Д.Батсүрэн: Их мастер болчихоод М.Карлсентай өрсөлдвөл гоё доо

Д.Батсүрэн: Их мастер болчихоод М.Карлсентай өрсөлдвөл гоё доо

Хэдхэн хоногийн өмнө Уругвай улсад болсон шатрын өсвөр үеийн ДАШТ-ий 14 хүртэлх насны ангилалд “Дагшаахүү” клубийн тамирчин, олон улсын мастер Дамбасүрэнгийн Батсүрэн түрүүлж, дэлхийн аварга цол хүртсэн билээ.

Сурагчдын ДАШТ-ий алт, мөнгө, Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медальтай, улсын хошой аварга тэрбээр шатрын спортоос мэндэлсэн Монголын гурав дахь (өмнө нь Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул), эрэгтэйчүүдээс дэлхийн анхны аварга болов. Түүхэн амжилтын эзэн болсон түүнийг өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирэх үеэр ярилцлаа.

-Юуны өмнө Монголын анхны дэлхийн аварга эрэгтэй шатарчин болсонд тань баяр хүргэе. Эх орондоо ирэх гэж их яарсан байх?

-Баярлалаа. Ер нь тэмцээн дуусан дуустал амжилтын талаар аль болох бодохгүй байхыг хичээдэг. Зөвхөн тухайн өдрийн тоглолт, өрөгтөө анхаарлаа төвлөрүүлэх нь чухал учраас тэр. Энэ жил ес хожин, хоёр тэнцсэн амжилтаар түрүүлсэн. Өсвөрийн Азийн аварга, дэлхийн чансааны 30-д эрэмбэтэй Энэтхэгийн тамирчин долоо хожин, дөрөв тэнцсэн амжилтаар мөнгөн медаль хүртлээ.

Дэлхийн аварга болоод Ч.Баттүвшин багш, аав хоёроо тэврэн, баярт мөчөө хуваалцах хамгийн сайхан байсан. Би дэлхийн дэвжээнд гурав дахь удаагаа оюунаа сорилоо. Өмнө нь буюу 2013 онд 36, өнгөрсөн жил аравдугаар байрт шалгарсан. Тэмцээн дуусангуут л Монголдоо ирэх сэн, ээждээ үнсүүлэх гэж яарсан. Өнөөдөр (есдүгээр сарын 30) намайг ийм олон хүн тосно гэж төсөөлөөгүй ээ. Шатрын спортынхон, гэр бүл, найз нөхөд маань угтаж, баяр хүргээд гоё байна.

-Ирэхээсээ өмнө ээжтэйгээ холбоо барьж амжсан уу?

-Амжаагүй ээ. Тэмцээний үеэр дасгалжуулагч, тамирчдаас бусад хүнтэй бараг холбоо барьдаггүй. Тэгэх сөхөө ч гардаггүй юм. Түрүүлсний маргааш ээж цахим хуудсандаа “Хүү маань дэлхийн аварга боллоо. Бахархаж байна” хэмээн бичсэн байхыг нь уншсан.

Ямар ч байсан ээж минь намайг аварга болсныг мэдэж, баярлуулж чадлаа гээд догдолсон. Тэрнээс хойш холбоо барьж амжилгүй явсаар өнөөдөр уулзаж байна.

-Та 11 өрөг тоглосон. Аль орны тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөв?

-Орон бүр шилдгээ сойсон тул бүгд мундаг байлаа. Сул гэж хэн нэгнийг онцлох нь илүүц. Энэтхэг, Польш, Израилийн тамирчид хамгийн ширүүн өрсөлдлөө. Бүгдэнтэй нь зургаан цаг гаруй хугацаанд тоглосны дараа их ядарсан. Бүр толгой өвдөж, бэлтгэлээ ч хийж чадаагүй, шууд амарсан шүү.

11 өдрийн турш өдөр бүр зургаан цаг гаруй тоглохоор яалт үгүй ядардаг юм байна. Өсвөрийн ангиллын ихэнх тэмцээн есөн өрөг үргэлжилдэг. Тэгж зүтгэн байж түрүүлсний дараа сэтгэл онгойгоод, нуруун дээрээс том чулуу аваад хаячих шиг болсон.

