51 аж ахуйн нэгжийн 1243 инженер, техникийн ажилтныг хилээр оруулж, гаргах хэрэгтэй гэв

Хилийн хорионы улмаас хоёр сар орчим завсарласны эцэст манай улс өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас Гашуун сухайт боомтоор экспортоо эхлүүлсэн. Өдгөө дөрвөн боомтоор нүүрс экпортолж буй бөгөөд зургадугаар сарын байдлаар 8.7 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 52 хувиар багассан дүн аж. Түүнчлэн зургадугаар сарын гүйцэтгэлээр уул уурхайн салбараас улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 779 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 2019 оныхоос 40.7 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Иймээс экпспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх зорилгоор 51 аж ахуйн нэгжийн 1243 гадаад инженер, техникийн ажилтныг улсын хилээр гаргах, оруулах шаардлага үүссэнийг УУХҮЯ мэдээллээ. Үүнээс гадна Гашуун сухайт боомтоор хэвийн үед 16 гарцаар нүүрс тээвэрлэж байсан бол өдгөө хоёр гарцаар нийлүүлж буйг онцлов. Эл хэмжээг багадаа тав болгох боломж бий аж. Ингэснээр өдөрт тус боомтоор нүүрс тээврийн 500 автомашин нэвтэрч буйг өсгөн 1000-аас дээшлүүлэх боломж бүрдэх бөгөөд уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг БНХАУ-ын холбогдох албаныханд салбарын яамнаас хүргүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)