Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл сайжирч, өсөлтийн хэмжээ хүлээлтээс давлаа

Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл сайжирч, өсөлтийн хэмжээ хүлээлтээс давлаа

Монгол Улсын эдийн засгийн 2017 оны эхний хагаст ажиглагдсан эерэг гүйцэтгэл нь нүүрсний экспорт нэмэгдэж, бизнесийн орчин сайжирснаар цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа талаар  Азийн хөгжлийн банк(АХБ)-наас гаргасан шинэхэн тайлангаа өнөөдөр дурдлаа. 

mail Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалж, гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломжтой. 

АХБ жил бүр нийтлэн гаргадаг эдийн засгийн гол тайлан болох “Хөгжлийн төлөв 2017” тайлангийнхаа шинэчилсэн дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2017 онд 4 хувь болон 2018 онд 3 хувь байна гэж төсөөлсөн нь дөрөвдүгээр сард гаргасан 2.5 болон 2 хувийн таамаглалтай харьцуулахад өссөн дүн юм.

АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээгдэж байснаас илүү өндөр байлаа. Ирээдүйн эдийн засгийн өсөлтийг хангахад уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Засгийн Газрын эрмэлзлэл нь төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Монголын ашигт малтмалын нөөц баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд  ч чухал хэдий ч, уул уурхайн салбарт тулгуурласан өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, мөн эдийн засгийн төрөлжилт, илүү өндөр бүтээмжийг бий болгохын тулд бүр ч их зүйлийг хийх хэрэгтэй болно” гэв.

Эдийн засаг 2016 онд 1.2 хувийн өсөлттэй байсан бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өсөж, огцом сэргэсэн байна. Нүүрсний экспорт цаашид ч өндөр хэвээр байх магадлал, мөн бизнес хийх итгэлийг сэргээхэд нэмэр болсон ОУВС-гийн хөтөлбөр тавдугаар сард батлагдсан зэрэг нь таамаг хамрах хугацаанд өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл.

Оны эхний хагаст төсвийн орлого 41.1 хувиар өссөнөөр төсвийн зарлага 9.6 хувиар өсч,улмаар төсвийн алдагдал 34.1 хувиар буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувьтай тэнцсэн байна.

Мөн эхний хагас жилд нүүрсний экспорт огцом нэмэгдэж, гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн  үетэй харьцуулахад 69.5 хувиар өсөж, урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурч ДНБ-ний 5.6 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын албан нөөц 6 дугаар сарын эцсийн байдлаар 2016 оны эцсийнхээс өөрчлөгдөөгүй буюу 1.3 тэрбум ам.доллар байгаа нь 2.6 сарын импортын дүнтэй тэнцэж байна. Эдгээрээс оны эхнээс 6 дугаар сар хүртэл хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.6 хувиар чангарчээ.

Инфляци эхний хагас жилд дунджаар 3.0 хувьтай байсан 2016 онд төгрөгийн ханш суларч импортын өндөр үнээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлсөн. Түлшинд тавигдсан онцгой татвар түлшний үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляцийн таамгийг бууруулж тогтоолоо. Оны хоёрдугаар хагас жилд импортын хэмжээ үргэлжлэн өсөх хандлагатай байгаа учир урсгал дансны алдагдал энэ жил ба ирэх жил нэмэгдэх төлөвтэй байна.

Өсөлт буурахад нөлөөлөх эрсдэлд түүхий эдийн үнэ буурах, газар нутгийн дийлэнх хэсэгт гантай байгаагаас газар тариалан, мал аж ахуйн салбарт нөлөөлөх зэргийг нэрлэж болно. Өсөлт нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйлд БНХАУ-ын өсөлт үргэлжлэх, мөн зэсийн үнэ өсөх зэргийг дурдаж болно.

Энэ оны тавдугаар сард АХБ, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцэн баталсан ирэх дөрвөн жилд хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратеги нь эдийн засгийн хүндрэлтэй цаг үед хүртээмжтэй өсөлтийг хангахад Монгол Улсад туслах юм. Түншлэлийн стратегийн хүрээнд 2020 он хүртэл АХБ-наас Монгол Улсад нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгох бөгөөд нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих гэсэн үндсэн 3 чиглэл дээр төвлөрч ажиллана. 

Ёланда Фернандез Ломмен : Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг тогтворжсон тул ерөнхий төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэл харьцангуй бага гэж үзсэн, тиймээс 2017, 2018 онуудад АНУ, евро бүс нутаг, Японы өсөлтийг тус тус 2 хувь болгож нэмэгдүүлсэн. АНУ-ын мөнгөний бодлогын гэнэтийн өөрчлөлт нь хөгжиж буй Азийн бүс нутгаас их хэмжээний хөрөнгийн урсгалыг гадагш гаргах магадлалтай байсан ч, авах арга хэмжээний талаар Холбооны нөөцийн банкнаас урьдчилан мэдэгдсэний ачаар зах зээлийн үндэслэлгүй хариу үйлдлээс урьдчилан сэргийлж чадсан байна. Монголын эдийн засагт сүүлийн үед гарсан эерэг чиг хандлага АХБ-ны зүгээс өмнө нь Монголын эдийн засаг сэргэх магадлал өндөр гэж мэдэгдэж байсныг баталгаажуулж өглөө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай