932 сая долларын цалинтай “Нинжа”

Twitch платформ дээрх Fortnite тоглоомын хамгийн алдартай стритер “Нинжа” хочит Тайлер Блевинс стриминг хийдэг платформоо сольжээ. Тэрбээр эл алдартай платформыг орхиж, “Майкрософт” компанийн Mixer рүү шилжиж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд интернэт орчинд гарч буй мэдээллээс үзвэл Т.Блевинс зургаан жилийн хугацаанд 933 сая ам.долларын цалин авах гэрээ “Майкрософт”-той байгуулсан гэнэ. “Нинжа” 2011 оноос эхэлж Twitch дээр стриминг хийж эхэлсэн бөгөөд найман жилийн хугацаанд 15 сая дагагчтай болжээ. Түүн шиг ийм амжилтад хүрсэн стример байхгүй. 

Хамгийн ойрын өрсөлдөгч нь түүнээс хоёр дахин бага дагагчтай гэхээр Т.Блевинс ямархуу “супер од” вэ гэдэг нь тодорхой болох байх. Тийм ч учраас Т.Блевинс ESPN сэтгүүлийн хавтсанд гарч, АНУ-ын олон алдартай үдшийн шоунд оролцож байв. Түүний twitch дээрх үзүүлбэр, тоглолтууд нь үргэлж сонирхолтой, хурц тод үйл явдлаар дүүрэн болж өнгөрдөг байна. Рэппер Дрэйк болон алдартай дижэй Marshmello-той хамтран “Нинжа” стример хийж байсан билээ.

Харин хоёр платформын тухайд технологийн тал дээр онцгой ялгаа байхгүй. Гэхдээ Mixer-ийн тоглогчдын тоо Twitch-тэй харьцуулахын аргагүй цөөн. Тийм ч учраас “Майкрософт” компани эл платформын нэр хүндийг өсгөх, ирээдүйг нь гэрэлтэй болгохын тулд стримингийн гол од Т.Блевинсийг өөртөө урвууллаа гэж ажиглагчид үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)