Хичээл ороогүй ч багш нар 100 хувийн ирцтэй, сурагчид гадаа хичээлээ давтаж байв

Хичээл ороогүй ч багш нар 100 хувийн ирцтэй, сурагчид гадаа хичээлээ давтаж байв

Багш нарын ажил хаялт өнөөдөр дахин үргэлжиллээ.  Хоёр дахь удаагаа болж буй ажил хаялтад улсын хэмжээнд ЕБС-ийн  56 хувь нь нэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт 13-н сургуулиас ес нь ажил хаяжээ. Энэ мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 5 болон 23-р сургуулийг зорилоо.

Биднийг очиход хэсэг сурагчид 23-р сургуулийнхаа  яг урд талын Явуухулангийн цэцэрлэгт биеийн тамирын хичээл орж байна уу гэлтэй жагсаж байлаа. Багш нар ажил хаясан байхад хичээл хэн орж байгааг сонирхон очтол багш гэхээргүй биеэр жижиг (нэгэн сурагч) сүрхий том дуугаар үеийнхээ сурагчдыг командалж ангийнхан нь ч дуулгавартай жагсаж байна. Юу болж байгааг захад зогсох хүүхдээс тодруулахад "Багш нар дотор сууж байгаа. Гэхдээ бидэнд хичээл орохгүй гэсэн. Удахгүй сургуулийн жагсаалын парад болно, урлагийн үзлэг ч дөхөж байна. Бид өөрсдөө ч болтугай бэлтгэлээ хийе гэж бодсон юм" гэж тун ч хэрсүү хариуллаа.

 mail  Багш нар хичээл орохгүй гэсэн. Гэхдээ тэд дотор байгаа...

Сургууль руу ороход нээрэн л багш нар коридортоо яг л сурагчид шигээ жирийтэл суучихсан "бид ном журмын дагуу 100 хувийн ирцтэйгээр сууж байна" гэв. Энэхүү байдлыг Технологийн багш М.Чимгээ тайлбарлахдаа "Цалингаараа нийгэмд гадуурхагдсан ажилчдын  байгаа байдал ийм л байна даа. Улсдаа 28 жил ажиллалаа. Гэсэн ч цалин хөлс дутмагаасаа болоод зуны амралтаараа гадаадад хар ажил хийх гутамшигтай санагдах юм. Уг нь бид чинь дээд боловсролтой, улс орныхоо ирээдүй болсон хүүхдүүдэд боловсрол олгодог хүмүүс шүү дээ" хэмээн санаа алдан суув.

 mail Хүүхдийг чиглүүлэгч эрхэм хүндтэй багш атлаа өөрсдөө томчуудын аяыг харах хүүхэд шиг байдалтай сууж байна.

Ажил хаялтад нэгдсэн дараагийн сургууль Тавдугаар сургууль

Сургуулийн багш ажилчдын төлөөлөл технологийн багш Н.Энхбат: Бид өнөөдөр хоёр өдрийн цалингаа золиослон ажлын байрандаа сууж байна. Багш нарын амьжиргааг дээшлүүлэхийн тулд биднээс гарах ёстой золиос гэж бодож байна. Ихэнх багш нар 537.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Арван жил ажилласан багшийн цалин анх орж байгаа багшийн цалингийн зөрүү 4000 төгрөг байдгийг мэдэхгүй хэрнээ гадуур 600-800 мянган төгрөгөөр  цалинждаг гэх ташаа мэдээлэл байх юм. Миний хувьд дөрвөн хүүхэдтэй. Жил дараалан оюутан болж байгаа эдгээр хүүхдийн төлбөрийг төлөх болоход үнэхээр ажилдаа гутрахад хүрдэг. Өрхийн тэргүүн хүн энэ зэргийн ачаа үүрч чадахгүй гэж хэлэгдэх дээрээ тулаад байна" хэмээн хоолой нь зангиран өгүүлж байлаа.

Хүн бүрт хүндлэл хүлээсэн багш байдаг л болов уу? Монголчууд бид ном, багш хоёрыг бүхнээс эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай хэрнээ өнөөдөр ийм нэг өрөвдөлтэй дүр зургийг бэлээхэн харах болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

Илгээх

Энэ тухай