“60 нас хүртлээ дрифтээр өрсөлдөх бодол бий”

Аав, хүү хоёр автомашины хорхойтой. Тэднийг Д.Оюунбаатар, О.Ууганбаяр гэдэг. Унах уу, хаях уу гэж эргэлзсэн хэний ч автомашиныг засаж, шинэ загвар, содон шийдэлтэй болгох нь тэдний авьяас, бас дуртай ажил нь. Тэд хоббигоороо амьдарч, хоббигоороо уралддаг тамирчин. Спорт автомашины хурд хүч, уран жолоодлогын гайхалтай техникийг харуулдаг дрифтийн тэмцээнд тэд түрүү байрын төлөө нэгнийхээ өрсөлдөгч болсон нь цөөнгүй. О.Ууганбаяр энэ оны улирлын хаалтын “Mongolian drift series”, “Starter’s drift series-final round” дрифтийн УАШТ өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр болоход ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, тэргүүн байрт шалгарсан юм. Аав, хүү хоёрыг хүмүүс “Obo customs car” клуб, авто засвар, үйлчилгээний газраар нь мэддэг. Энэ нь өдгөө тэдний нэрийн хуудас болжээ.

-Эрсдэл ихтэй авто спорт эр зориг зайлшгүй шаарддаг. Адал явдлаар дүүрэн энэ спорт аав, хүү хоёрын зүрх сэтгэлийг юугаараа тэгтэл татав?

-О.Ууганбаяр: Японд сурч байхдаа аавыгаа дагаж автомашин сонирхсон. Тэр үед би 11 настай байв. Сургууль руугаа явах замдаа цэнхэр өнгөтэй уралдааны автомашин харчихаад “Гоё автомашинаар уралдаж үзэх юм сан” гэж бодож билээ. Автомашины ертөнцөд хөл тавихад аавын нөлөө их байсан. Намайг уралдах сонирхолтой болсон цагаас дэмжиж тусалсаар ирсэн. Би одоо дрифтийн спортоос салж чадахааргүй болжээ.

-Д.Оюунбаатар: Японд нэг нэр хүндтэй автомашины засвар, үйлчилгээний газарт ажилладаг байлаа, би. Японд чанга дуутай автомашиныг голдуу танхайдуу залуус (янк) унадаг юм. Намайг гадуур тийм автомашинтай явж байхыг хүү харчихаад, ичээд суулгүй зугтчихаж билээ. Ангийнх нь хүүхдүүд хүүгээс минь “Танай аав хулигаан юм уу” гэж асуудаг байж л дээ. Манайх гэр бүлээрээ тэнд гурван жил амьдарсан. Бидэнд энэ улс амьдрах ухаан, авьяас, эрдмийн аль алийг нь харамгүй хайрласан. Автомашины уралдаан, засвар, үйлчилгээ ямар байдгийг япончуудаас чамгүй суралцлаа. Хүү минь одоо дрифтийн тэмцээнд оролцохоос гадна автомашины засвар, үйлчилгээг гардаж хийдэг болсон. Ур чадвараараа авто инженерийн түвшинд хүрсэн гэж болно.

-Хоббидоо хөтлөгдөөд амрах зав гаргадаггүй бололтой. Автомашинтай байнга “ноцолдож” харагдах юм?

-Д.Оюунбаатар: Би багш мэргэжилтэй. Нийслэлийн 84 дүгээр сургуульд шугам зургийн багшаар 11 жил ажилласан. Мэргэжлийнхээ дагуу дизайнерын чиглэлээр Японд хоёр жил тэтгэлгээр суралцсан. Тэр үед авто ертөнцөд өөрчлөлт хийхийг хүсэж, шавь нартаа АНУ-д байдаг шиг автомашины засвар, үйлчилгээний компани байгуулж, Монголдоо нээх юмсан гэж мөрөөдөж ярьдаг байв. Японд очоод мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэсэн. Бид ажилдаа дуртай. Хүн зорилгынхоо төлөө амьдрах сайхан. Амьдралынхаа богинохон мөчид хүний төлөө амьдрах урамтай шүү дээ. Зөвхөн өөрийгөө боддог амьдрал утгагүй. Аав, хүү хоёр мэддэг, чаддаг зүйлээ бусадтай харамгүй хуваалцъя гэж боддог. Би хүүтэйгээ хамт дрифтийн тэмцээнд оролцдог. Тиймээс хүүгээ олон улсын тэмцээнд өрсөлддөг тамирчин болгохоор зорьж буй.

СОНИРХОЛДОО ЭРГЭЖ БУЦАХААРГҮЙ ХӨТЛӨГДСӨН БОЛОХООР УРАЛДАХААС ТАТГАЛЗДАГГҮЙ

-Автомашины шоу, тэмцээн гэхээр таны нүд сэргэдэг бололтой. Магадгүй авьяас, ур чадварыг чинь нэг талаар хөглөдөг ч байж болох юм.

-Д.Оюунбаатар: 2006-2014 онд Японы автомашины бүх шоунд оролцсон. 2014 онд ОХУ-ын Эрхүү хотод болдог “Байкал мотор шоу” тэмцээнд Монголоо төлөөлж, хоёр автомашинтай явсан. “Auto tuning style” ангилалд түрүүлж, гран при, 100.000 рублиэр шагнуулж билээ. Энэ ангилалд автомашиныг хэрхэн тоноглосныг гол шалгуур болгодог юм. Инженерийн төрөлд III байрт шалгарч байв. Техник өндөр хөгжсөн орнуудад автомашины хөгжил, хувьсал давуу байгааг тэмцээнд оролцож байхдаа олж харсан. Би Японд очиж ажиллах болгондоо засвар үйлчилгээний шинэ технологид суралцаж, Монголдоо нэвтрүүлэхээр зорьдог.

-О.Ууганбаяр: Дрифтийн тэмцээнд аавтайгаа өрсөлдөх тохиолдол байдаг. Хоёулаа шөвгийн 16-д шалгарч өрсөлдөөд, аавыг хожиж байлаа. Аавтай тэмцээнд оролцоход сэтгэл тайван болчихдог. Араас нь нэхэж явахад ч урамтай, бид уралдааны замд өрсөлдөхөөс илүү хөгжилтэй байдаг юм. Одоогоор уралдааны гурван автомашинтай. “Toyota chas¬er tzx100”-гаар голдуу тэмцээнд оролцдог. Би Ваки Ёшиаки хэмээх япон багштай. Багш маань Монголд ирж дрифтийн тэмцээнд оролцохдоо ногоон өнгөтэй “Nissan SX180” автомашинаар өрсөлддөг. Надад дрифт хийдэг автомашинуудаас “Subaru” таалагддаг, хөдөлгүүр нь хүчтэй, огцом хурдтай. Дараа жилийн тэмцээнд “Subaru”-тай оролцох бодол бий. Монголын авто спортын тэмцээнээс мастер кросс илүү сонирхол татдаг. УАЗ-ын ангилалд уралддаг тамирчидтай өрсөлдөх бодолтой байгаа.

-Ваки Ёшиакитай хэзээ танилцаад, багш шавь болов?

-О.Ууганбаяр: Багштай хоёр жилийн өмнө танилцахад надад Японд болдог дрифтийн тэмцээнд оролцох санал тавьсан. Би анх дрифтийн тэмцээнд оролцохдоо их сандарч билээ. Уралдах хүслээр дүүрэн ч ур чадвараар дулимаг байсан болохоор эмээсэн. Уралдааны замд гараад л автомашинаа эвдэлсэн. Тэр тэмцээн надад маш том сургамж болсон. Түүнээс хойш аавынхаа найз япон багштай бэлтгэл сургуулилалт хийдэг боллоо. Багш маань надад тамирчин хүн авхаалж самбаа, эр зоригтой байхаас гадна сэтгэл зүйн хувьд сайтар бэлтгэгдсэн байх ёстойг зөвлөсөн. Багшийнхаа зөвлөснөөр Монголдоо ирж, “Mongol63 circuit”-ээс” зохион байгуулсан дрифтийн тэмцээнд орж түрүүлсэн. Тэр жил миний хувьд амжилт арвин байлаа. Дрифт өндөр өртөгтэй, эрдэлтэй спорт. Тиймээс сайн тамирчин байхын тулд өөрийгөө олон талаар хөгжүүлэх ёстой. Миний хувьд олсон мөнгөө тэмцээнд байнга зарцуулах амаргүй санагддаг. Гэхдээ хүний хүсэл, тэмүүлэл хамгаас хүчтэй тул тэмцээнд өнжихгүй оролцохыг хичээдэг.

