79 жилийн өмнө монголчуудыг АНУ-д таниулсан бүтээлийг хэлэлцэнэ

Монголын кино урлагийн түүхэнд тод мөртэй “Монгол хүү” уран сайхны кино 1936 онд үзэгчдийн хүртээл болсон ч, Монголд төдийлэн удаан гаралгүй хаагдсан гэдэг. Харин тэр ондоо АНУ-д гарч, Америкийн кино академиас шалгаруулсан гадаадын шилдэг 10 киноны нэгээр нэрлэгдсэн юм билээ. Монгол жүжигчдийг гол дүрд нь тоглуулж, ОХУ-ын мэргэжилтнүүдийн бүтээсэн энэ киноны тухай эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын эхний долоо хоногт Кино урлагийн дээд сургуулийн “Оюутан” театрт болно.

Тус сургуулиас санаачлан “Монгол кино” нэгтгэлтэй хамтран саяхан “Цогт тайж 70” эрдэм шинжилгээний хурал хийж, найруулагч болон туслах найруулагчтай холбоотой маргаантай яриануудыг халж, архивын баримт дэлгэсэн.

Монголд үндэсний кино урлаг үүсэж, хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд болж байгаа цуврал арга хэмжээний хүрээнд цаашид “Сүхбаатар” киноны тухай эрдэм шинжилгээний хурал ч төлөвлөгдөөд буй.

Харамсалтай нь, Монголд кино судлаач цөөн, архивын бодит баримтад тулгуурлан мэдээлэл түгээх хүн ховор байгаа учраас олныг хамруулахын тулд зохион байгуулагчид товлосон хугацаагаа хойшлуулж, судлаачдыг хайж буй аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)