50+26 буюу том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог эрх баригчид санал болголоо

Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан зэрэг 10 гишүүн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Хууль тогтоох байгууллагыг бүрдүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулж байв. Улмаар 2005, 2011 онд уг хуулийг шинэчилсэн. Хамгийн сүүлд буюу 2015 оны хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулж байсан Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн хуулийг нэгтгэсэн бөгөөд уг хуульд 2016 онд дөрөв, 2017 онд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ерөнхийлөгчийн 2017, УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах явцад хуулийн зохицуулалттай холбоотойгоор олон хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, нам, эвслээс илэрхийлж байсан удаатай. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн маргаан үүсэж, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болсон нь цөөнгүй. Тиймээс дээрх гурван сонгуулийг тус тусынх нь зохион байгуулалтын онцлогийг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засаг болон нийгэмд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдохоор тусгажээ. Ингэснээр улс төрийн намыг дугуйлах бус, нэр дэвшигч буюу хүнээ сонгох хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг шууд сонгохоор тусгасан Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэж үзсэн байна. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх гэнэ. Мөн нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивыг төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэх заалт оруулсан байна. Үүнээс гадна нэр дэвшигч нь төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхыг шаардах нь. Бас сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоохыг зорьсон байна. Улмаар сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр дүнтэй болгохын тулд төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтыг тусгасныг санаачлагчид онцлов.

Бэлтгэсэн: У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)