Г.Энхбаатар: Би 13 жил морь уяж, 15 жил ан хийсэн хүн шүү дээ

Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Г.Энхбаатартай ярилцлаа. Түүний уран бүтээлийн “Дөрвөн цаг” айзам, бэсрэг уртын дуун цэнгүүн болох тухай сонсоод энэ тоглолтыг монгол хүн бүр үзээсэй гэсэн сэтгэлээр яаран ярилцлагад урьсан юм.

Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нэгэнтээ “Монголд өнөөдөр хэн уртын дуу дуулж байна, Энхбаатар, Мөнхбаатар хоёр л байна” гэж хэлсэн удаатай. Дуу мэддэг, дуулж чаддаг жүжигчин юуны учир ийнхүү ам бардам хэлэв.

-Дуун цэнгүүн гэж бий. Харин уртын дууны цэнгүүн гэхээр төдийлөн төсөөлөхгүй байна. Таны тоглолтыг зохион байгуулж буй “Урлаг маркет”-ийнхан “Энэ үдэш уртын дуунд үзэгчдийн хөлс чийхарна” гэж байна лээ.

-Айзам, өөрөөр хэлбэл нутаг нутгийн томоохон, бас бэсрэг буюу богиновтор уртын дуунуудыг сөөлжиж дуулах юм. Тоглолтод манай Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, хамтарч сайхан уран бүтээл үзэгчдэд хүргэе гэсэн “Хөсөгтөн” зэрэг үндэсний урлагийн хамтлаг, нийт 200-гаад уран бүтээлч дуулж хуурдах юм. Сэтгэл ханам сайхан тоглолт болно гэж хэлсэн нь тэр байх.

-Та жин нэлээд хасчээ. Тоглолтдоо сэтгэл зовоод энэ үү?

-Уран бүтээлийн бие даасан тоглолт хийнэ гэдэг амаргүй юм байна, бурхан минь. Гүйсээр байгаад тэр юм болов уу, сүүлийн үед өмссөн хувцас болгон томдоод байх боллоо. Д.Сосорбарам гавьяат найруулах болохоор тоглолтод санаа зовохгүй байна.

Харин тасалбар борлуулах бол санаснаар болдоггүй хэцүү ажил юм байна. Дүү нар, найзууд тусалж байна.

-Со гавьяатын найруулга өвөрмөц байдаг. Төрийн концерт ч байсан номеруудыг хооронд нь бараг л жирмийн сүлжээ мэт холбож өгдөг. Уртын дуун цэнгүүнийг яаж найруулж байгаа бол?

-Аниргүйн дунд ганц нэг шувуу жиргэж байхад би намдуухан дуулж эхэлнэ. Үүнээс цааш яриад хэрэггүй байх.

-Уртын дуучин болсон түүхийг тань тайзан дээр товч базаж харуулах юм болов уу. Та малчин, анчин, уяач байсан хүн гэдэг. Манай уншигчдад энэ тухайгаа сонирхуулж яриач.

-Би Архангай аймгийн Хотонт сумын тавдугаар багийн ард, малчин А.Ганхуягийн дөрөв дэх хүүхэд. Гурван эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй. Наймдугаар ангиа дүүргээд аймагтаа ТМС-д сурсан. Үүний дараа хэдэн жил мал маллаж байгаад хожим 2003 онд СУИС-д орж, Гавьяат багш Ц.Дэлгэрийн шавь болсон юм.

Аав ээж маань нэгдэл гэж байхаас л малчин байсан. Манайх тэмээнээс бусад малтай айл. Би аавыгаа дагаж 13 настайгаасаа морь уясан. Даага уяад л эхэлсэн дээ.

-Өөрөө даага шиг жижигхэн байж уу?

-Харин тийм ээ. Аймаг, сумандаа хэд хэдэн удаа айраг, түрүү авч байлаа. Өвөрхангайн Хужирт сумын наадмын түрүүг өөрийн унаган, сартай зээрд үрээгээрээ авч, зэгэл хүрэн даагаа айрагдуулж байснаа өнөөдөр санахад сонин байна.

-Хурдан шүдлэн үрээгээрээ азарга тавиа юу?

-Үгүй ээ. Хамгийн сүүлд 2006 онд бүдүүн морь болсон хойно нь төрсөн газартаа өвлийн бооцоот уралдаанд уяж, аман хүзүүдүүлсэн. Түүнээс хойш уяагүй.

-Хэдэн жил морь уясан бэ?

-15 жил.

-Айргийн морины бай, шагнал их цуглуулж дээ.

-Медаль, хивс, түмпэн, шанага, айрагны ваар, халуун тогоо гээд зөндөө юмтай болсон.

-Багаасаа мал маллаж, морь уяжээ. Хэзээнээс дуулж эхлэв?

-Бас л багаасаа юм даа. Долдугаар ангидаа лав дуулж байсан. Гэхдээ сонирхож оролдож эхэлсэн минь бүр эрт.

-Удам байна уу?

-Ээжийн аав Гонгор өвөө маань их сайхан дуулдаг. “Навчсыг алтлаад...” гээд дуу байдаг даа, түүнийг найран дээр дуулахад дагаж дуулдаг хүн байдаггүй байсан. Тийм нарийн хоолойтой. Бригадын хүний эмч, бас насаараа мал малласан хүн. Ээжийн маань ээж Лонжидмаа эмээ бас нарийхан хоолойгоор гоё дуулдаг байсан. Нарийхан хоолойтой хэрнээ том биетэй. Долгорсүрэн зааны төрсөн эгч. Эмээ минь хоёр жилийн өмнө өөд болсон.

-Заан, та хоёр их ойрын хамаатан юм байна шүү дээ.

-Тийм ээ. Долгорсүрэн заан, эмээ хоёр Донров зааны хүүхэд. Донров зааны аав нь хэнгэрэг Жадам гэж бас том биетэй, том хар морь унаад ан хийдэг хүн байсан юм билээ. Ээжийн талынхан ер нь биерхүү. Би л гэрээсээ хамгийн жижигхэн нь. Манай дүү бие томтой, 14 настайдаа сумын наадамд түрүүлж байсан.

-Заан ахынхтайгаа хэр ойр вэ?

-Эмээгээ байхад Дооёо ахынд очдог байсан. Ах хууч хөөрч инээнэ. “Лонжидмаа эгч намайг нэг удаа Цагаан сараар их гоёж билээ. Том улаан дээл оёж өгснийг нь өмсөж олон айл хэссэн дээ” гэж ярих дуртай. Эмээ болохоор ах багадаа ямар хүүхэд байсан тухай ярина. Манай дүү шиг хонхийсон том шар хүүхэд хонинд явж ирээд том зэс тогоо шиг аягаар дүүрэн хоол иддэг байсан гэж яриад инээдэг сэн. Эмээ өөд болсноос хойш ахынд очоогүй л байна.

-Хүүхдүүдтэй нь харилцаатай юу?

-Доёо ахтай л хааяа уулзаж байсан уу гэхээс хүүхдүүдтэй нь тийм дотно харилцаа байхгүй. Өөрийгөө таниулаад очвол мэдэх л байх даа.

-Удмаас нь ийм сайхан дуучин төрснийг мэдэхгүй гэж үү?

-Намайг дуучин болсон гэж бараг мэдэхгүй байх. Бид завгүй гэх нь хаашаа юм, орж гарахгүй юм. Аав маань бас их сайхан дуулдаг. Уртын дуу ер нь тэгш сайхан аялна шүү. Янз бүрийн ном их уншдаг. Олон шүүгээ номтой. “Зүрхний хилэн”, “Арандалынхан”, “Газар шороо”, “Тунгалаг Тамир” роман, “Монте Кристо гүн” гурван дэвтрээрээ байдаг. Тэр номнуудаас нь би уншиж өссөн.

Хонинд явах бүртээ нэгийг өвөртөлнө. Хамгийн эхлээд “Халуун салхи”, дараа нь “Морь унасан толгойгүй хүн” уншсан. Үйл явдалд нь автаад хонио хангайд оруулаад л, айлын хоньтой нийлүүлээд л тарцарна шүү дээ.

-Тарцарах уу. Өвөрхангайнхны зарим үг, хэллэг сонирхолтой шүү.

-Тараачихна аа (хөхрөв).

-Сайхан нутагт төрж өссөн хүн юм.

-Тийм ээ. Ховорхон тавилан заяажээ гэж боддог. Манайх гурван аймаг, дөрвөн сумын залгаа нутаг, Өндөр гэгээний бясалгаж байсан Төвхөн хийдийн зүүн хөндийд байдаг. Би тэнд төрсөн.

-Бага насаа сонирхолтой, адал явдалтай өнгөрөөжээ. Мал маллана, морь уяна, ан хийнэ. Хэдэн жил морь уяж, ан хийсэн гэсэн үг вэ?

-13 жил морь уяж, 15 жил ан хийсэн. Ан гөрөөний талын багш минь улсын анчин Уушийн Гаваа гэж одоо 90 дөхөж байгаа буурал бий. Ульж чоно дуудахыг зааж өгсөн хүн. Үүнээс үүдэж уртын дуу дуулж эхэлсэн байх.

-Чоно ульж дуудах аа, яг чоно шиг ульдаг юм уу?

-Тэгэлгүй яах вэ. Манай буурай аав нэг намар оройхон Гаваа багшийнд дагуулж очиж танилцуулсан юм. Зургаа, долоотой байхад намрын анхны цас орохоор газар газрын хүмүүс гөрөөлнө гэж цугладаг байлаа. У.Гаваа багш жилд 125 чоно агнаж, улсад тушааж “Улсын анчин” цол авсан.

“ТОЗ-800” гээд дурантай чех карбиных нь гол төмөр дээр “Улсын анчин Уушийн Гаваад” гэж сийлсэн байдаг юм. Багш уртын дуу их сайхан дуулдаг. 20 настайдаа Монголоо төлөөлж Өвөрмонголд ардын урлагийн наадам, уралдаанд түрүүлж байсан юм билээ.

-Уртын дуу сайн дуулах нь авьяас уу, эрдэм үү, байгальд ойр байдгийнх уу?

-Аль аль нь л байх. Манай Гаваа багш ульж чоно дуудахыг ч, буудаж унагахыг ч заасан. Анх “Унага” гэж Халзан хайрхны тархин дээр дуудаж авчирсан чоныг нь буудаад алдчихаж билээ.

-Сүрэг чоно улих аймаар байх аа.

-Үхэр мөөрч байгаа юм шиг шагшин шуугилддаг. Гурав, дөрвөн чоно зэрэг улихад л арваад юм шиг сонсогддог. Хүний сонор, сонсголыг шалгана даа. Түүн дотроос хөгшин, залуу, эрэгчин, эмэгчин алин болохыг ялгаж сонсдог.

-Оркестр дуугарч байхад нэг зэмсгийн дуугаралт олж сонсохтой адил юм биш үү?

-Бараг л тиймэрхүү. Багш бол “За, энэ азарган чоно байна, эмэгчин тэд байна” гэж тоогоор нь хэлдэг. Манай аав бас ан хийнэ ээ. Надад калибр бариулан хажуудаа хэвтүүлж тарвага сахиулсаар буудуулж сургасан юм. Тэгж л 13 настайгаасаа мөндлийн толгой цоолж эхэлсэн.

-Хэзээ бие дааж чоно унагасан бэ?

-Долгорсүрэн зааны төрсөн нутаг Гурван халиар гэдэг газар бий. Дооёо ах эхний Халиарын бууцан дээр ихрийн өрөөсөн болж төрсөн хүн гэдэг. Тэнд Хар хадан дээр сууж байгаад анх удаа чоно буудаж унагасан.

-Чоно агнах нь зугаа юу?

-“Хангай” элбэгшээд ирэхээр мал урж тасдаад хэцүү. Агнахаас аргагүй. Мэдээж хэнээ туссан биш, тэр бүр авлаад байхгүй л дээ. Дарахаас аргагүй болох үе бий. Дийлдэхээ байлаа, ядаж нэг айлгая, цочооё гэж нутгийн анчид зөвлөлдөөд үргээлгэ хийдэг. Одоо бол машин техникээр хөөж давхидаг болж. Энэ бол ан биш. Уран ухаан сийлж, ур чадвар гаргаж, байгаль дэлхийгээ хайрлаж, шүтэж байж агнахыг ан гэнэ. Өвлийн хүйтэнд хоёр, гурван цагаар буу шагайж зогсох нь бас л тэвчээр.

-Дуунд дурласан түүхийг тань сонсоё?

-13 настайгаасаа Монголын радио сонсож уртын дуу бие дааж сурч эхэлсэн. Энэ нь морь уядаг байсантай минь холбоотой. Даага уясан хүүхдийн нойр хүрдэггүй гэж үнэн юм билээ. Өглөө үүрээр чогчиго жиргэхээс урьтаад адуун дээрээ оччихсон байдаг байлаа. Харанхуй байсан ч адуу хаана байгааг амархан олно. Номхонд нь хонх зүүчихдэг байсан болохоор модон дотор байсан ч хаа байгааг нь төвөггүй олдог.

Уяж байгаа даага минь өнөөдөр ямар гоё харагдах бол гэж бодохоор нойр хүрдэггүй байсан юм. Ингэж адуу хавьцаа явж байгаад ирэхэд өглөө радио явж эхэлнэ. Зургаан цаг болоход “Улаанбаатараас ярьж байна. Зургаан цаг” гэсний дараа нэвтрүүлэгч өдрийн хөтөлбөр танилуулна. Тэгээд араас нь заавал уртын дуу явуулдаг.

Тэгэхэд дандаа “Алтан үе”-ийн аваргуудын дуу сонсдог байсан юм билээ. Тэрийгээ ч мэдэхгүй. Алдарт Дорждагва, Долгоржав, Нямлхагва, Лхамжав болон Баттөмөр багш нарын томчуудын дуулахыг дагаж дуурайдаг байлаа. Үгийг нь ааваараа хэлүүлдэг. Ингэсээр уртын дууг аажим өөрийн болгож байжээ. Морио эмээллэж байхдаа ч юм уу, хальт гунганаж байдаг болсныг өвөө мэджээ.

Нэг удаа айлын хүүхдийн даахь үргээх найранд намайг дуудуулаад “Алив, миний хүүд айраг хийж өг, наашаа баганаас дээш гараад ир” гэснээ “Миний хүү одоо уртын дуу дуулна” гэж зарласан. Тэгэхэд анх удаа олны өмнө зарлуулж дуулж билээ. Дуу аялан адуунд явж байсан хүн нэг мэдсэн адууныхаа хажуугаар гараад сүнгэнэж байсан удаатай. Замд таарсан хүнээс адуугаа сурахад “Үгүй, чи чинь сая яг хажуугаар нь гараад ирлээ шүү дээ” гээд гайхаж байсан юм. Тэгж дуундаа автдаг.

-Хамгийн түрүүн ямар дуу сурсан бэ?

-Баттөмөр багшийн дуулдаг “Эрдэнэ засгийн унага”-ыг сурсан. Аав минь дуу бүрийн тухай ярьж өгнө. “Манай нутгийн тэр хөгшин ингэж аялж байсан даа” гэхчилэн зөвлөдөг байлаа.

-Бараг гэрийн сургалт байна шүү дээ.

-Харин тийм юм байна, одоо бодоход. Даахь үргээх найрын дараахан морины бооцоот уралдааны үеэр нутгийн хөгшдийн хүсэлтээр мөн “Эрдэнэ засгийн унага”-аа дуулсан юм байна.

-Мэргэжлийн дуучин яаж болов?

-Том эгч маань дагуулж СУИС-д авчирсан. Шалгуулахдаа “Өвгөн шувуу”, “Дуртмал сайхан” , “Жаахан шарга” гэсэн 13 айзам дуутай байлаа. Ц.Дэлгэр багш маань “Их эд байх нь“ гэсээр хүлээж авсан юм. Онцлог нь дуунуудыг буруу сурсан байсан. Хавар нь элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалтад суугаад арваад хоноод хаяад явчихсан.

”Багш аа, би явж морио уялаа, нар буцах гээд байна” гэтэл багш “Чи дуучин болох гэж ирсэн юм байгаа биз дээ” гэхээс өөр юм хэлээгүй. Очиж морио уяж уралдуулчихаад намар ирж шалгалт өгч албан ёсоор багшийнхаа шавь болж байлаа. Ингэж 2003 оноос СУИС-ийн оюутан болсон.

-Мэргэжлийн уртын дуучин болсноос хойш дэлхийн улс оронд олон удаа тоглолтоор явсан. Хэдэн улсын хил давснаа тоолсон уу?

-Хорь лав гарсан, 30 дөхөж байгаа юм болов уу.

-Гадаадад явж байхдаа бага насаа, малчин, анчин байсан үеэ дурсана биз?

-Тэгэлгүй яах вэ. Дандаа л боддог. Бөмбөрцгийн нөгөө талд явж байхдаа “Үнэн л байдаг байгаа даа. Саяхан л морин дэл дээр шуугиулж, чоно дуудаж суусан нөхөр ингээд явж байх гэж” бодож байсан удаатай. Уртын дуундаа мөргөж амьдардаг. Ном ёсоор нь зааж сургасан багшдаа, сургуульдаа баярладаг. Эгэл жирийн малчид хэрнээ их эрдэмтэй аав, ээждээ ч бас их баярлаж явдаг даа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай