99 айл үерт автлаа

Хэнтий аймгийн Хэрлэн сумын I, II, III, IV, V багийн нутагт уржигдар 21.00 цагийн үед аадар бороо орж, 99 айл үерт автжээ. Тодруулбал, 84 гэр, 15 байшин, 13 аж ахуйн нэгж, байгууллагын байр болон орон сууцын есөн барилгын зоорийн давхар усанд автсан байна. Тэдгээрээс дөрвөн айлын гэр хүн амьдрах аргагүй болжээ. Тиймээс тухайн дөрвөн өрхийн долоон том хүн, таван хүүхдийг Хэрлэн сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн дотуур байранд түр байрлуулсан гэнэ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон зам арчлалтын “Харгуй” компанийнхан үерийн дараах нөхөн сэргээлтийн ажлыг өчигдөр гүйцэтгэж байлаа.

Түүнчлэн энэ сарын 24-нд орсон борооноор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт үер бууж, “Марк-2” загварын автомашин “урсжээ”. Холбогдох албаныхан шуурхай ажилласны дүнд машинд байсан гурван иргэнийг аварчээ. Харин автомашиныг уснаас татан гаргах боломжгүй байсан гэнэ. Мөн өдөр Булган аймгийн Гурванбулаг сумд аадар бороо орж, үер буун, авто замын зорчих хэсэгт шороо, чулуу овоорон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учирсан аж. “Булган АЗЗА” компанийнхан зам дээр овоорсон хаягдлыг цэвэрлэж, зайлуулан хөдөлгөөнийг хэвийн болгожээ. Үүнээс гадна нэг айлын 200 орчим мал хорогдсон гэнэ. Тус аймгийн Рашаант сумд үерийн улмаас дөрвөн айлын 185 мал хорогдсон байна.

Ташрамд дурдахад, УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр буюу уржигдар нийт нутгаар бороотой байжээ. Тэр дундаа зургаан аймгийн найман сумын есөн гол, мөрний усны түвшин ихсэж, үерлэсэн аж. “Тэдгээр гол, мөрнийг гаталж, санал авах байранд очсон нийт 596 иргэний аюулгүй байдлыг хангалаа” гэж Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай голын гүүр эвдэрсэн тул онцгой байдлын алба хаагчид 50 иргэнийг голоор аюулгүй гаргажээ. Мөн Сэлэнгэ аймгийн нутаг Сэлэнгэ мөрнөөр 50, Улаанбаатар хотод Туул голоор дөрвөн автомашин, 81 иргэнийг гатлуулсан байна.

Бэлтгэсэн: М.Оч