-Японд болдог дрифтийн тэмцээнд оролцдог гэсэн. Тэнд уралддаг гадаадын тамирчидтай өрсөлдөнө гэдэг өндөр ур чадвар шаардах нь мэдээж.

-О.Ууганбаяр: Тамирчны ур чадвар хэдий сайн ч уралдааны замд автомашин саатвал тэмцээнийг орхихоос аргагүй. Тамирчдад тулгардаг асуудалтай би ч нүүр тулсан удаа цөөнгүй. Японд дрифт, мото спортын тэмцээн байнга болдог. Тиймээс тамирчид нь мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдсэн байдаг. Тэмцээнд сайн оролцсон гадаадын тамирчид япончуудын хараанд өртдөг. Тэмцээний өмнө бүх тамирчин хүчтэй өрсөлдөгч шиг санагддаг. Харин уралдааны замд хэр авьяас, ур чадвартай нь л шалгардаг. Миний хувьд дрифтийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөөд есдүгээр байрт шалгарсан. Тухайн үед шалгарахгүй байх гэж бодож зогстол нэрийг минь дуудахад эхэндээ итгээгүй. Тэмцээнд багшийнхаа автомашиныг эвдчихсэн болохоор бага зэрэг эмээж л байлаа. Багшийн автомашиныг аав шөнөжин зассан. Амрах завгүй ажиллаж байгаа аавыгаа хараад “Би уралдахаа больё, багшийнхаа автомашиныг эвдчихлээ” гэхэд багш “Чи Монголоос Японд уралдахаар зорьж ирчихээд оролцохгүй явна гэдэг дэндүү харамсалтай. Уралдах автомашиныг чинь бид засчихлаа, одоо сэтгэл зүйгээ бэлд” гэж зөвлөсөн. Ингэж аав, багш хоёрынхоо зөвлөснөөр Японд болдог сонирхогчдын дрифтийн тэмцээнд гадаадын тамирчидтай өрсөлдсөн.

-Монголд болсон дрифтийн хэд хэдэн тэмцээнд Ваки Ёшиаки оролцохынхоо хажуугаар шүүгчээр ажилласан гэл үү?

О.Ууганбаяр -Тийм ээ. Би багштайгаа байнга холбоотой байдаг. Монголд ирсэн үедээ манайхаар зочилдог юм. Аавтай минь нас ойролцоо ч дрифтийн тэмцээнд 26 дахь жилдээ оролцож байгаа мэргэжлийн тамирчин. Эхнэр нь бас дрифтийн тамирчин. Тэд дрифтийн тэмцээнд оролцож байхдаа танилцсан гэнэ лээ. Багш маань Монголд ирж тэмцээнд оролцох болгондоо түрүүлдэг. Тэрбээр “Монголд дрифтийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх хэрэгтэй, танай тамирчдын чадвар тааруухан юм. Та нар тэмцээн зохион байгуулж, үзэгчдээс мөнгө авч байгаа бол сэтгэлд нь хүрэх дрифт үзүүлэх хэрэгтэй. Тэд дрифтийн тэмцээн үзээд таашаал авдаг байх ёстой шүү дээ” гэж хэлдэг юм. Энэ оны сүүлчийн тэмцээнд шүүгчээр ажилласан. Түүнийг тэмцээн шүүхэд үзэгчид сэтгэл өндөр байсан шүү.

МӨРӨӨДЛӨӨ ЗОРИЛГО БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ БАЙНА

-Таныг УАЗ маркийн машинаар уралдана гэхээр үнэхээр гайхлаа. УАЗ-ын ангилалд акулуудтай эн зэрэгцэж уралдах тун амаргүй. Өөртөө хэр их итгэлтэй байна вэ?

-Д.Оюунбаатар: УАЗ-ын уралдаан сонирхолтой ч хүүгээ уралдуулахгүй, хэсэгтээ харзнаж байгаа. Энэ ангилалд уралддаг тамирчид шороон замд их хурдтай өрсөлддөг. Уралдааны машин нь бэлэн байгаа болохоор хэзээ нэгэн цагт хүүтэйгээ ралли, эсвэл кросст уралдах бодол бий. Миний хувьд хоёр удаа уралдах гэж үзсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаас хойшилсон. Дрифтийн спорт Монголд хөгжөөд арван жил болж байна. Энэ тэмцээнд хоббигоо хөгжүүлж, 60 нас хүртлээ дрифтээр өрсөлдөх бодол бий. Сонирхолдоо эргэж буцахааргүй хөтлөгдсөн болохоор уралдахаас татгалздаггүй. Түрүүлэхдээ гол нь бус, тэмцээнд оролцож, эрч хүч, эр зоригийг мэдэрч, таашаал авах сайхан. Авто спортын тамирчдад зориг, хурд их чухал. Авто машины уралдааны төрлийг ерөнхийд нь тав ангилдаг. Спорт, гэр бүл аяллын, 4x4 буюу жийп машин, VIP буюу тансаг зэрэглэл, мотоциклын гэсэн төрөл байдаг. Төрөл тус бүрт автомашинтай болохыг хүсдэг.

О.Ууганбаяр: -Тэмцээнд тамирчныг тэр өдрийн аз ивээдэг гэдэг дээ. Бид өмнө үүнийг нэг их ойшоодоггүй байж. Монгол хүний сэтгэл зүйн онцлог өөр. Манай авто спортын тамирчид их шүтлэгтэй. Тамирчид уралдахынхаа өмнө машиныхаа дугуйг сүүгээр мялаахыг анх харчихаад их гайхсан. Японд олон тэмцээн үзэхдээ ийм зүйл огт харж байгаагүй. Энэ спортод хөл тавьсан бол гарна гэж хэзээ ч байдаггүй. Эрүүл мэндээ бодохоос гадна санхүүгээ төлөвлөдөг байх ёстой. Авто спортын ямар ч төрлийн уралдаан өртөг өндөртэй тул чамгүй хөрөнгө шаарддаг. Тиймээс өөрийн гэсэн ивээн тэтгэгчтэй байх нь чухал. Ивээн тэтгэгчтэй байхын тулд чадвартай байх ёстой, чадвартай байхын тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Сайн тамирчны хичээл зүтгэл бэлтгэл сургуулилалт хэр базааснаас харагддаг. Миний хувьд мөрөөдлөө зорилго болгохын төлөө хичээж байна. Тиймээс аавтайгаа өдөр бүр уйгагүй хөдөлмөрлөдөг.

-Сониуч зан тань техниктэй нөхөрлүүлсэн юм шиг санагддаг. Монголд “Obo customs car” авто засвар, үйлчилгээний газар нээснээс хойш авто спортын тамирчид та хоёрыг зорьж очдог болжээ.

-Д.Оюунбаатар: Сүүлийн үед тамирчид ч гэлтгүй автомашин сонирхдог залуус төмөр хөлгөө гоё болгуулах гэж зорьж ирдэг болсон. Намайг зурагтаар анх “Авто хувьсал” нэвтрүүлэг хийж эхлэхэд залуучууд авьяас, нөөц боломжоо ашиглаж, ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб нээгээд ажиллуулдаг болсон. Миний хувьд өрсөлдөхөөсөө илүү тэднийг олон зүйл сэдэж, санаачилж хийгээсэй гэж хүсдэг. 1999 онд шавь нартайгаа хамтраад спорт, жижиг тэргийг өөрчилж, өөр загвартай болгосон. Тэр үедээ л “тасархай” байлаа. Одоо харахаар инээд хүрдэг. Надад япончуудаас суралцсан зүйл чамгүй бий. 2010 онд Монголд ирж, залууст шинэ зүйл харуулж, мэдрүүлэх зорилгоор автомашины том гарааш барьж, хүмүүст үйлчилж эхэлсэн. Япончууд сэтгэл, итгэл, найдварыг эрхэмлэдэг. Тиймээс ажилдаа сэтгэлтэй хүнийг хайрладаг. Тэдний хөдөлмөрч зан чанараас сурсан бүхэн одоо надад хэвшил болжээ.

-О.Ууганбаяр: Хобби маань миний хувьд амьдрал. Аавыг байхгүйд намайг зорьж ирдэг үйлчлүүлэгч олон. Хүний итгэл даах сайхан. Намайг 12 дугаар ангийн сурагч байхад аав “Чи ирээдүйд аавынхаа байгуулсан энэ газрыг удирдана шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед “Аав аа, хүмүүс намайг зорьж ирэх үү, би сэтгэлд нь хүртэл засаж чадах болов уу” гэж асууж билээ. Ааваас ингэж асууж байсан үеэ бодвол одоо өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болжээ. Бид өдөр бүр янз бүрийн мэргэжил, боловсролтой хүмүүстэй харилцдаг.

