51 ХУВИЙН ЦААНА

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан МАН-ын бүлгээс УИХ-ын нэгдсэн хуралдаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтээ танилцууллаа. Сөрөг хүчний зүгээс хийж буй дайралт мэтээр зарим улстөрч хүлээн авч буй байх.

Гэвч үнэндээ өнөөдөр улс орны эдийн засаг, улс төрийн байдал хэрээс хэтэрч, хэдхэн сарын өмнө л хүндрэл хэмээн хөнгөнөөр нэрлэж байсан бол эдийн засгийг хямрал хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “...Монгол Улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 182 хувьтай тэнцүү боллоо.

Энэ нь Монгол Улсын нэг иргэнд 14 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг юм. Монголчууд бид ирэх онд 962.4 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээнд өгөхөөр боллоо....” гэсэн. Энэ бол эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалд анхаарал хандуулсан анхны дүгнэлт биш.

Өмнө нь эдийн засагч, судлаач, шинжээчдийн гаргасан албан бус тооцоогоор 2015 оны эхний байдлаар “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны үндсэн зээл 2.4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүн дээр хүү нь нэмэгдээд 3.2 тэрбум ам.долларыг 2017 оноос төлж эхлэх талаар анхаарч сануулсаар ирсэн.

Өрийн “цаг” хэдийнэ ажиллаж, минут, секундээр тоолуур нь гүйсээр хамгийн эхний буюу Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг 2017 оны гуравдугаар сараас төлж эхлэхэд 500 хүрэхтэй үгүйтэй хоног үлдээд байна. Ийм үед эрх баригч АН-ынхан эдийн засгаа өндийлгөх талаар ганц ч алхам хийлгүй, хугацаа алдсаар өдий хүрэв.

“Оюутолгой”, “Тавантолгой”, “Гацуурт” зэрэг том төслийг эхлүүлнэ гэж хавраас хойш ярив. Гэтэл гараанаас гарсан гэх “Оюутолгой”-н эхний үр дүн энэ арванхоёрдугаар сараас биш, ирэх хавар болтол хойшлогдох төлөв ажиглагдаж эхэллээ.

Дайран дээр давс гэгчээр сонгуулийн өмнөх жилийн улстөрчдийн увайгүй сурталчилгаа, нэр алдар олох гэсэн худал мэдээлэл, мэдэгдлүүдэд Монгол дахь Японы Элчин сайдаас эхлээд хариу тайлбар, залруулга хийсэн нь олон улсын дипломат ёс, зарчмын өмнө нүүр хийх газаргүй болгож буй.

Өөрийнхөө улстөрчдийн үгэнд биш, Японы Элчин сайдын хэлсэнд итгэх хүртлээ Монголын төр, засгийн бодлого, шийдвэр худал хуурмаг, хуйвалдаан, барьцаа болчихсон гэж үү.

Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөлд хамтрах сонирхлоо илэрхийлж, эргэж буцсан Монголын төр, засгийн шийдвэрт хүлээцтэйгээр өдий хүртэл хандаж буй япончуудын хувьд манай улстөрчдийн ард түмнээ хуурсан худал, хуурмаг хуйвалдаанд оролцоогүйгээ Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаараа дамжуулан эелдэгхэн уламжилсан.

Ноён Такэнори Шимизү хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Япончууд төмөр замын ТЭЗҮ-ийг ирэх арванхоёрдугаар сард дуусгана гэж ярилцлага өгчээ. Би үүнийг анх удаа сонсож байна. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч ийм утгатай ярилцлага өгсөн байна лээ. Магадгүй андуурсан байж мэдэх.

Гэхдээ санамж бичигт огт ийм зүйл байгаагүй гэдгийг хэлье” гэсэн нь манай улстөрчдөд нэгийг сануулж, хоёрыг бодуулан, ичих булчирхайг нь цочроосон гэдэгт найдъя. Тэд үүнээс цааших тоглолт хэрхэн өрнөж, юунд хүрэхийг ажиглаж буй биз.

Бас нэг гол оролцогч БНХАУ-ын тал “Монголчууд та нар хоорондоо учраа олчих оо. Бид хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээсэн талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан.

Энэ нь Тавантолгойн гол оролцогч япон, хятадууд “Та нарын тамын тогоонд бид орохгүй. Тогоон дотроо сайн “зодолдчихоод”, ялсан нь бидэнд хандаарай” гэсэн егөө мэт.

Тавантолгойн төлөөх энэ “зодоонд” хэн, хэзээ, хэрхэн ялахыг таах аргагүй. Үүний хөлд ард түмний амьдрал, улс орны хөгжил, хувийн хэвшил үрэгдэх нь.

Ямар ч байсан өнөөдрийг хүртэл үүссэн нөхцөл байдал буюу Л.Эрдэнэчимэг ахлагчтай УИХ-ын Ажлын хэсгийн сүүлчийн тоглолт болох 40 гишүүний гарын үсэгтэй тогтоолын төсөл нь Тавантолгойг энэ УИХ, Засгийн газрын үед л лав шийдэх гарцгүйгээр, нам гацаанд оруулах шийдэл хэмээн үзэж болохоор байна.

