73 дугаар тогтоолтой холбоотой тооцоолоогүй асуудал

Авто угаалгын газрын тунгаагуур

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохирын хэмжээг бууруулах шаардлага бий. Үүний хүрээнд аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усаа дахин ашиглах технологи нэвтрүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас өнгөрсөн онд баталсан. Тогтоолыг өнгөрсөн тавдугаар сарын 15-наас мөрдөж буй бөгөөд хэрэгжилт нь ямар байгааг сурвалжиллаа.

Нийслэлийн хэмжээнд 240 үйлдвэр, аж ахуйн нэгж, долоон иргэн ус ашиглан үйл ажиллагаа явуулдаг хэмээн Ус сувгийн удирдах газрынхан мэдээлсэн. Энэ нь зөвхөн тус газрынхантай гэрээт байгууллагын тоо. Арьс, шир, ноос, ноолуур, өлөн, мах, сүү, архи, ундааны үйлдвэр, автомашин угаалгын газрууд хэрэглээний цэвэр ус ашигладаг. Тэдгээрээс мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг “Мах маркет” компанийнхан болон автомашин угаалгын зарим газар урьдчилан цэвэрлэх байгууламжтай болжээ. 

“Хайрхан” авто угаалгын газрын гүйцэтгэх захирал Ц.Амгаланбаатар “Төв цэвэрлэх байгууламж руу манайхаас нийлүүлж буй бохир ус БОАЖ-ын сайдын тушаалаар баталсан стандартад нийцэхгүй бол зохих төлбөр төлөх ёстой болсон. Тиймээс урьдчилан цэвэрлэх байгууламжтай болохоос өөр аргагүй. Гэхдээ тийм байгууламжтай болоход багадаа 50-60 сая төгрөг шаардлагатай. Одоогоор бохир усаа цэвэршүүлж, стандартад нийцүүлэ хээр ажиллаж байна” гэлээ.

Автомашин угаалгын зарим газарт тавьсан урьдчилан цэвэрлэх байгууламж нь бохир хуримтлуулах тунгаагуур, ус шүүх шүүлтүүрээс бүрддэг юм байна. Харин “Мах маркет”-ынхан ашиглалтаас гарсан байшингаа засварлаж, цэвэрлэх байгууламж болгожээ.

Дээрх байгууллагуудаас гарах бохир усны чанарт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт тавих юм. Уг газрынхан энэ үүргээ хэрхэн биелүүлж буйг Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дариймаагаас тодруулахад “Өлөн боловсруулах 18 үйлдвэрт өнгөрсөн тавдугаар сард хяналт шалгалт хийлээ. Тэдний дөрөв нь урьдчилан цэвэрлэх байгууламжтай болжээ. Арьс, шир, өлөн боловсруулах бүх үйлдвэрт тунгаагуур байдаг. Тоног төхөөрөмжийн хүчин чадал, зориулалтыг нь харвал тунгаагуурыг ч гэсэн урьдчилан цэвэрлэх байгууламж гэж үзэх боломжтой. Тэгэхээр тунгаагууртай байгууллага болгоныг урьдчилан цэвэрлэх байгууламжтай гэж хэлэх, эсэх нь эргэлзээтэй, маргаантай асуудал болоод байна. 

...Тэгвэл яг ямар үйлдвэрийг шаардлагатай гэсэн ангилалд оруулах нь тодорхойгүй. Мөн юуг урьдчилан цэвэрлэх байгууламж гэж нэрлэх нь бас маргаантай байна...

Автомашин угаалгын газрууд тунгаагуур суурилуулж байж л саарал ус ашиглах боломжтой. Засгийн газраас баталсан тогтоолд шаардлагатай үйлдвэрт урьдчилан цэвэрлэх байгууламж байгуулах ёстой гэж заасан. Тэгвэл яг ямар үйлдвэрийг шаардлагатай гэсэн ангилалд оруулах нь тодорхойгүй. Мөн юуг урьдчилан цэвэрлэх байгууламж гэж нэрлэх нь бас маргаантай байна. Эдгээр асуудлыг шийдэх тухай бичгийг тунгаагуур манайхаас БОАЖЯ-нд өнгөрсөн 5-6 дугаар сард хүргүүлсэн. Хариуцсан мэргэжилтэн нь амралтаа авсан учраас хариу ирүүлсэн, эсэхийг мэдэхгүй байна” гэлээ.

Мэргэжлийн хяналтынхнаас гадна дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлах ажлыг БОАЖЯ болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан хариуцаж буй. Тэднээс ямар ажил хэрэгжүүлж буйг нь тодруулав. Нийслэлийн Засаг даргаар тухайн үед С.Батболд ажиллаж байсан. Дарга солигдсон учраас 73 дугаар тогтоолын хэрэгжилт Тамгын газрынханд хамаагүй бололтой. Харин БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар “Арьс, шир, мах, сүү боловсруулдаг бүх үйлдвэрт дээрх тогтоол хамаатай. 

Юуг урьдчилан цэвэрлэх байгууламжид хамааруулах тухай холбогдох албаныхан хэлэлцэх байх. Бид ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ болон ямар тохиолдолд хөнгөлөлт эдлэхийг тодорхой болголоо. Мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэрүүдээс гадна хот суурин газрын ахуйн хэрэглээнээс үүссэн бохир усыг цэвэрлэдэг байгууллага болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс гарах хаягдал усны MNS 6561:2015, MNS 4943:2015 стандартыг хангавал төлбөрөөс чөлөөлнө. Засгийн газрын 73 дугаар тогтоолыг аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулах, улсын төсөвт мөнгө төвлөрүүлэх зорилгоор батлаагүй.

Тухайн аж ахуйн нэгж, иргэд усаа аль болох бага бохирдуулж, эрүүл мэнд, байгальд ээлтэй технологи ашиглуулах нь л энэ тогтоолын зорилго. Урьдчилан цэвэрлэх байгууламжтай болсон аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжийн шинэчлэл, өргөтгөл хийх зорилгоор ус бохирдуулсны төлбөрт төлсөн мөнгөнийхөө 50 хүртэлх хувийг буцаан авах боломжтой. Холбогдох тогтоолыг Засгийн газрын ээлжит хурлаар баталсан” гэлээ.

Мөн аж ахуйн нэгжүүд гадаадаас тоног, төхөөрөмж нэвтрүүлэхэд гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөгдөх боломж бүрдүүлсэн байна. Тодруулбал, арьс, шир, мах, сүү боловсруулах үйлдвэрүүд төдийгүй төсвөөс санхүүждэг халамж, үйлчилгээний байгууллагынхан ялгаруулж байгаа хорт бодисынхоо хэмжээг багасгах зорилгоор дэвшилт технологи нэвтрүүлэх, байгаа тоног төхөөрөмжөө сайжруулахад нь төрөөс хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх аж. Стандартын шаардлагыг хангавал төсвөөс санхүүждэг аж ахуйн нэгжүүд ус бохирдуулсны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх юм байна.

Харин аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрүүдээс гарч буй хорт бодис нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл кг тутамд нь төлбөр төлөх ёстой. Тодруулбал, органик бодисын хэмжээ MNS 6561:2015, MNS 4943:2015 стандартад зааснаас хэтэрвэл кг тутамд 50 төгрөг төлнө. Усыг эрдэс бодисоор бохирдуулсан бол 20, хүнд металл байвал 500 төгрөг төлөх шаардлагатай. Мөн аюултай бохирдуулах бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл грамм тутамд нь 1000 төгрөг төлөх ёстой аж.

Төв цэвэрлэх байгууламж эртнээс л ачааллаа дийлэхээ больсон тухай мэргэжилтнүүд сануулдаг. Тиймээс аж ахуйн нэгжүүд урьдчилан сэргийлэх байгууламжтай болох нь ачааллыг ихээхэн бууруулна. Үүнд анхаарч холбогдох тогтоолыг гаргасан нь сайшаалтай ч хөрсөнд буулгахад хүндрэлтэй байгааг мэргэжлийн хяналтынхан санууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)