-Японыг зорьсон нь танд өөрийгөө хөгжүүлэх зөв алхам байжээ.

-Д.Оюунбаатар: Улсаа хөгжүүлэхийн тулд япончууд АНУ, Итали руу олноор явсан гэдэг юм. Технологийн анхдагч орнуудад инженер, техникчдээ бэлтгэж чадсан. Монголчууд бүтээлч сэтгэлгээтэй залуучуудаа гадаадад явуулах хэрэгтэй. Харин тэд эх орондоо ирж, сурсан эрдмээ харуулах ёстой. Манайхан нэг нэгнээ дэмжихдээ муу. Сэтгэлээс илүү мөнгө бодож ажилладаг. Аливаа зүйлд аминч, хувиа бодсон зангаар ханддаг дутагдалтай. Монголд нэгнийхээ дээр гарч амьдрахыг хүсдэг хүн олон. Азид Монголоос өөр ийм үзэл хандлагатай орон бараг байхгүй болов уу.

-Сонирхол тань хилийн дээс алхуулж, амжилт руу хөтөлсөн байх аа?

-Д.Оюунбаатар: Амьдралаас давсан хэрэглээтэй байж хобби руу хошуурах хэрэгтэй. Хобби сонирхол төдий байвал амархан унтардаг.

-Гэр бүлээрээ автомашин сонирхдог айл танайхаас өөр байхгүй болов уу?

-Манайх гурван хүү, нэг охинтой. Амьдрахын тулд хүн юу ч хийж болно. Харин сонголтоо зөв хийх хэрэгтэй. Гэр бүл тэр хүний хамгийн найдвартай, итгэлтэй бат цайз байх ёстой. Амьдралынхаа хэрэглээнээс давж байж хүн хоббигоо хөгжүүлдэг. Миний хувьд амьдралаа хоббитойгоо эн тэнцүү авч яваа учраас гэр бүл минь дэмждэг. Манайх гэр бүлээрээ автомашины хоббитой. Том хүү тамирчин, автомашины уралдаан сонирхдог. Дунд хүү интерьер дизайнер болох хүсэлтэй. “Би автомашины дотрыг маш сайн засдаг хүн болно” гэдэг юм.

-Танайх автомашины холбогдолтой сэтгүүл их захиалж уншдаг бололтой?

-Би Японы хамгийн олон уншигчтай таван сэтгүүл захиалдаг. “Jlug”, “Сustom car”, “Audio car”, 4w зэрэг сэтгүүл байнга уншдаг. Энэ сэтгүүлүүдийг уншихын тулд халаасандаа байгаа мөнгөө шавхаад авсан ч удаа бий. Оймс минь цоорхой байсан ч сэтгүүлд бол мөнгө харамгүй зарцуулж чадна. Японд жил бүр “Токио авто салон”, “Нагояа авто трейд” зэрэг томоохон шоу болдог тул нэгдүгээр сард тус улсыг зорьдог. Тэнд очоод маргааш нь ажилдаа ордог. Тэндхийн дрифтийн болоод мото спортын тамирчид арваннэгдүгээр сараас “Обо хурдан ирээрэй. Чамайг хүлээж байгаа шүү” гээд холбоо бариад эхэлдэг юм.

-Японд зохиодог шоу тэмцээнд “Obo customs car” логогоо тавьдаг биз дээ?

-2011 онд Японы алдартай байкер Кагаяама Юүкиогийн уралдааны мотоцикл дээр клубийнхээ логог бүтэн жил байршуулах эрх авсан. Кагаяама тэр жил оролцсон бүх тэмцээндээ мотоциклтойгоо уралдаж, Монголын логог дэлхийд сурталчилж таниулсан. Энэ бол бидний хувьд маш том амжилт. Порт чиглэлийн автомашинтай холбогддог хүрээнийхэн дундаа би хамгийн ахмад нь. Гэхдээ өөрийгөө хөгшин гэж хэзээ ч боддоггүй.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)