97 дугаар сургуулийн биеийн тамирын багш сурагчийнхаа биед халдсан гэв

“Нийслэлийн 97 дугаар сургуулийн биеийн тамирын багш Ш нь миний хүүд гар хүрч, машин руугаа дагуулж явах гэж оролдсон” хэмээн нэгэн ээж бидэнд хандлаа. Тэрбээр “Миний хүү тус сургуулийн тавдугаар ангид сурдаг, 10 настай. Аравдугаар сарын 10-нд “Хичээлдээ явмааргүй байна” гээд уйлаад байв. Учрыг лавласны эцэст биеийн тамирын багш нь хүүг минь загнаж, удаа дараа гар хүрч зодсоны зэрэгцээ машин руугаа хүчээр дагуулж явах гэж оролдсоныг мэдсэн. Аравдугаар сарын 13-нд сургуулийн захиргаанд гомдол гаргаж “Асуудлыг нягталж, шалгаж өгнө үү” хэмээн Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст өргөдөл өгсөн. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас тухайн багшийн буруутайг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 000 төгрөгөөр торгосон юм. Ийм байхад 97 дугаар сургуулийн захиргаа өргөдлийг минь шийдвэрлэх нь бүү хэл, дотооддоо асуудлаа шийдэх байтал дэвэргэлээ гэж шүүмжлэх боллоо. Тэд хүүхдийн биед гар хүрсэн багшийг өмөөрч, буруугүй гэж үзсэн нь хачирхалтай. Цагдаагийн байгууллагаас гэм буруутайг нь тогтоочихоод байхад тэр багш миний хүүгээс уучлалт гуйх нь бүү хэл, өөрийгөө өмөөрсөөр байна. Хүү минь айсандаа сургуульдаа явж чадахгүй болсон. Хүүгийн минь сурах эрхийг хангаж өгөхийг сургуулийн захиргаанаас хүсэж байна” гэв. Мөн тэрбээр тухайн багштай холбоотой цөөнгүй гомдол эцэг, эхээс ирснийг дуулгасан юм. Тухайлбал, тэр багш хүүхдүүд рүү бөмбөг хүчтэй шиддэг, гар хүрсэн тохиолдол ч бий гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)