9230 жолоочийг 647 сая төгрөгөөр торгожээ

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан болон “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй нэгжүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд эхний ээлжинд нийслэлийн ИТХ болон Засаг даргын хууль бус шийдвэрээр зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулах аж. 2013-2014 онд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг хууль бусаар буюу 70.000-80.000 төгрөгөөр тогтоосны улмаас 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр торгож хохироосныг ШӨХТГ-аас тогтоосон байна. Мөн нийслэлийн ИТХ-аас дугуй түгжих журам гаргаж, хуульд зааснаас өөр зохицуулалт хийсний улмаас 11.700 жолоочийг 234 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосон гэнэ. Иймд 2013-2014 онд автомашинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон торгууль төлсөн, мөн өнөөдрийг хүртэл автомашиныхаа дугуйг түгжүүлж хууль бусаар торгуулсан иргэд ШӨХТГ-т хандаж, эрхээ хамгаалуулах боломжтойг тус газраас мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)