Намайг үргэлж дэмждэг Монголын шатрын холбооны хамт олон, Ч.Баттүвшин багш, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Тэмцээнд аав тань хамт явсан болохоор юу юунаас илүү түшиг, тулгууртай байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Намайг тэмцээнд оролцох бүрт аав хамт явдаг. Тэг, ингэ гээд зөвлөнө, алдаа гаргавал шүүмжилнэ. Аавтайгаа явах хамгийн гоё. Тэгчих вий, ингэчих вий гээд тэмцээнээс бусад зүйлд анхаарлаа төвлөрүүлж, санаа зовохгүй амар байдаг юм.

-Сурахынхаа хажуугаар бэлтгэл хийн, тэмцээнд оролцох амаргүй байх. Дэлхийн дэвжээнд өрсөлдөхийн өмнө бэлтгэлээ хангалттай базааж амжсан уу?

-Амжсаан. Би нийслэлийн 33 дугаар сургуулийн наймдугаар ангид сурдаг. Манай сургуулийн захирал, багш, ангийнхан намайг сайн ойлгож, дэмждэг.

-Танай ангид шатраар хичээллэдэг хүүхэд бий юү?

-Байхгүй ээ. Бэлтгэлээ хийхийн тулд хичээлээсээ чөлөө авахаар зарим хүүхэд буруугаар ойлгодог юм билээ. Хичээлдээ явахгүйн тулд шалтаглаж байна гэж.

Шатраар хичээллэе гэж чөлөө авангаа өөр зүйл хийх сонирхолтой хүүхэдтэй ч нэг бус удаа таарч байлаа. Багш нараа хуурах муухай. Өөрийгөө л хуурч байна гэсэн үг.

-Мэргэжлээ сонгосон уу?

-Хараахан сонгоогүй л байна. Эмээ “Инженерийн толгойг ашиглах хэрэгтэй” л гээд байгаа. Бодвол инженер болгох гээд л байгаа бололтой (инээв).

-Энэ жил олон улсын мастер цолны болзол хангасан. Танаас бага насандаа энэ цолыг хүртсэн тамирчин бий юү?

-Бараг байхгүй байх аа. Багш “Миний хүү хамгийн залуудаа олон улсын мастер боллоо” гэсэн. Би 2017 оны Зүүн Азийн АШТ-ий 18 хүртэлх насны ангилалд түрүүлж, энэ цолны болзлыг хангасан.

Тэгснийг маань сая ДАШТ-ий үеэр албан ёсоор зарлалаа. Батламжийг нь удахгүй гардуулна гэнэ лээ.

-Аав, ээж хоёр нь шатар сонирхдог уу?

-Өө, ёстой сонирхож, тоглодоггүй. Зүгээр л дэмждэг.

-Шатрын спортоор хичээллэхэд тань юу нөлөөлсөн бэ. Танай удамд спортын хүн бий юү?

-Өвөө шатрын спортын мастер цолтой. Би багадаа их үймүүлдэг, хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэнэ лээ. Тэгээд томоотой суулгаж сургахын тулд шатраар хичээллүүлсэн юм билээ. Би 2010 онд өвөөгөөрөө шатар заалгасан. Шатартай нөхөрлөхөөр хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлдөг, хичээлдээ эрс сайжирдаг гэдэг үнэн.

Өрөмний өт шиг үймүүлэхээ ч больсон. Манайх Эрдэнэтээс Улаанбаатарт 2012 онд шилжиж ирсэн. Тэр үеэс хойш Ч.Баттүвшин багшийнхаа удирдлагад тууштай бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж явна.

-Анхны амжилтаа ямар тэмцээнд гаргаж байв?

-Анхны амжилт хамгийн дурсамжтай нь. Зөвхөн би бус тамирчин бүхэн анхны амжилтынхаа талаар дурсах дуртай болов уу. Шатраар хичээллэж эхэлснээсээ хойш нэлээд хэдэн тэмцээнд амжилт гаргаж чадаагүй. Тэгж байгаад 2013 оны өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн маань санаанаас ер гардаггүй юм.

Сүүлийн өргөөс бүх зүйл шалтгаалсан. Хэрвээ хожвол хүрэл медаль хүртэнэ, дийлдвэл бүр хойгуур байрт шалгарах байлаа. Тэр тоглолтод хожин, медалийн болзол хангаснаа дурсах дуртай. Одоо ч өчигдөр болсон мэт тод санаж байна.

-Та энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д  анх удаа оролцсон. Өөрөөсөө насаар ах, улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөх ямар байв?

-Эхний хэдэн өрөгт өөрийгөө нэлээд голж, сандарсан. Сүүлдээ дасчихдаг юм билээ. Энэ жил УАШТ-д их мастер цолтой ганцхан тамирчин оюунаа сорьсон нь Ц.Батчулуун ах. Би түүнтэй тэнцсэн. “Акул”-уудтай анх удаа өрсөлдөн, VI байрт шалгарсандаа сэтгэл хангалуун байгаа.

-Монголын шилдгүүдээс өрсөлдөж үзээгүй тамирчин бий юү?

-Байхгүй. Том, жижиг тэмцээнд бүгдэнтэй нь учраа таарсан.

-Хэн, хэнийг нь хожсон бэ?

-Их мастер Гүндаваа, Шаравдорж, Билгүүн, Галмандах ах нарыг хожсон.

-Шатрын өрөг олон цаг үргэлжилдэг. Таны хувьд хэнтэй хамгийн удаан тоглож байв?

-Өсвөрийн ДАШТ-д 2013 онд анх удаа оролцохдоо эхний өрөгт Туркменистаны тамирчинтай долоон цаг 30 минут тоглосон. Олон улсын анхны тэмцээн маань тэр.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Хичээлээсээ ирээд дөрвөн цаг бэлтгэл хийдэг. Харин томоохон тэмцээний өмнө чөлөө авч байгаад, долоон цаг гаруйн хугацаанд бэлтгэлээ базаадаг.

-Шатарчин бүхэн тоглолтын өөр, өөр арга барилтай. Та хамгаалж, эсвэл довтолж тоглохын алийг нь илүү чухалчилдаг бол?

-Би тоглолтын ямар нэгэн хэв маягт баригдахыг хүсдэггүй. Тухайн тоглолтын агуулга, явцаас шалтгаалж хэрхэхээ шийддэг.

-Хэнээс үлгэрлэж, дуурайл авдаг вэ?

-12 настайдаа Их мастер цол хүртэн, 20-тойдоо дэлхийн аварга болсон Магнус Карлсенаас үлгэрлэж явдаг. Түүнтэй тоглохыг мөрөөддөг.

-Өөрийгөө түүнтэй өрсөлдөж байна гэж төсөөлдөг үү?

-Үргэлж төсөөлдөг. М.Карлсены найман наснаас хойших бүхий л цаг үеийнх нь ур чадвар, тоглолтын хэв маягаар бүтээсэн нэг программ байдаг юм. Тэр тоглоомоор би ч бас өөрийгөө сорьдог. Одоогоор 16 нас хүртэл тоглоод цааш нь ёстой дийлэхгүй байгаа. Түүнтэй бодит амьдрал дээр тогловол өрсөлдөөн бараг гарахгүй байх.

Би гавьтай өрсөлдөж чадахгүй нь тодорхой. Дэлхийн шилдгүүд өрсөлддөг ДАШТ, Дэлхийн цом тэргүүтэй хуруу дарам тэмцээн байдаг. Тэдгээрт оролцох хэмжээнд ур чадвар, чансаагаа ахиулж чадвал тэдэнтэй өрсөлдөх боломж бүрдэнэ.

-Өсвөр болон сурагчдын ДАШТ, Азийн АШТ, УАШТ-д түрүүлж, насныхаа ангиллын бүхий л тэмцээнд шилдгээ батлаад байна. Цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлж байна вэ?

-Шатарчин бүхний мөрөөдөл, энэ спортын оргил нь болох Их мастер цол хүртэхийн төлөө багаасаа мөрөөдөн, зүтгэж явна. Сая олон улсын мастер цолны болзол хангаж, мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо. Одоо Их мастер цол л дутуу байна. Өсвөрийн ангиллын тэмцээнд оролцоод байвал энэ цолны болзлыг хангаж чадахгүй.

Тиймээс насанд хүрэгчдийн ангиллын чансаа өндөртэй тэмцээнд оюунаа сорьж, тогтмол амжилт гаргах нь чухал. Ойрын хугацаанд тэмцээнд оролцолгүй сайхан амарна аа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай