75 дугаар цэцэрлэг хэзээ дулаанаа авах нь тодорхойгүй байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас эхлэн хүүхдүүдээ авахаа больжээ. Тус цэцэрлэг өдий хүртэл халаалтаа аваагүй байгаа бөгөөд хэзээ халаалттай болох нь ч тодорхойгүй байгаа аж.

Тиймээс 300 хүүхэд гэртээ цоожлогдоход хүрсэн байна. Гуравдугаар сургуулийн ард байрлах долоон байгууллага нэг шугамаас халаалтаа авдаг гэнэ. Тус шугамд нь хоёр ч гэмтэл гарч, засах шаардлага гарчээ. Ингэхдээ нэг байгууллагаас тав орчим сая төгрөг гаргаж, шугамаа засуулах болсон аж.

Цэцэрлэгээс гаргах ёстой мөнгийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас өгсөн боловч “Монсам” ХК, Үйлдвэр урлалын дээд сургууль, “Вива” төв зэрэг зургаан байгууллага засварт шаардагдах мөнгийг нь өгөх боломжгүй гэжээ. Ийнхүү байгууллагууд мөнгөө өгөөгүй учраас шугам засах ажил хойшилж, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон аж.

Мөнгөө өгөөгүй учраас засвар хийх байгууллага нь гэмтсэн шугамыг ухаж, ил гаргаад орхижээ. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг өнөөдөр хуралдах шуурхай хуралдаанаараа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм байна.

Г.ЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)