч хүний амь таслахаас өөр сонголтгүй болно гэдэг эмгэнэл биш гэж үү. Ялангуяа 15-хан настай охин үр хөндүүлэхээр эмнэлгийн орон дээр хэвтэж байна гэдэг ямар их харуусал вэ.

МХЕГ-ын байцаагчид ч шалгалт хийж явахдаа 15, 16 настай охид үр хөндүүлж байхтай таарчээ. Тус газрынхан “Эрүүл мэнд боловсролын хяналтад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үр хөндөлтийн тусламж, үйлчилгээг хэрхэн гүйцэтгэж буйг шалгасан юм. Тус газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Оюунцэцэг “Манайд үр хөндөх тусгай зөвшөөрөлтэй улсын болон хувийн 70 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалт болон Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний стандартыг эдгээр эмнэлэг хэрхэн мөрдөж буйг шалгаж үнэлгээ хийлээ. Үр хөндөх тусламж, үйлчилгээ 80 орчим хувьтай хэрэгжиж байна. Үр хөндөхөөс өмнө тухайн эмэгтэйгээс таван төрлийн шинжилгээ авч, мэс ажилбар хийх ёстой ч зарим эмнэлэг үүнийг дагаж мөрдөөгүй зөрчил илэрсэн. Мөн үр хөндсөний дараа үйлчлүүлэгчийг тодорхой хугацаанд хянаж, хэвтүүлэх ёстой ч зарим газар үүнийг хэрэгжүүлэхгүй байсан. Бид эмнэлгээс гадна үр хөндөх эм, тариа нийлүүлдэг байгууллагыг шалгасан. Манай улсад умай агшаах эм ханган нийлүүлдэг гурван байгууллага бий. Шалгалтын дараа ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн төлөөлөлтэй уулзаж, асуудлаа ярилцсан. Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний стандартыг шинэчлэх зайлшгүй шаардлагатайг эмч нар хэллээ. Тиймээс бид үр хөндүүлэхээр ирсэн эмэгтэйчүүдийн бүртгэл мэдээллийг хэрхэн сайжруулах, дээрх стандартыг шинэчлэх талаар ЭМЯ-нд зөвлөмж хүргүүлсэн. Хориглосон эмнэлгүүдэд үр хөндөж байгаа учраас нэгдсэн бодит тоо гаргаж чаддаггүй. Тусгай зөвшөөрөлтэй, 24 цагийн ажиллагаатай эмнэлэгт л үр хөндөх ёстой. Хэрэв ийм зөвшөөрөлгүй газар үр хөндвөл 1800-1286 гэсэн тусгай дугаарын утсанд мэдээлэл өгөх хэрэгтэй” гэв.

Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний стандартыг манай улс 2005 оноос мөрдөж эхэлсэн бөгөөд 12 жилийн өмнөх дүрэм, журам одоогийн эмчилгээ, үйлчилгээтэй тохирохоо больсон учраас яаралтай шинэчлэх шаардлагатай аж. Үр хөндөх эм, тариа нь хэрэглэх тун, заавартайгаа байхад тухайн стандартад тийм эмийг ингэж хэрэглэнэ гэж заасан байх жишээтэй. Үүний зэрэгцээ өсөлтгүй жирэмсэн, амьгүй төрөлтөөс болж гарцаагүй тохиолдолд эмнэлэг бараадаж буй эмэгтэйчүүдийн тоог үр хөндөлтөөс ялгаж салган бүртгэх хэрэгтэйг эмчилгээний чанарын хяналтын байцаагчид хэлж байна.

Үр хөндөх явцад хүндрэл гарахаас, энэ үйлдлийг давтахаас сэргийлэхийг гол зорилгоо болгон эмч нар ажиллаж буй. Гэвч давтан үр хөндүүлэх эмэгтэйчүүдийн тоо буурсангүй. Өнгөрсөн онд үр хөндүүлсэн 41 эмэгтэйн эрүүл мэндэд аюул учирчээ. Тэдний 29.3 хувь нь цус алдсан бол 56.1 хувь нь умайн дайврын үрэвсэл болж, 4.9 хувийнх нь умай цоорчээ. Энэ бүхний эцэст эмэгтэй хүн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохироод үлдэх нь тодорхой. Тиймээс хүүхдийн эцэг, ар гэрийнхэн нь ч хариуцлагаа ухамсарлан, тухайн эмэгтэйг буруу алхам хийхэд нь түлхэх бус, туслах хэрэгтэй байна.

Нөхөн үржихүйн насны залуус гэр бүл зохиох болон хэзээ жирэмслэх, хүүхэд төрүүлэхээ нарийн төлөвлөх хэрэгтэйг эмч нар хэлэв. Эрүүл мэндийн боловсролгүйгээс эрт жирэмсэлж, үүнийгээ үр хөндөх аргаар шийдвэрлэж болохгүйг эмч, мэргэжилтнүүд онцгойлон анхаарууллаа. Хүсээгүй учраас хүүхдээ авахуулъя гэж хэлэхээсээ өмнө жирэмслэхээс сэргийлэх аргуудыг мэддэг байх нь хамгийн чухал. Эм болон тусгай багажаар жирэмслэлтийг таслах нь олон эрсдэлтэй.

Умайн хөндийд нөж хуримтлагдах, гэмтэх, цус алдах, халдвар авах зэрэг аюул дагуулдаг. Тиймээс хүйтэн мэсээр хүүхдийнхээ амийг таслахын оронд жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэх нь хамгийн зөв сонголт. Харин манай улсад 15-49 насны эмэгтэйчүүдийн 54 хувь нь л жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн арга, хэрэгсэл хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Хууль бусаар үр хөндүүлэх нь хүн амаа өсгөх бодлоготой харшилсаар байхад бид хэзээ хэдэн арван саяулаа болох вэ. Үр хөндөхийг шүд авахын дайтай санадаг хууль бус үйлдлээ зогсоож, төрийн болон хүн ам зүйн бодлогоор зохицуулах цаг нэгэнт болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай