Айсуй баярын зөн

Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаанд тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа 16 дахийг хүргэж байна.

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Ч.Мөнхжанцан Афганистан улсыг зорьсноос хойш зургаан сар өнгөрчээ. Бүр тодруулбал, өнөөдөр яг 180 дахь хоног нь. Аавын эзгүй 180 хоногийн дотор энэ гэр бүлд бишгүй олон үйл явдал тохиолдсоныг уншигчид маань манай нийтлэлээс мэдсэн. Сүүлийн үед тэднийхээр чухам ямар сонин байгааг нь сурвалжлахаар өнгөрсөн пүрэв гаригт бид Нисэхийг зорьсон юм. Энэ өдрийг сонгосон нь бас учиртай.

2017.09.28-ны пүрэв гариг. Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн гэр бүлийнхэн, ахан дүүс нь Д.Долгорсүрэн гуайнд цуглачихсан, ид бужигнаж байхад, нэлээд оройхон бид очив. Хаалга нь дэлгээтэй хашаанд гурав, дөрвөн машин байх бөгөөд хөөр баяр болсон хүүхдүүд тэдгээрийг сүлжин хөөцөлдөх аж. Сонины машин хашаанд оруут тэдэн дундаас нэг нь хар хурдаараа биднийг чиглэн ирсэн нь М.Эрдэнэбат байлаа.

Уулзалдаагүй сар орчим болсныг ч хэлэх үү, хүү “Сайн уу, аниа. Та өөр зурагчинтай ирсэн юм уу. Нөгөө ах хаачсан юм бэ” гэх зэргээр хормын дотор элгэмсүү яриа өрнүүлээд амжив. Сарын өмнө ээж, эгч хоёроо Солонгосоос ирэхэд гэрийнхнээ санасандаа мариа нь нэлээд шуугдсан байсан хүү одоо эргээд бондойчихож.

ЭМЭЭ САЛБАРЫН ТЭРГҮҮН БОЛОВ

“Аавын эзгүйд” реалити сурвалжилгын гол баатар Ч.Мөнхжанцангийн ээж Д.Долгорсүрэн гуай энэ өдөр “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулсан тул үр хүүхэд, ач зээ нар нь ийн цугласан  хэрэг. Өдгөө нас сүүдэр хэдийнэ 86 давсан энэ буурай амьдралдаа анх удаа ийм цол, тэмдэг гардаж буй тул арга ч үгүй биз.

Залуудаа эх орондоо хийхээ хийж, хожим нь ИНЕТ-т 15 жил ажиллаад, тэндээс өндөр насны тэтгэвэрт гарсан Д.Долгорсүрэн гуайг Ахмадын баярын өмнөхөн ийн урамшуулсан нь энэ гэр бүлийн хувьд томоохон баярт үйл явдал болжээ. “Эмээ нь төр, засгийн шагнал, одон медаль авах тухай бодож явсангүй. Ажиллаж байсан байгууллага, хамт олондоо гайгүй нэр хүндтэй явсан болов уу, намайг мартаагүй байж гээд баярлаж сууна” хэмээгээд инээмсэглэсээр угтав.

Хүүхдүүдтэйгээ нэгэн үдшийг бужигнан өнгөрүүлж буй нь л түүнд тун сайхан байгаа бололтой. Зургаан хүүхэд төрүүлж, өсгөн, Монгол Улсынхаа хүн амын тоог нэмэхэд үнэтэй хувь нэмэр оруулсных нь илэрхийлэл болох алдарт эхийн I, II одон энэ сайхан ээжийн сүүт энгэрт гялалзаж буй нь хамгийн том шагнал биз ээ.

Биднийг очоод удаагүй байхад Ч.Мөнхжанцан дэд хурандаа Афганистанаас холбогдож, ээждээ баяр хүргэн, ахан дүүсийнхээ мэндийг мэдэв.

-Ээж ээ, бие нь сайн уу. Даралт нь гайгүй биз дээ?

-Гайгүй ээ, хүү минь. Манай хэд ирчихсэн бужигнаад л байна.

-Сайхан байгаа биз дээ. Ээждээ баяр хүргэе.

-За за. Ингэхэд миний хүү унтах болоогүй юм уу?

-Болоогүй ээ, ээж. Энд одоо 18.00 цаг л өнгөрч байна.

-Аан...

Утасны жижигхэн дэлгэцээр хүүгийнхээ дүрсийг харан ярих эмээгийн хошуу зөнгөөрөө өмөлзөх аж. Дөч гарсан, хүрлэгэр хархүү эхийнхээ сэтгэлд бол хэзээд нялхаараа байдаг гэдэг амьдралын үнэн энэ гэлтэй. Хүү нь дэлхийн халуун цэгт энхийг сахиулахаар явсны дараачаас эмээгийн хувьд цаг хугацаа зогссон гэхэд болно.

“Өдөр болгон л хуанли руугаа харах юм. Мөнхөөг явснаас хойш эхэндээ ч хоног өдөр явж өгөхгүй хэцүү байлаа. Ямар ч байсан Номио минь хагалгаандаа орж, бие нь гайгүй болоод ирсэнд баярлах юм. Хүү минь ирэхэд хэдхэн хоног л үлдлээ дээ” хэмээн айсуй баярыг сэтгэлдээ зурж буй ээж хуучиллаа.

АНХААГИЙН ДАВХАР БАЯР

Энэ өдөр эдний гэр бүлийнхэн бас нэгэн баяр давхар тэмдэглэсэн нь Анхаагийн ээлжит алтан медалийг “угаасан” явдал. Хэдхэн хоногийн өмнө Туркменистан улсад зохиогдсон Танхимын болон тулааны спортын “Ашгабат-2017” Азийн наадмын хүндийг өргөлтийн 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг түрүүлсэн билээ.

Бэртлээ бүрэн эдгэрснээс хойш буюу аавыгаа эзгүйд тэрбээр олон улсын хоёр том тэмцээнд оролцож, хоёулангаас нь алтан медаль хүртээд буй юм. Энэ удаагийн тэмцээн тун өрсөлдөөнтэй байснаас гадна “Аавынхаа хажууханд ирчихсэн байгаа шүү дээ” гээд бодохоор сэтгэл гэгэлзээд байсан тухайгаа Анхаа ярилаа.

Туркменистан зүүн өмнөд хэсгээрээ Афганистантай хиллэдэг. Энэ хоёр улс ердөө 30-хан минутын цагийн зөрүүтэй учраас аавтайгаа зэрэг унтаж, зэрэг сэрээд, ойр ойрхон интернэтээр холбогдох нь охинд сайхан байсан гэнэ. “Аавтайгаа ийм ойрхон ирчихсэн хэрнээ уулзаж чадахгүй гээд бодохоор их хэцүү юм билээ. Ямар сайндаа аав бид хоёр “Хоёулаа өөд өөдөөсөө алхах уу. Даанч хил дээр буудуулах байх даа” гээд хошигнож байх вэ” хэмээгээд Анхаа инээмсэглэсэн.

Монголд байсантайгаа л адилхан интернэтээр холбоо барьж буй ч “Аав ойрхон байгаа шүү дээ” гэдэг бодол хүнд тэгж хүчтэй нөлөөлдөг байх нь. Гэхдээ тийм нөхцөлд ч тэрбээр сэтгэлийн хаттай байж, тавьсан зорилгоо биелүүлэн, Туркменистаны тэнгэрт улсынхаа далбааг мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлснийг бодохоор бахдам.

Дашрамд сонирхуулахад, М.Анхцэцэг багаасаа сэтгүүлч болохыг хүсдэг байсан бөгөөд мөрөөдлөө дээрх тэмцээний үеэр “биелүүлсэн” байна. Тэрбээр “Ашгабат-2017” наадмын сагсан бөмбөгийн 3x3 төрөлд хүрэл медаль хүртсэн Монголын шигшээ багийнхнаас ярилцлага авчээ. “Би CNN-ийн сэтгүүлч Анхцэцэг байна. Та өөрийгөө танилцуулна уу” гээд хүн хүний аман дээр юу ч хамаагүй барьж очоод, ээрч зогсдог байсан охин ийнхүү багын мөрөөсөл болсон мэргэжлийнхээ амтыг мэдэрсэн аж.

Анхаагаас аавдаа ямар нэг “ганзагатай” ирсэн, эсэхийг нь аминчлан асуухад толгой дохиод нүдээрээ инээмсэглэв. Айл гэрт архи, виски хадгалаастай байх сайн гэдэг учраас тэрбээр гадаад руу тэмцээнд яваад ирэхдээ аавдаа ёс юм шиг “ганзагын юм”-тай ирдэг аж. Одоохондоо аав нь эзгүй байгаа ч охин “уламжлалаа” алдахыг хүсээгүй бололтой. Удахгүй тэр Тайландад болох Дэлхийн цомын тэмцээнд оролцоно. Тэр үед магадгүй аав нь ирчихсэн ч байж мэднэ. Охин нь тамирчны замналынхаа бас нэгэн амжилтыг халуун ам бүлээрээ хуваалцах өдөр ойрхон байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай