Б.Оюунгэрэл: Бид бахархлаа мэдэхээ, мэдрэхээ байсан хүмүүс юм

Төгөлдөр хуурч Оюу нэрээр нь залуус илүү мэдэх Б.Оюунгэрэл эдүгээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Үндэсний урлагийн их сургуульд төгөлдөр хуурын багшаар ажиллаж буй юм. Түүнтэй цахимаар холбогдож ярилцсанаа хүргэж байна.

-Таныг СУИС-д ажиллаж байсныг мэдэх юм. Энэ хичээлийн жилээс Хөх хотод багшилж байгаа юм уу. Яагаад урд хөршид ажиллахаар сонгосон бэ?

-Би түрүү жил Өвөрмонголын Багшийн их сургуулийн Эрээн хот дахь салбарт төгөлдөр хуурын багшаар ажилласан юм. Санал болгоход нь зөвшөөрөөд ирэхдээ “Дэмий ч юм хийж байна уу” гэж бодож байлаа. Гэтэл жил гаруйн хугацаанд ажиллахдаа сургуулийн орчин нөхцөл, хангамж, халамж, нуугаад яах вэ, цалин хөлсөнд нь ч сэтгэл ханасан. Аюулгүй, стрессгүй, сэтгэл ханамжтай ажиллах гэж юу байдгийг тэнд мэдэрсэн юм. Тэгж байтал энэ сургуульд ажиллах санал ирэхэд нь хүлээж авсан.

-Мэргэжлийн төгөлдөр хуурын багш уу. Монголоос энэ мэргэжлээр өөр багш ажиллаж байгаа юу?

-Мэргэжлийн төгөлдөр хуураар Монголоос одоохондоо ганцаараа байна. Өөр чиглэлийн багш нар бол бий. Морин хуурын багш Б.Баттулга, П.Тэмүүжин, хөгжим судлаач, доктор Л.Эрдэнэчимэг, удирдаач Б.Лхагвасүрэн нар ажиллаж байна.

-БСШУЯ-нд нэг үе Соёл урлагийн газрын дарга байсан Л.Эрдэнэчимэг үү?

-Тийм.

-Монголд урлаг, хөгжим судлаач их хэрэгтэй байхад тэргүүлэх эгнээний мэргэжилтэн тэнд ажиллаж байдаг.

-Тухайн хүний сонголт шүү дээ. Миний хувьд ч адилхан.

-Б.Лхагвасүрэн манай улсын цөөн хэдэн удирдаачийн нэг. Чадварыг нь үнэлээд ажиллуулж байгаагаараа тухайн сургууль, улс, үндэстэн л хожих байх даа.

-Би ч гэсэн тэгж бодож байна.

-Өвөрмонголд соёл урлагтаа анхаарах нь тэргүүн зэргийн бодлого болсон юм шиг санагддаг. Танд мэдрэгдэж байна уу?

-Сүүлийн жилүүдэд илүү мэдрэгдэж байна. Би энэ сургуульд 2004-2005 онд ажиллаж байсан л даа. Тийм болохоор харьцуулж харж байна. Их гүрний томоохон үндэстэн бусдаас ялгарах чанар, дархлаа нь соёл урлаг гэж үздэг юм байна. Үндэсний урлагаа хөгжүүлэхэд илүү анхаарч, хөрөнгө мөнгө зардаг ч сонгодог урлагийг ч гэсэн ээлж дараатай хөгжүүлэх бодлоготой. Төгөлдөр хуур бол бүхий л хөгжмийн үндэс гэдэг утгаар илүү ач холбогдол өгч, сайн багш ажиллуулах гэдэг юм билээ.

-Ажиллах нөхцөл Эрээн хотынхоос илүү байгаа болов уу.

-Бүх талын хангамжтай. Ажлаа сайн хийхээс өөр бодох юм байхгүй.

-Охин нь сургуульд ороод, хятад хэл сурч байна уу?

-Охин энэ жилээс л хятад хэл үзэж байна. Эхний жил зөвхөн уйгаржин бичиг заалгасан. Энд хүүхдийг эхлээд монгол бичигтэй болгодог. Монгол үндэсний хэл, бичиг, соёлоо дээдлэх, бахархах сэтгэл жилээс жилд нэмэгдэж байна. Бид бол энэ бүх бахархлаа мэдэхгүй, мэдрэхээ байчихсан хүмүүс юм даа. Өөр оронд амьдарч, ажиллахад илүү ойлгодог юм байна.

Өвөрмонголчуудыг хятад, бүр хужаа гэж илүү харж, элдэв үг хэлээр доромжилж байгаа хүмүүсээс “Та нар өөрсдөө хэн бэ, монгол юм бол монгол хүн шиг бай л даа. Наад зах нь монголоороо уншдаг, бичдэг байя. Тэгвэл та нар өвөрмонголчуудыг гоочлох биш хүндэлнэ” гэж хэлмээр санагдах юм. Өвөрмонгол ч бай, хятад ч бай хүмүүс сайн сайхан санаа бодолтой, зөв үйл, амьдралтай л бол болоо шүү дээ. Тийм хүмүүс бусдыг хүндэлдэг, хайрладаг, хамтарч ажиллаж чаддаг.

Харж байхад манайхны зарим нь “Цэвэр цусны төлөө” гэж цээжээ хоосон дэлдсэн улс байх юм. Тэгсэн мөртлөө хийж бүтээсэн зүйл байхгүй. Эцсийн дүнд цэвэр цус чухал юм уу, соёл уламжлал, хүн чанараа гээлгүй бусадтай эрүүл сэтгэлгээгээр хамтарч амьдрах, ханьсах ижилсэх чадвар нь чухал юм уу гэж бодоход хүрдэг. Хаана ч, хэнтэй ч амьдарсан, монголоороо байх л хамгийн чухал нь, үнэ цэнэ юм даа.

Би анх хятад хэл л суръя, хүүхдэдээ ч гэсэн шууд заалгаж эхэлнэ гэж бодож байсан юм. Гэтэл одоо монгол бичиг сурсанд нь их баяртай байгаа. Охин минь Монголоо мэдэж өсөх нь байна шүү дээ. Өвөрмонголчууд эрлийз ч гэлээ монгол гэсэн юм бүхнийг хайрлаж байна. Тэр сэтгэлийг нь мэдрэх тусам уярна, тэр хэрээр улам л Монголдоо хайртай болоод байх юм.

-Саяхан болтол хятадууд өвөрмонголчуудыг Монголоос хол байлгах бодлоготой байсан санагддаг.

-Монгол соёл уламжлалыг дарж байснаас хөгжүүлэх нь Хятадад ашигтай гэж хардаг болсон санагдсан. Энэ улсад аялал жуулчлалаас асар их мөнгө ордог болохоор эдийн засгийн бодлоготой нь холбоотой ч байж магадгүй. Одоогоос арван жилийн өмнө өвөрмонголчууд хүүхдээ хятад сургуульд өгөхгүй бол ирээдүйгүй гэж үздэг байсан бол одоо монгол сургуульд өгөхийн төлөө өрсөлдөж байна.

Монгол сургуулиуд төлбөргүй, мөн их сургуулиудынх нь чанар сайжирсан нь эцэг эхчүүдэд нөлөөлж байна. Монгол сургууль, цэцэрлэг ачааллаа дийлэхээ больжээ. Манай охины анги л гэхэд 55 хүүхэдтэй. Өнөөдрийн байдлаар Өвөрмонголд монгол гэсэн сэтгэлгээ ийм хүчтэй байна. Улсын хөгжлийн бодлогоо Монгол байтугай цаашихыг харж төлөвлөж байна.

Сүүлийн үед эндхийн их, дээд сургуульд Монголоос багш урьж ажиллуулах нь багасаж, харин Европ, Америкаас урих хандлагатай болжээ. Ингээд үзэхээр өвөрмонголчууд илүү хол, дэлхийд тэмүүлж байх шиг. Хөгжлийн хурдац гэж юу байдгийг мэдэрч байна.

Уран бүтээлч хүнтэй уран бүтээл ярихаар холбогдтол бидний яриа аяндаа энэ зүгт эргэсэн юм. Үзэж, харж, мэдэрч байгаагаа залуустай илэн далангүй хуваалцсан түүнд ажил, уран бүтээлийн амжилт хүсье.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай