75 ТЭРБУМ ТӨГРӨГ ДУРААР ЗАРЦУУЛАХ ЭРХ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГӨХИЙГ ДЭМЖСЭНГҮЙ

Улсын ирэх оны төсвийн төсөлд Ерөнхий сайдын багцад ямар нэг задаргаагүйгээр, юунд зориулах нь тодорхойгүй 50 тэрбум төгрөг тусгасан нь шүүмжлэл дагуулж буй билээ. Олон шүүмжлэлд ээрүүлсэн Ерөнхий сайд чуулган дээр үүнийгээ юунд зарцуулах тухай аман тайлан өгсөн ч гишүүдэд хангалттай санагдаагүй. Тэгвэл Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төсвийн болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төс лийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх асуудлыг дахиад л хөндөв. Уг төсөлд төсвийн нийт хөрөнгө оруулалтын таван хувийг Хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлж, Засгийн газарт зарцуулах эрх өгөхөөр тусгажээ. Ирэх оны төсөвт нийт 1.5 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгасан. Түүний таван хувь нь 75 тэрбум төгрөг болж буй аж. Гишүүд тодорхой саналгүй, юунд зарцуулах нь мэдэгдэхгүй уг саналыг шүүмжлэв. С.Ганбаатар гишүүн “Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Засгийн газарт юуны тухай зураг зурахыг нь УИХ зааж өгдөг. Харин яаж зурахаа та бүхэн шийддэг байх ёстой. Гэтэл Засгийн газар дур мэдэн зарцуулахаар 75 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулахаар зүтгүүлж байгааг эсэргүүцэж байна” гэлээ. Ц.Даваасүрэн, Ж.Эрдэнэбат, Р.Амаржаргал нар “Засгийн газарт таван тэрбум долларын бонд гаргах зөвшөөрөл өгсөөр байхад УИХ-аас шийдвэр гаргуулахад цаг алддаг гэсэн үндэслэлээр ийм арга хэмжээ төлөвлөж байгаа нь буруу. Бид нэгэнт баталсан хуульдаа захирагдаж ажиллахаас биш ажилдаа тохируулж хууль өөрчлөх ёсгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Улмаар санал хураахад олонх дэмжсэнгүй.

ХҮҮХДИЙН АВТОБУСЫГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ

Үүний дараа Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилсан уг төсөлд сургуулийн хүүхдэд зориулан тоноглосон автобусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх талаар тусгажээ. Ингэснээр 750 сая төгрөгийг татвараас чөлөөлнө гэсэн үг аж. Улаан баатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 200 гаруй дунд сургууль байдаг. Захын гэр хорооллын сурагчид хотын төв рүү сургуульдаа хүрэхийн тулд олон саад бэрхшээлийг туулдаг, тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар тусгайлан тоноглосон автобус шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Ийм автобусаар хангахын тулд татварын тал дээр хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй гэсэн юм. Сурагчдад зориулсан тусгай автобус явуулах нь зөв гэдгийг гишүүд дэмжиж байсан ч “Үүний араар зарим хүний хувийн бизнес өрнөх вий” гэсэн болгоомжлол байлаа.

Д.Эрдэнэбат: -Өмнө нь хог тээвэрлэх машин авах нэрээр татвараас чөлөөлүүлчихээд баахан хуучин машин оруулж ирсэн тохиолдол бий. Үүний адилаар татвараас чөлөөлүүлэх шийдвэр гаргуулчихаад ард нь зарим хүний хувийн бизнесийг дэмжчих вий. 750 сая төгрөг татвараас чөлөөллөө гээд 10 автобус ч авч хүрэхгүй, нийслэлийн сурагчдын хэрэгцээг хангахгүй. Нийслэлийн хэмжээнд сурагчдыг тусгай унаагаар хангахын тулд хэдэн автобус хэрэгтэй байгаа гэх мэт тодорхой тооцоо, судалгаа гаргасны дараа ярих хэрэгтэй. Татвараас чөлөөлөөд оруулж ирсэн автобус хүүхдэд үйлчилж байгаа эсэхийг хянах боломжгүй. Дэмжихгүй байна.

Б.Бат-Эрдэнэ: -Санаа нь зөв. Гэвч сурагчдын автобус оруулаад ирэхээр тэдгээрийг нэгдсэн нэг паркад байлгах уу. Эсвэл сургууль тус бүртээ өнөөх автобусандаа зориулсан гарааштай байх уу гэдэг нь тодорхойгүй. Үнэндээ сургуулиудад гарааш барих нь бүү хэл, биеийн тамирын талбай ч байхгүй болсон шүү дээ. Хэдхэн компанийг татвараас чөлөөлчихөөд эцэст нь горыг нь төр даах болно.

Р.Амаржаргал: -Сүүлдээ сурагчдын автобусны шатахууныг татвараас чөлөөл гэнэ шүү. Санаа нь зөв ч шийдэх арга чинь буруу байна. Ер нь шинээр сонгогдсон гишүүдэд төсвийн талаар семинар, лекц орохгүй бол арай дэндлээ шүү.

С.Ганбаатар: -Би дэмжинэ ээ. Гэхдээ энэ санаагаа хэрхэн ажил хэрэг болгох талаар сургуулийн захиргаа, эцэг, эхтэй ярьж, тооцоо судалгаатай оруулж ирэх хэрэгтэй.

Ц.Даваасүрэн: -Улсын хэмжээний асуудал бол УИХ ярих ёстой. Харин 1-2 сургуульд автобус олгохын тулд татвар хөнгөлөх яриа байж болохгүй. Хүйтрээд ирэхээр тэр автобусыг ямар гараашт байлгах вэ гэдгээс эхлээд асуудал үүснэ. Энэ талаар Эдийн засгийн хөгжил, Сангийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтраад судалгаа хийж, асуудлаа оруулах нь зөв. Тэгээд ч гишүүд “Бүх л автобус тоноглогдсон болж татвараас чөлөөлөх оролдлого хийнэ” гэж болгоомжилж буйтай санал нэг байна. Гишүүд иймэрхүү байр суурь илэрхийлсний дараа санал хураахад төслийг олонх дэмжсэнгүй, хүүхдийн автобусыг татвараас чөлөөлөхөөс татгалзав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)