5029 шилмүүст модыг угааж, ариутгажээ

Улаанбаатар хотын Захирагчийн албанаас нийслэлийн ногоон бүсийн шилмүүст модны титэм угаах ажлыг тав дахь өдрөө хийж байна. Тус албаныхан “Хоггүй хот” аяныг эхлүүлж, өнгөрсөн удаа нийслэлийн зарим гудамж, талбайд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэн, ариутгаж халдваргүйжүүлсэн бол энэ удаад ногоон байгууламжийн моддыг угааж байгаа юм. Уг ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нааяагаас тодруулахад “2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд 8045 ширхэг нарс, 2055 гацуур тарьснаас 98 хувь нь ургасан. Өвлийн турш шороо, тоосонд дарагдсан шилмүүст моддын титмийг угаахдаа ариутгалын ажлыг давхар хийж байна. Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар ногоон байгууламжийн арчилгаа усалгаа, нөхөн тайралтын ажлыг эхлүүлсэн. Шилмүүст модыг худгийн хүйтэн усаар угаавал шарлах, унах, цочролд орох эрсдэлтэй тул 0-ээс дээш градустай саарал ус ашиглаж байгаа. Өчигдрийн байдлаар 5029 шилмүүст мод угаалаа” гэв.

Бэлтгэсэн: Ж.Туул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)