8.3 тэрбум төгрөгийн ӨРТӨГТЭЙ СОНГУУЛЬ

УИХ, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн чимээ алсарч, Ерөнхийлөгчийнх ойртож байна. Парламентын сонгуульд 12 нам, гурван эвсэл, 496 нэр дэвшигч оролцсон. Хуулийн дагуу тэд бүгд сонгуулийн санал хураалт болсноос хойш 30 хоногт багтан зардлын тайлангаа СЕХ-нд хүргүүлэх үүрэгтэй. Үүнийг биелүүлээгүй бол дараагийн сонгуульд оролцох эрхгүй болгох зохицуулалттай. Тэгвэл 11 нам, хоёр эвсэл, 386 нэр дэвшигч л хуульд заасан үүргээ биелүүлжээ. Тэдний ирүүлсэн тайланг СЕХ-ноос Үндэсний аудитын газар (ҮАГ)-т илгээж, тэд аудит хийснээ олон нийтэд мэдээлэв. Тайлан ирүүл- сэн нам, эвсэл, нэр дэвшигчид энэ удаагийн сонгуульд нийт 8.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ бол 2012 оны зардлаас даруй хоёр дахин бага тоо. Зардал багасгаж, “мөнгөөр зоддог” сонгууль болгохгүй байх хэд хэдэн зохицуулалт хийсний үр дүн нь энэ. 

ИЗНН, “ХААН СОНГОЛТ” ЭВСЭЛ ТАЙЛАН ӨГӨӨГҮЙ 2000 онд байгуулагдсанаасаа хойш УИХ-д байнга 1-2 суудал авч, хууль тогтоолцож байсан ИЗНН-ынхан зардлын тайлангаа өгөөгүй нь анхаарал татна. УИХ-ын сонгуулийн өмнө энэ намынхан нэлээд талцсан, бас “зовсон”. С.Оюун дарга тэргүүтэй хэсэг хүн нь “УИХ-ын сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжинэ” гээд нэр дэвшээгүй. Зарим хүн нь АН-ын хаяа бараадаж, тэндээс өрсөлдөв. Харин тус намын бас нэг дарга Ц.Ганхуяг тэргүүтэн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд ИЗНН сонгуульд оролцохоор болж, СЕХ-нд материалаа бүрдүүлэн өгсөн ч хасагдсан юм. Уг шийдвэрийг тэд хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандсан. Шүүх СЕХ-ны шийдвэрийг буруу гэж үзсэн учраас ИЗНН-аас цөөн хүн нэр дэвшиж чадсан. Нэг иймэрхүү үл ойлголцол, талцлаасаа болсон уу, эсвэл С.Оюун нэр дэвшээгүй учраас ч тэр үү ИЗНН анх удаа тойргийн гадна үлдсэн юм. Ингэж бужигнасаар тайлангаа өгөхөө “мартчихсан” бололтой. Удаах нь Хөгжлийн хөтөлбөр, Монголын либерал намын хамтарсан “Хаан сонголт” эвсэл. Сонгууль дөхөхөөр ичээнээсээ гардаг ч ам- жилт гаргаж үзээгүй намууд. Тэд сайн дураараа 8.3 тэрбум төгрөгийн өртөгтэй сонгууль дараагийн сонгуулийг өнжихөөр шийдсэн нь энэ үү, ямартай ч хуулийн хугацаанд тайлангаа өгсөнгүй. ХЭМЖЭЭНДЭЭ БАГТААВ 2016 оны сонгуулиар нам, эвслүүд дээд тал нь 3.4 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй байв. Нэр дэвшигчид ч энэ хэмжээг баримтална. 2012 онд сонгуулийн зардлын дээд хэмжээ 9.6 тэрбум төгрөг байсан. Гэвч зардал нь дунджаар 4.5 тэрбум төгрөг байжээ. Хэт өндөр босго нь мөнгөтэй, том намуудад давуу тал олгож, жижиг намуудыг “чирч” буй тухай гомдол цөөнгүй гарсан. Сонгогчдын саналыг худалдаж авахаас эхлээд “мөнгөөр зодож” давуу тал олох боломж бүрдүүлж байлаа. Тиймээс зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөг болгон бараг гурав дахин багасгав. Мөн сурталчилгааны хугацаа 18 хоног болж богиноссон, телевизээр өдөрт 60 минутын реклам л цацах хэмжээ тогтоосон, сайн дурын ухуулагч нар ажиллуулдаг болгосон зэрэг нь зардал хэмнэх бас нэг боломж байсан юм. Луйвар, булхай бага байлгахын тулд зардлын дээд хэмжээ тогтоож, илүү гаргасанд нь хариуцлага тооцох, мөн тайлангаа тогтсон хугацаанд мэдээлэх зэрэг шаардлагыг хуульд тусгасан. ҮАГ-аас гаргасан дүгнэлтээс харахад зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн хүн, нам, эвсэл алга. Тайлан ирүүлсэн нам, эвсэл нийт 8.36 тэр- бум төгрөгийн орлогыг сонгуульд зориулан төвлөрүүлсэн байна. Үүнээс 8.34 тэрбумыг нь зарцуулсан аж. Үүний 4.5 тэрбум нь иргэдийн, 853.1 сая төгрөг нь хуулийн этгээдийн хандив юм. Тэгвэл тайлангаа ирүүлсэн 386 нэр дэвшигч сонгуульд зориулж нийт 26.5 тэрбум төгрөг төвлөрүүлсний 20 тэрбумыг нь зарцуулсан гэнэ. Тэдэнд иргэдээс 14.5, хуулийн этгээдээс 4.2 тэрбум төгрөгийн хандив өгчээ. Сонгуулиар нам, эвслүүдэд хоёр сая төгрөгөөс дээш хандив өгсөн 75 байгууллага, нэг саяас дээш хандив өргөсөн 1673 иргэн байгаа юм. Нэр дэвшигчдийн тухайд авч үзвэл дээрх хэмжээнээс илүү хандив өгсөн компани 359, иргэн 5706 байна. 21 САЯАС 8.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРСЭН НЬ Манай улс долоон удаа парламентын сонгууль явуулаад байна. 1992 оны анхны сонгуульд 21 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд хэмжээ оргил үедээ хүрч, 16.8 тэрбум төгрөг болсон түүхтэй. Дөрвөн жил тутамд нэмэгдэж ирсэн сонгуулийн зардал энэ онд багассан нь сайн хэрэг.

Та бүхэн инфографикаас сонгуулийн зардлыг харж болно. Зардал хамгийн их өссөн 2012 онд нэг нэр дэвшигч 100 гаруй сая төгрөг сурталчилгаандаа зарцуулсан гэсэн “цочмог” тоо ч дуулдаж байсан. Харин энэ удаагийн сонгуулиар нэг нэр дэвшигчийн зардал эрс багассан биз ээ. Үндэсний аудитын газраас олон нийтэд дэлгэсэн хандив, сонгуулийн зардлын талаарх мэдээлэл нэг иймэрхүү ерөнхий, нэгтгэсэн байдалтай байна. 8.3 тэрбум төгрөгийн зардлын дийлэнх хувийг АН, МАН эзэлж буй болов уу. Гэвч ҮАГ-ын тайланд намаар нь ангилсан, нарийвчилсан задаргаа алга. “Мөнгөөр зодон” сонгуульддаг үе холдож, нэр дэвшигчид нь чадвараараа, нам, эвсэл нь хийсэн ажлаараа өрсөлддөг, иргэд нь ходоодоороо биш, оюун ухаанаараа сонгодог сайн цаг удахгүй ирнэ гэж найдна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)