461 дүгээр хорих ангийнханд холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангийн алба хаагч болох Г.Сүхболд, С.Магван, Б.Пүрэвдалай, Б.Уранбайгаль, Т.Жавзандулам нар ажлын хариуцлага алдсан хэргээр шүүгдэж буй. Тодруулбал, Гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа амиа егүүтгэдэг өдөр буюу 2019 оны хоёрдугаар сард 23-нд дээр нэр дурдсан алба хаагчид үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг шалгахад ажилдаа хариуцлагагүй хандан, сонор сэрэмж алдаж, хяналтаа сулруулсан нь тогтоогдсон гэдгийг ШШГЕГ-ын тухайн үеийн удирдлага мэдэгдэж байсан. Улмаар 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудаа үүрэгт ажлаас нь чөлөөлж, ШШГЕГ-ын удирдлага өөрсдөө нэр цэвэр үлдэхийг хичээсэн. Г.Сүхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгч хүсэлт гаргаснаар хойшилсон байна. Тодруулбал, дээрх таван шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Ш.Батхүүгийн шүүх хуралдаанд оролцож, хурал давхардсан нь шүүх хурлыг хойшлуулах үндэслэл болжээ. Өмнө нь эл хэргийг шүүх хурал удаа дараа хойшилж байсан билээ. Энэ хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 23.5-2 дах хэсэгт зааснаар буюу Хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 13.30 цагт хэргийг хэлэлцэхээр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)