512 мянга га талбайд тариалалт хийснээс 441 мянгын хураан авах боломжтой гэсэн тооцоо гарчээ

Улсын ургацын комиссын хурлаар 2019 оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцаж, цаг агаарын төлөвийн мэдээллийг сонсож, ургац хураалтын технологийн зөвлөмж гаргасан байна. 

2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс

  • 340.1 мянган га-д улаанбуудай
  • 14.8 мянган га-д төмс
  • 8.0 мянган га-д хүнсний ногоо
  • 82.4 мянган га-д тосны
  • 42.0 мянган га-д тэжээлийн ургамал буюу нийт 512.0 мянган га-д тариалалт хийсэн байна. 

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1,147 аж ахуйн нэгж, иргэдийн 337.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулж зохион байгуулснаар нийт тариалсан талбайн 75.6 % буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан аж.

Гэвч энэ жилийн хувьд тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөлөөлсөн байна. Түүнээс гадна зургаадугаар сар бүхэлдээ хуурай, халуун, олон хоног үргэлжилсэн хэт халалт, зургаадугаар сарын 25-наас, зарим бүс нутгуудад долдугаар сарын 4-нөөс орж эхэлсэн бороо зэрэг нь буудайн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна.

Энэ жил Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар ургац хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад үргэлжилсэн хэт халалт, гангийн улмаас ургац бага зэрэг буурахаар байгаа аж.  

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, ган, хүчтэй мөндрийн улмаас Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 11.0 мянган га талбайд ургац хураах боломжгүй байгаа бол болц дутуу байснаас 3.5 мянган га талбайн ургац тэжээлд шилжих зэргээр хүндрэл үүсэх төлөвтэй байна.  

Мөн цаг агаарын урьдчилсан төлөвөөр наймдугаар сарын сүүлчээр тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, улмаар есдүгээр сарын эхээр цас орох магадлалтай. 

Тиймээс ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг боловсруулан тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч буй аж. 

Ургац хураалтад 1,216 комбайн, 511 жатка, 362 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн, 455 төмс, хүнсний ногоо ухагч, 923 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар судалгаа гарсан бөгөөд засвар үйлчилгээ хийж, техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай байгаа юм байна.

Ургац хураалтын үед ажиллах тээврийн  хэрэгслийн болон цэргийн албан хаагч, оюутны захиалга, ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийн судалгааг орон нутгаас авч байгаа аж.

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)