AIBA дахин нэг тамирчны нулимсыг үзэв

Манай сүүлийн найдвар болоод байсан Э.Цэндбаатарын жин буюу 56 кг-д эхний тулаан Лондоны олимпын хүрэл медальт, Ирландын Майкл Конлон, ОХУ-ын Владимир Никитин нарын дунд өрнөсөн. Тэдний хэн ялсан нь хүрэл медаль хүртэх, цаашлаад Монгол, АНУ-ын ялсан боксчинтой нь мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрх халааслах байв. 

Тоглолтын турш орос боксчны хуучин бэртэл нь сэдэрч, толгойноос цус асгарсан, мөн хөмсөг нь задарч тоглолтыг зогсоосон гээд бүх талаар ирланд боксчин илүү байсан ч шүүгчид эцсийн мөчид Никитинг ялсан хэмээн шийдвэрлэсэн нь цөс ихтэй ирланд залууд таалагдсангүй. Конлон ялагдсанаар ирландчууд Афины олимпоос хойш анх удаа боксын төрлөөс олимпын медальтан тодорсонгүй. 

Шүүгч нар эхний үед Никитинийг ялсан хэмээн үзсэн бол хоёрдугаар үед ирланд залууд хожил өгсөн. Гэвч шийдвэрлэх гуравдугаар үед орос эрд давуу санал өгснөөр энэ тулаанд 2:1-ээр шийдэгдсэн юм.

Конлон ялагдсаныхаа дараа шүүгч нар луу зүй бус үйлдэл гаргаж, дэвжээнээс буусан ч хараал урсгасан хэвээр байсан юм. Түүнээс телевизийнхэн ярилцлага авахад "Тэд худалдагдчихаж. Ийм худал хуурмаг холбоонд дахиж тоглохгүй. Би энд олимпын аварга болох гэж ирсэн. Иймэрхүү шударга бус зүйл холбоонд үргэлж болдог. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа" гэж ярьжээ. 

Түүний энэ мэдэгдэл, үйлдлийн талаар холбооноос ямар нэг хариу өгсөнгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)