668 иргэнийг хохироосон залилагчдыг удахгүй шүүнэ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олон тооны буюу 668 хохирогчтой сүлжээний залилангийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны 13.30 цагт хийхээр товложээ. 

Тус дүүргийн Прокурорын газраас “Юнит сайклер” компанийн удирдах албан тушаалтан болох Г.Номин, Г.Төгөлдөр нарыг бусдад онц их хэмжээний хохирол учруулж, амьдралын эх үүсвэрээ болгож залилан мэхэлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж.

“Жи тайм”-ын өөр нэг хувилбар гэх дээрх сүлжээний компанийн удирдлагын залилангийн хэргийн улмаас 668 иргэн их хэмжээний эд хөрөнгөөрөө хохирсон нь МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоогдсон аж. 

Шүүх хурлын танхимын багтаамжаас шалтгаалж дээрх олон хохирогчийг хуралд оролцуулах боломж хомс тул уг хэргийн хохирогчдыг энэ сарын 6-9-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт иргэний бичиг баримттай ирж шүүгчийн туслах Д.Мөнхтогтохтой уулзах юм уу, 458175, 99278995 дугаарын утсаар холбоо барьж шаардлагатай мэдээллээ авахыг мэдэгдлээ.

Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)