60 мянган өрх, 700 барилга халаах Амгалан станц өрхөө татлаа

Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Амгалан дулааны станц барихаар шийдвэрлэж,  наймдугаар сараас бүтээн байгуулалтын их ажил эхэлсэн юм. Тэгвэл тус станцын тоног төхөөрөмжийг турших, тохируулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж, өдгөө хотын зүүн бүсийн 60 мянган айл өрх, 700 орон сууцыг дулаан, эрчим хүчээр хангах хүчин чадалтайгаар ашиглалтад орлоо. Өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос II зуухаа галлаж, айлуудад дулаан, эрчим хүч түгээж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тэд 57.200 Гкал дулаан түгээжээ.

Сүүлийн 32 жилд улсын хэмжээнд хийгдээгүй үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Амгалан дулааны станцын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга, нийслэлийн удирдлагууд, гүйцэтгэгч, туслах компаниудын төлөөллүүд оролцсон. Нийт 10 гаруй мянган га газрыг чөлөөлөхөд нийслэлийн төсвөөс 30 гаруй тэрбум төгрөг зарцуулсныг хотын удирдлагууд хэлэв. Тус станц нь гурван зуухтай, нэг нь 116 мВт-ын хүчин чадалтай, сүлжээнд өгөх усны температур нь 130, буцах нь 70 градус, цагт 4000 тонн ус зарцуулж байгаа аж. Хотын баруун, баруун өмнөдөөс зүүн талын хамгийн холын хэрэглэгч хүртэл 25 км шугамаар дулаан, эрчим хүч түгээх боломжтой болжээ. Үр дүнд нь дулааны хүндрэлтэй цэгүүд болох Баянзүрх дүүргийн 12, 13, 15, 16 дугаар хорооллын дулаан хангамж эрс сайжирсан байна.        


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)