Дай Шингжүн: “Банк оф Чайна” Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллана

Хонконг болон Шанхайн хөрөнгийн биржээр дамжуулан 2006 онд олон нийтэд хувьцаагаа арилжиж, Хятадаас анх удаа дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавьсан банк болсон “Банк оф Чайна лимитед” компани нь БНХАУ-ын олон улсын болон олон төрөлт үйлчилгээгээ үзүүлдэг хамгийн том хил дамнасан групп. Өдгөө тус банк 51 улсад 600 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус банкны гол бизнес нь арилжааны банк. Үүнээс гадна тэдний “Банк оф Чайна интернэшнл холдинг” охин компани хөрөнгө оруулалтын банк, “Банк оф Чайна групп даатгал” нь даатгал, “Банк оф Чайна групп инвестмэнт” нь шууд хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын удирдлага, “Банк оф Чайна сангийн удирдлага” нь сангийн удирдлага, “Банк оф Чайна онгоцны түрээс” нь онгоцны түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа.

“Банк оф Чайна” нь дэлхийн системийн чухал банкаар 2016 онд дахин тодорсон билээ. Тус банк Монгол Улсад 2013 онд Төлөөлөгчийн газраа байгуулсан. Улмаар Монгол, Хятадын эдийн засаг, гадаад худалдааны хөгжилд илүү үр дүнтэй үйлчлэх зорилгоор өнгөрсөн онд Үндэсний хөгжлийн газарт салбар банк байгуулах хүсэлтээ илэрхийлээд буй юм.

“Банк оф Чайна”-гийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон банк байгуулах хүсэлтийнх нь талаар Төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч Дай Жингжүнтэй ярилцлаа.

-Төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш Монголын дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих ямар ажил хийсэн бэ?

-Төлөөлөгчийн газар нь хэдийгээр шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй ч Монголын Засгийн газар, Монголбанк, дотоодын арилжааны банкуудын дэмжлэг туслалцаатайгаар тодорхой хэмжээний ололт, амжилттай ажиллалаа. Манайх маш олон байгууллагын зээлийн хүсэлтийг хүлээн авч, “Банк оф Чайна”-гийн Хятад болон бусад улс дахь салбар, эсвэл хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахад нь туслалцаа үзүүлсэн.

Одоогоор Төлөөлөгчийн газраас санал болгосон нийт зургаан төсөлд зээл олгоод байна. Үүнд уул уурхай, үйлдвэрлэл, зочид буудал, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд багтлаа. Эдгээрт хил дамнасан шууд зээл олгох, батлан даалт гаргах, зээлийн шугамаас хасах зэрэг бүтээгдэхүүнээр үйлчилжээ. Төлөөлөгчийн газрын анхны зээл бол “Банк оф Чайна Токио” салбараас хамтран олгосон “Туушин зочид буудал” компанийн 25 сая ам.долларын санхүүжилт юм.

Одоогоор төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны цар хүрээ хязгаарлагдмал байгаа тул дотоодын төслүүдийг “Банк оф Чайна”-гийн бусад салбарт санал болгох, эсвэл өөрсдөө шууд зээл олгох боломжгүй. Дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ тогтворгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, Монголын эдийн засаг сайнгүй, гадаад дахь банк санхүүгийн байгууллагуудын танай улсын талаарх ойлголт дутмаг зэргээс шалтгаалан зээлийн шугамыг тэлэхэд хүндрэлтэй байна.

Иймээс бид дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих боломж бололцоог дорвитой гаргаж чадсангүй. Хэрэв банкны үйл ажиллагаа эрхлэх боломжтой болбол “Банк оф Чайна” Монголын эдийн засагт илүү бага өртөг бүхий хөрөнгийг авчирч, дотоодын аж ахуйн нэгжүүдийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

-Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлахаар ажиллаж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Бид УИХ-ын албан ёсны цахим хуудаснаас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлтэй танилцсан. УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, улмаар аравдугаар сард болох намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр болсныг мэдсэн. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банк ны үйл ажиллагааны цар хүрээ, байгуулах шат дараалал, бүрдүүлэх материал, зөвшөөрөл өгөх хэлбэр, авах арга хэмжээг тодорхой заасан байна лээ.

“Банк оф Чайна”-гийн зүгээс энэ хуулийн төслийн ерөнхий агуулгыг дэмжиж байгаа. Монгол Улсын Засгийн газар хууль эрх зүйн орчноо сайжруулан, гадаадын хөрөнгө оруулалттай банкыг татан оруулах арга хэмжээ авч байгаад талархууштай. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс (ойролцоогоор 200 сая ам.доллар) доошгүй байна гэсэн шаардлага тавьсан. Хэтэрхий өндөр дүрмийн сангийн шаардлага нь гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирэхэд саад болно гэж бид үзэж байна.

Гадаадын банк тухайн улсын хууль, тогтоомжийн шаардлагаас гадна эдийн засгийн нөхцөл байдал, санхүүжилтийн хэрэгцээ шаардлага, банкны хөрөнгө оруулалтын өгөөж зэргийг харгалзан дүрмийн сангаа бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд манай банкны хөгжиж буй зах зээлтэй оронд байгуулсан салбарын дүрмийн сан, эсвэл эхлэл хөрөнгө 50 сая ам.доллар орчим байгаа.

Үндэслэл тооцоо сайтай дүрмийн сангийн шаардлага тавивал богино хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай банк зах зээлдээ татан оруулж, эдийн засгийн хөгжилдөө бодитой хувь нэмэр болох боломжтой юм. Иймээс Монголын Засгийн газарт дүрмийн сангийн шаардлагаа тодорхой хэмжээгээр багасгахыг санал болгомоор байна.

-“Банк оф Чайна” Монголд байгуулснаар дотоодын банкуудтай өрсөлдөх үү?

-“Банк оф Чайна” шиг томоохон гадаадын хөрөнгө оруулалттай банк Монголын зах зээлд орж ирэх тал дээр дотоодынхон санаа зовж буйг би ойлгож байна. Иймээс би ямар нэгэн арга хэмжээнд оролцох бүртээ “Банк оф Чайна” ирээдүйд Монголын зах зээлд бусдаас зөрүүтэй үйл ажиллагаа явуулах бодлого баримтлана гэж хэлж ирсэн.

Бид гол нь байгууллагын банкны үйлчилгээ үзүүлнэ. Иргэдээс хадгаламж татаж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд зээл олгох зэргээр дотоодын банкуудын төвлөрдөг зах зээлд ажиллахгүй. Байж болох бүхий л боломжоороо дотоодын банкуудтай шууд өрсөлдөөнд орохоос зайлсхийнэ.

Төр, хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй уул уурхай, эрчим хүч болон барилга зэрэг томоохон бүтээн байгуулалт төсөлд санхүүжилт олгоно. Хэлэлцэхээр зэхэж буй Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд ч ийм үйл ажиллагаа явуулахыг үүрэгдсэн заалт бий. Дотоодын банкууд санаа бүү зовоосой гэж хүсэж байна.

-Засгийн газрын хяналт тавих чадвар болон арга зам сул учраас “Банк оф Чайна” Монголд орж ирснээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж санаа зовж байгаа.

-Монголын зах зээлд орж ирсэн аливаа банк санхүүгийн байгууллагад хяналт тавих нь улсын эрхийн хүрээний асуудал гэж хэлмээр байна. Нэгдүгээрт, Монгол Улс банкны салбар зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулах бүрэн боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах нөхцөл, хөрөнгийн шаардлага, татварын бодлого, хөдөлмөрийн зохицуулалт зэргийг тодорхой болгож, хэлэлцэх гэж буй хуулийн төсөлдөө тусгах нь нэг шийдэл юм.

Хоёрдугаарт, хяналт тавих байгууллагаа тодорхой болгох хэрэгтэй. Одоогийн хэрэгжиж буй хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулалт, татвар, хууль зүйн асуудал эрхэлсэн байгууллага, Монголбанк хяналт тавьж байгаа. Мөн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авах эрх Монголын Засгийн газарт хэзээд бий.

Гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулалттай банкинд үр дүнтэй хяналт тавих механизмыг Монголбанк бүрдүүлэх ёстой. Олон улсын туршлагаас үзэхэд Монголбанк шаардлагатай тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай банкуудад зорилго болон хязгаарлалт бүхий хяналт тавих аргыг хэрэглэж болох юм. Зорилго бүхий нь хамгийн бага хөрөнгө, эргэлтийн харьцаа, төвлөрлийн хязгаарлалт зэргээр банкны үйл ажиллагааны эрсдлийг хянадаг арга. Хязгаарлалт бүхий нь гадаадын хөрөнгө оруулалттай банкны үйл ажиллагааны хүрээ (иргэдээс хадгаламж татахгүй гэх мэт), салбар нэгжийн тоо, хөрөнгийн хэмжээг тогтоох арга. Ийм аргаар банкны салбарын хөгжлийг хамгаалж болно.

“Банк оф Чайна” гадаадад 80 гаруй жил үйл ажиллагаа явуулсан. Олон улсын нэр хүнд бүхий том банкны хувьд хөгжингүй ч, хөгжиж буй ч бай тухайн орны хууль тогтоомжийг даган, хяналтын байгууллагынх нь шаардлага доор үйл ажиллагаагаа явуулдаг. Хил дамнан үйл ажиллагаа явуулахдаа өдийг хүртэл тухайн орны хууль тогтоомжийг зөрчин, арга хэмжээ авахуулсан тохиолдол гараагүй.

“Банк оф Чайна” салбараа нээвэл мөн адил Монгол Улсын хууль тогтоомжийг даган, хяналт шалгалтын байгууллагынх нь удирдлага доор ажиллах болно. Энэ нь “Банк оф Чайна”-гийн төв салбарын төдийгүй, Хятадын Банкны хяналт шалгалтын хорооны гадаад дахь арилжааны банкуудад тавьдаг шаардлага юм. Үүний сацуу “Банк оф Чайна” Монголын хяналт шалгалтын болон Хятадын хяналт шалгалтын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны гүүр болоход бэлэн байна.

Тухайлбал, Монгол-банк болон Хятадын Банкны хяналт шалгалтын хороо, Хятадын Ардын банк хоорондын харилцаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэн, Монголын дотоодын хяналт шалгалтын байгууллага гадаадын хөрөнгө оруулалттай банкинд хяналт тавих орчин нөхцөлийг сайжруулахад туслах боломжтой.

-Төлөөлөгчийн газраас эхлүүлсэн Монгол, Хятадын байгууллагуудын хил дамнасан зуучлалын үйлчилгээг танилцуулж болох уу?

-“Банк оф Чайна” бол Хятадын олон улсын болон олон төрөлт үйлчилгээ үзүүлдэг хамгийн том банк. Дэлхий даяар нэг биет болон ажилладаг давуу талаа ашиглан, гадаадад хөрөнгө оруулалт хийж буй болон гадаадаас орж ирсэн хөрөнгө оруулагчдад хүргэх үйлчилгээгээ сайжруулах үүднээс “Нэг бүс нэг зам”-ыг хамарсан улсуудын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хил дамнасан зуучлалын бүтээгдэхүүн бий болгосон.

Одоогоор энэ үйлчилгээг 20 мянга гаруй жижиг, дунд аж ахуйн нэгж аваад байна. Маш олон гадаадын байгууллага Хятадад төвхнөсөн. Мөн адил маш олон Хятадын байгууллага гадаад дахь хамтын ажиллагааны түншээ олоод байна. Төв салбарын жижиг, дунд байгууллагуудыг хил дамнан зуучлах арга хэмжээгээр дамжуулан бид энэ жил Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдэд эл үйлчилгээг үзүүллээ.

Одоогоор Монголын шилдэг 150 аж ахуйн нэгжид Хятадын байгууллагуудтай хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлээд байна. Төлөөлөгчийн газар нь БНХАУ-ын Хэбэй, Тяньжин, Гүйжөүд болсон “Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан хөрөнгө оруулалт болон худалдааны чуулга уулзалт”-д Монголын компаниудыг оролцуулсан. Үүнээс гадна Жиангсү, Тяньжин, Лиаонинг зэрэг 10 гаруй А зэрэглэлийн салбар банкуудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүллээ.

Тяньжин, Жиангсү, Хэнань, Гүйжөү, Хэбэй зэрэг мужийн салбаруудтай хамтран 20 гаруй удаагийн онлайн зуучлалын уулзалтыг зохион байгуулсан. Монголын 12 компанийн төлөөлөл Хятадын 15 аж ахуйн нэгжийн удирдлагатай бизнес уулзалт хийсэн. Үүний дүнд дөрөв нь тодорхой чиглэлд, зургаа нь анхан шатны хамтран ажиллах саналд хүрлээ. Тэгвэл таван компани хамтран ажиллах хэлцэл хийх шатандаа явж байна.

-“Банк оф Чайна” Монголд банк нээсний дараа зөвхөн бизнесийн үйл ажиллагаа явуулаад зогсохгүй нийгмийн хариуцлага ч үүрнэ гэж сонссон. Энэ талаар танилцуулна уу?

-100 жилийн түүхтэй олон улсын томоохон банкны хувьд “Банк оф Чайна” ямагт нийгмийн сайн үйлсийг орхигдуулалгүй үүрэг хариуцлага болгож ирсэн. Төв салбарын “Нийгмийн хариуцлагаа үүрэн, хамгийн шилдэг банк болох” гэсэн үзэл санааг баримтлан Монголын зах зээлд орж ирснээс хойш төлөөлөгчийн газраас “Монгол, Хятадын хэл соёл боловсрол болон нийгмийн хөгжлийн сан”-г байгуулаад байна.

Бид сангаар дамжуулан “Дулаан өвөл” хэмээх ядуу буурай иргэдийн амьдралд туслах, байгаль орчноо хамгаалах арга хэмжээг гурван жил, оюутан, сурагчдын хятад хэлний боловсролыг дэмжих арга хэмжээг дөрвөн жил дараалан санхүүжүүллээ. Одоогоор нийт 70 гаруй төсөл, хөтөлбөрт 4000 гаруй оюутан, сурагч, айл өрх хамруулаад байна.

Сангаас яг одоо 2017 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Дээрх арга хэмжээнүүдийн талаар Монголын томоохон сонин, телевиз, “Шинхуа” агентлаг, Хятадын ардын сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэрэнгүй мэдээлэл гаргасан. Энэ нь хоёр улсын иргэдийн харилцааны чухал хэсэг болж байна.

-“Банк оф Чайна” Монгол дахь охин компани буюу банк нээх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Төлөөлөгчийн газар байгуулаад нэг жил өнгөрсний дараа банк байгуулах хүсэлт гаргах эрх үүсдэг. Иймээс “Банк оф Чайна” 2014 оноос эхлэн банк байгуулах бэлтгэл ажлаа эхэлж, хуучин Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөрөнгө оруулалтын газарт удаа дараа хүсэлтээ өгсөн.

2016 онд Засгийн газар бүтцээ өөрчилж, шинээр Үндэсний хөгжлийн газар байгуулахад мөн адил банк байгуулах хүсэлт өгчихөөд байгаа. Одоогоор бид Монголд банкны үйл ажиллагаа эрхлэх газрын дотоод засал, систем, боловсон хүчин зэрэг бэлтгэлээ хангаад байна.

Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газраас зөвшөөрөл олгомогц “Банк оф Чайна” Монголын аж ахуйн нэгжүүдэд банк санхүүгийн үйлчилгээ үзүүлж, эдийн засгийн хөгжлийг нь дэмжих болно.

-Та Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх бодлоо бидэнтэй хуваалцаач?

-“Банк оф Чайна” Монголын эдийн засгийг чухалчилж үздэг. Олон бэрхшээлтэй тулгараад байгаа ч ирээдүй нь гэрэлтэй байна. Ойрын жилүүдэд олон улсын түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй, мөн гадны хөрөнгө оруулагч нар багасч байгаа нь Монголын эдийн засгийн өсөлтийг удаашрууллаа.

Гэвч Монгол Улс бол байгалийн баялаг, газар тариалан, хөдөө аж ахуй болон аялал жуулчлал зэрэг маш их нөөц бололцоотойг хүн бүр мэднэ. Үүнээс гадна газар зүйн байрлалын ашигтай байдлаас улбаалан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ийн огтлолцлын цэг болж, Хятад, Орос хэмээх хоёр их гүрнийг холбох давуу талаа маш сайн илэрхийлж байгаа.

Дээрх зүйлсэд тулгуурлан “Банк оф Чайна” Монголын ирээдүйн эдийн засгийн хөгжилд итгэл төгс байгаа юм. Бид Монголын эдийн засагт хувь нэмэр оруулахын төлөө зах зээлд бат бэх суурийг тавих болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай