92 хувь нь биелсэн “Аз жаргалтай хот”-ын үнэн төрх

Гэрэл зурагчин Б.Инжинаашийн “Хотын төрх” сэдэвт бүтээлүүд

Улаанбаатарын иргэн та аз жаргалтай байна уу. “Тийм” гэж хэлэх хүн нийслэлд тун ховор байх. Орчны бохирдол, утаа, замын түгжрэл, төрийн үйлчилгээний хүнд суртал гээд бид өдөр тутам стресс, бухимдалтай тулгарч, зарим хүн аз жаргал гэж юу байдгийг мартах шахсан нь маргаангүй. Гэтэл нийслэлийн ЗДТГ-ынхан “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлж, түүнийхээ 92.5 хувийг биелүүлсэн гэж хээвнэг “гүтгэсэн” билээ. Үүнтэй холбоотойгоор “Хотын нүд” төрийн бус байгууллагаас “92 хувь жаргаж үхлээ” контентын уралдааныг өнгөрсөн сарын 10-нд зарласан. Цаасан дээр 92 хувь нь биелсэн гэж үнэлэгдсэн “аз жаргалтай” Улаанбаатарын үнэн дүр төрхийг хотынхоо удирдлагад харуулж, “туслах” нь энэ уралдааны зорилго байв.

Оролцогчид түгжрэлгүй, утаагүй, хоггүй, хүүхдэд ээлтэй, халтиргаагүй хот зэрэг Улаанбаатарт тулгамдсан 10 гаруй сэдвийг хөндөж, гэрэл зураг, видео контент, шууд бичлэг (live)-ийн төрлөөр өрсөлдсөн юм. Аз жаргалыг эрэн сурвалжлах зорилготой эл егөөдөл бүхий контент уралдаанд оролцогчид 224 бүтээл ирүүлжээ. Үүний 72 нь видео контент, 10 нь шууд бичлэг бол бусад нь гэрэл зураг байжээ. Видео контент төрлийн гран пришагналын эзнээр Г.Бямбахүүгийн “Аз жаргалтай Улаанбаатарын иргэдийн сүлд дуу” шалгарчээ. Шууд бичлэг төрөлд А.Ундрах, С.Алтантуяа нарын таван оролцогч тэнцүү оноогоор бүгд шилдэгт тооцогдсон байна. Хамгийн олон оролцогчтой фото контент төрөлд гэрэл зурагчин Б.Инжинаашийн “Хотын төрх”, А.Чимэдцэрэнгийн “Жаргалтай хот нэг иймэрхүү…”, Х.Буянаагийн “Хүүхдэд ээлтэй хот”, 3.Түмэндэлгэрийн “Сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй Улаанбаатар жаргаж үхлээ”, Г.Өнөболдын “Аз жаргалтай Улаанбаатар хотын үнэн төрх”, Д.Занданбатын “Улаанбаатар жаргалтай” зэрэг бүтээл шилдгээр шалгарсан байна.

Бэлтгэсэн: М.Оч 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)