Тэр өдөртөө шахам УИХ-ын даргад өргөн барина гэж асан энэ тогтоолын төслийн сураг алга. Гарын үсэг зурсан гэх гишүүдийн дунд ч ”Ийм хавсралттай тогтоолын төсөлд гарын үсэг зураагүй шүү” гэсэн яриа ч Төрийн ордонд дуулдаж байна.

Үүнээс үзвэл Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч мөн л яаран сандран гоомой мэдээлэл хийсэн бололтой. Үүний цаана юу байна вэ?

Тухайн үед үүссэн улс төрийн нөхцөл байдал, Тавантолгойн төмөр замтай холбоотой баривчилгаа, АН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар ярьсан асуудал зэргээс үүдэн үүнийг Засгийн газарт тулгасан шантааж хэмээн зарим улстөрч үзэж буй. Гэхдээ үнэн эсэхийг цаг хугацаа харуулна.

Харин эдийн засгийн талаас нь үнэлж, тооцож үзвэл арай бодит дүгнэлт гарахаар байна. УИХ-ын 76 гишүүн дотор Тавантолгойг гацаах ашиг сонирхлоос илүү улс орны эдийн засгийн гол гарц хэмээн үнэлж, дүгнэж асуудалд ул суурьтай хандаж буй олон гишүүн бий.

Тэд юуны түрүүнд Тавантолгойн орд болон төмөр замд төр 51 хувь эзэмшихэд эдийн засгийн боломж бололцоо бий эсэхийг тооцох нь тодорхой. Эдийн засагчид ч мөн энэ талаас нь судлан шинжилж буй.

Тиймээс УИХ дахь ажлын хэсгийн гаргасан Тавантолгойн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших, шинэ төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших саналыг эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалт, менежмент талаас нь сонирхож үзлээ.

Тавантолгойн хөрөнгө оруулалтын олон улсын тендер зарлаад бараг л гурав дөрвөн жил өнгөрсөн. Хөрөнгө оруулалтын хэмжээ анхнаасаа л хэдэн тэрбум ам.доллараар яригдаж байсан учраас олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтрах нь зүйтэй гэсэн шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргасан.

Хэдэн жил ярьсан энэ тооцоо, судалгаагаар зөвхөн төмөр зам тавихад таван тэрбум гаруй ам. доллар шаардлагатай. Төр Тавантолгойн төмөр замд 51 хувийг эзэмшсэн тохиолдолд энэ хувьтайгаа дүйцэх 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах ёстой. 2.6 тэрбум доллар гэдэг нь 5.2 их наяд төгрөг буюу үндсэндээ манай дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг гэсэн үг.

Тэгэхээр энэ их хэмжээний ачаалал Засгийн газарт ирэх болж байна. Тавантолгойн гол хөдөлгүүр болсон төмөр замын асуудлыг эхний ээлжинд шийдэх зорилтыг Засгийн газар тавьсан. Гэтэл үүнийг хөрөнгө оруулагчидгүйгээр шийдэх боломж ойрын хэдэн жилдээ лав байхгүй гэж эдийн засагчид үзэж буй.

Тэр дундаа 51 хувийг төр эзэмшсэн тохиолдолд ойрын хугацаанд эхний ээлжинд хамгийн багадаа 10 хувь болох 260 сая ам.доллар гаргах болно. Гэтэл төмөр замын 51 хувьд ногдох эзэмшлийнхээ 10 хувийг ч төлөх чадамж Засгийн газарт байхгүйг УИХ-ын эрхэм гишүүд тооцоолоогүй гэвэл итгэх хүн байхгүй.

Эсвэл үүнийг мэдсээр байж ийм санал оруулж буй нь Тавантолгойг ч, төмөр замыг ч бүхэлд нь “51 хувиар” гацаах тоглолт улс төрд өрнөжээ хэмээн ойлгоход хүргэж байна.

2016 оны нэгдсэн төсөвт Тавантолгойн төслийг эрчимжүүлснээр 200 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ. Гэтэл энэ мөнгийг хэн, хаанаас, яаж төвлөрүүлэх юм бол. Хөрөнгө оруулалтын гэрээ нь гацсан, өөрсдөө хөрөнгөө гаргаад нүүрсээ олборлож, тээвэрлэх нь байтугай 100 хувь төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани энэ хэмжээний мөнгийг төвлөрүүлнэ гэдэгт итгэж болох уу? Тэд улсад мөнгө оруулах нь байтугай “Чалко”-д төлөх ёстой хэдэн жилийн өмнөх 110 сая ам.долларын өрөө ярьсан хэвээр байгаа.

“Чалко”-гийн өрийг энэ онд багтааж төлж дуусна гэж улстөрчид сайхан ярьж байсан ч одоо хүртэл төлөөгүй л байгаа. Төлөх нь байтугай Зүүн Цанхиас нүүрс тээвэрлэж “Чалко”-гийн 110 сая ам.долларын өрийг даралцаж буй манай үндэсний тээвэрлэгч компаниуд дөрвөн сар гаруй ажилгүй зогссоны улмаас хэдэн зуун сая төгрөгийн алдагдал хүлээн дампуурлын ирмэгт тулснаа мэдэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компанид шаардлага хүргүүлэв. Тавантолгойн байдал өнөөдөр ийм л байна.

Зээлсэн бол мөнгөө эргүүлж төлөх нь бизнесийн зарчим. “Чалкогийн өр” хэмээн хэдэн жил ярьж буй энэ 110 сая ам.долларыг хятадууд биднээс бэлнээр нь нэхээгүй. Улстөрчдийн ярьдагчлан ухаад зөөгөөд л гаргасан хэдхэн сая тонн нүүрсээрээ төлчихөж чадахгүй өдий хүрлээ.

Тэд ийм амархан юм ярьдаг. Гэтэл нүүрсийг ухаж зөөхөд ч гэсэн мөнгө зарцуулдаг, хөрөнгө оруулалт хэрэгтэй байдгийг бизнесийн салбараас улс төрд орсон эрхэм гишүүд хамгийн сайн мэдмээр л юмсан.

Тавантолгойн баялгийг тэр чигт нь төрийн нэрийн өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” компани 100 хувь эзэмшдэг. Гэтэл энэ компани байгуулагдсанаасаа хойш ард түмний төлөө, улс орны эдийн засагт ямар үр өгөөж өгөв өө? Удирдлагууд нь жирийн иргэдийн бүтэн жилийн цалинг ганцхан сард авч, улс төрийн бүлэглэл, эрх мэдэлтнүүдийн шахалт дарамт дор хэрэгтэй, хэрэггүй тендерт хэдэн төгрөгөө зарцуулахаас өөрөөр юу хийв. Гэтэл хөрөнгө оруулагч нартай хамтран төр 51 хувийг эзэмшсэнээр Тавантолгойд зарчмын ялгаа гарах уу?

100 хувь эзэмшиж байхдаа хийж чадаагүй менежмент, бодлогоо 51 хувийг авснаар явуулна гэдэгт хөрөнгө оруулагчид итгэх үү. Тэд 49 хувьд ногдох хөрөнгөө гаргаад, давуу эрхтэй, хяналтын багцтай төр гэдэг хүнд сурталтай, хоосон мэдэмхийрэгчидтэй бизнесийн нэг баг болж хамтарч ажиллаж чадах уу? Чаддаг юм аа гэхэд 51 хувьд ногдох хөрөнгө оруулалтаа Засгийн газар хаанаас, яаж олох вэ? Тэртэй тэргүй өрийн таазандаа тулчихаад байгаа зээл, тусламжаар Тавантолгойн хөрөнгө оруулалтыг шийднэ гэвэл түүн шиг сүйрэл байхгүй.

Эсвэл төрийн мэдлийн 51 хувьд ногдох мөнгөө Япон, эсвэл Хятад, Америкийн хөрөнгө оруулагчаасаа зээлээд Оюутолгой шиг бүхэл бүтэн Засгийн газраараа өрийн барьцаанд орох уу гээд олон асуулт эргэлзээ дагуулж байна.

Төмөр замын царигийн маргаан Тавантолгойг таван жил гацаасан. Харин одоо орд болон төмөр замын 51 хувийг төрд эзэмшүүлэх энэ санал Тавантолгойг бүхлээр нь таг гацааж болзошгүй байна. АН анх 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо стратегийн ордуудад төрийн эзэмших хувь хэмжээг 51 хувь болгоно гэж ард түмний эх оронч үзлийг өдөөж байлаа.

Харамсалтай нь, энэ намыг эрх барьж буй үед Монголын 15 стратегийн ордоос алт, зэсийн нөөцөөрөө Оюутолгойгоос дутахааргүй Цагаансуваргын ордыг МАК гэх ганц компанид 100 хувь эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

Наадмын өмнөх хэдхэн өдөр хэлэлцээд шийдсэн энэ хуйвалдаанаар улсын хөрөнгөөр олж, илрүүлж нөөцийг нь тогтоосон Цагаансуваргын зэс, молибдений энэ ордод ард түмний хувь оролцоо байх ёстой 51 хувийг эзэмших мөнгө төрд байхгүй гэдэг шалтгаанаар МАК компанийн мэдэлд 100 хувь шилжүүлж байсныг сөхөхөд илүүдэхгүй биз ээ.

УИХ-ын гишүүд стратегийн ордуудад, ялангуяа мега төслүүд дэх төрийн мэдлийн хувь эзэмшлийг тогтоохдоо ийнхүү ялгавартай хандахын цаана юу нуугдаж байна вэ?

 Д.ОЮУН-ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)