42 “хүүхэдтэй” айл

“Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах хүнгүй ахмадуудын асрамжийн газрыг байгуулсан Б.Саранбаатар өвчний улмаас хүний асаргаанд орсон дүүгээ багадаа хардаг байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй болсон түүнийхээ хажууд үргэлж байж, асарч байгаад бурхны оронд “явуулсан” аж. Орондоо бие засчихдаг байсан дүүтэйгээ хамт унтдаг байсан тул зарим үед өөрөөс нь таагүй үнэр үнэртэн, хүүхдүүд шоолдог байснаас тэрбээр ерөнхий боловсролын сургуулиасаа завсарджээ. Эхнэр Я.Болороотойгоо (тус асрамжийн газрын их эмч) ханилсны дараа хэвтэрт орсон хадам аавыгаа гурван жил орчим мөн л сувилж байжээ. Хүнд өвчтөнтэй айлаас заавал нэг нь ажил хийхгүй, асрах ёстой болдгийг мэддэгийн хувьд тэрбээр асаргаа шаардлагатай хүмүүсийг сувилах, хөнгөвчлөх эмчилгээний төв нээжээ.

Цаг зав муутай, өвчтөн асрах арга, туршлагагүй голдуу айлуудын өндөр настнуудыг хүлээн авч, сувилагч, асрагч хөлслөн үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь 2015 он. Ийм үйлчилгээ авах сонирхолтой өрх, хувь хүн цөөнгүй байдаг тул асаргааны төвийнх нь ажил удалгүй жигдэрч, ажилчид нь мэргэшсэн байна. Ийнхүү ахмадын өдрийн болон байнгын асаргааны төв ажиллуулж байх үед нь Сонгинохайрхан дүүргийн XXVIII хорооны Засаг дарга харааны бэрхшээлтэй, үр хүүхэд нь гэрээсээ хөөсөн нэг хүн тус хорооны байранд 2-3 хонож буйг дуулган, туслахыг хүссэнээр түүнийг төвдөө авч иржээ. Төд удалгүй тухайн үед нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд ажиллаж байхдаа харж хандах хүнгүй нэгэн эмээг Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэж өгсөн Я.Болороо нөгөө настан нь очих айлгүй, эмнэлгээс гарч чадахгүй байгааг мэдэн, асрах газартаа аваад ирж. Ийнхүү ганц бие, орон гэргүй хүмүүсийг нэг, хоёроор нь асрах төвдөө амьдруулсаар зургаан зочинтой болох үедээ Б.Саранбаатар, Я.Болороо нар байр түрээслэн, байнгын ажиллах асрагч хөлслөн, өрх тусгаарлуулсан нь “Ачлалт хүүхдүүд” асрамжийн газрын суурь болсон байна. Улмаар 20 гаруй хүн цуглахад ХНХЯ-нд хүсэлт гарган, магадлан итгэмжлэгдэн, албан ёсоор асрамжийн газар болсон “Ачлалт хүүхдүүд”-ийн нэг өдрийг өнгөрсөн мягмар гарагт сурвалжиллаа.

10.30-12.00 цаг. Дээрх асрамжийн газарт одоогоор 19-93 насны 42 хүн амьдарч байна. Тэдний дунд хорт хавдартай дөрөв, тархины цус харвалтын дараах саажилттай 10, альцгеймер туссан таван хүн байгаа бол үлдсэн нь шизофрени болон бусад өвчтэй. Я.Болороо эмчийн ажил тасгуудаар орж, хүмүүсийнхээ биеийг үзэхээс эхэлнэ. 2-3 дугаар давхрын 10 өрөөнд, өвчтөнүүдээ нас, хүйс, өвчнийх нь шинжээс хамааруулж 4-8 хүнтэйгээр хуваарилжээ. Нэгдүгээр өрөө бол өвөө нарын тасаг. Зурагт, жижиг шүүгээ, ширээ зэргийг байрлуулсан, дотроо ариун цэверийн өрөөтэй юм. Тус өрөөнд байсан өндөр настан дөрвөн хүний хоёрынх нь биеийн байдал хэвийн, хоёрынх нь даралт ихэссэн учраас эм өгөв. Хоёрдугаар тасаг бол эмэгтэйчүүдийнх. Дөрвөн ортой тус өрөөнд байсан хоёр бүсгүйн нэг нь утсаа оролдож суув. Даралтыг үзэж, чээжийг нь чагнах үед нэг нь эмчдээ “Та гуравдугаар эмнэлэгт цаг авав уу. Хөлөө хэзээ үзүүлэх вэ” гэлээ. Я.Болороо тэр бүсгүйн нэрийг А.Оюунбат хэмээн танилцуулаад, хөлийнх нь судас бүдүүрсэн тул хагалгаа хийлгэх шаардлагатайг дурдлаа. Коронавирусээс шалтгаалсан хорио, цээрийн дэглэмийн улмаас эмнэлгүүд төлөвлөгөөт хагалгаанаас бусдыг нь хийхгүй байгаа бөгөөд тэд дарааллаа хүлээж буй гэв. Дараагийн өрөөнд мөн л өвөө нар суудаг аж. Торгоор хэтэвч маягийн зүйл хийн, хүзүүнээсээ зүүсэн өвгөжөөр хүн тэнхлүүн харагдана. Бие тэнхээ нь гайгүй ч нас дээр гарсан, асарч халамжлах хүнгүй, ганц бие хүмүүс энэ өрөөнд амьдардаг. Даралтаа үзүүлж, чээж, нуруугаа чагнуулангаа нэг нь мөөхий, чихэр авчирч өгөхийг хүссэн бол нөгөө нь шүдний оо дууссаныг хэллээ. Эмч захисан зүйлсийг нь тэмдэглэлийн дэвтэрт бичиж авахын зэрэгцээ “Гадаа дулаан ч байшин дотор сэрүүхэн байна шүү дээ. Хүмүүсийн гар хүйтэн байгаа тул цонхоо битгий нээ. А.Ганзүрх ах үргэлж хэвтээд баймгүй байна. Гутлыг нь битгий далд хий, орных нь доор тавьчих. Ойр зуур алхаж, гишгэсэн нь дээр. А.Гончигсүрэн гуайн гар нь нэлээд хуурайшчихаж, тос түрхээд өгчихөөрэй” гэж асрагчдаа хэллээ.

Чөлөөт цаг

Найман ортой, эмээ нарын өрөө тун цэмцгэр. Бариулнаас нь хадаг уясан цүнхээ дэрлэж хэвтсэн нэг эмээ эмчээс нэрийг нь асуув. Мартах өвчтэй тэрбээр эмчийг орж ирэх бүрт нэрийг нь асуудаг гэсэн. Өөр нэг эмээ түрдэг тэргэн дээрээ эрх эргүүлж суух бөгөөд царай зүс нь сайхан харагдав. Хамаатных нь айлаас эргэлт ирсэн тул сэтгэл санаа нь өөдрөг байгааг Я.Болороо дурдсан. Дараагийн тасаг бол дунд эргэм насны бүсгүйчүүдийн “гэр”. Цонхныхоо тавцан дээр шатар, хөзөр тавьсан тус өрөөгөөр оронгуут үүдний орон дээр суусан 50 орчим насны эмэгтэй чангаар үглэж байв. “Гүзээтэй шар тос, тогооны өрөм, орос чангаанз, хөлдөөсөн аарц” гэх мэт хоол, хүнсний зүйл нэрлэн, заримдаа алгаа таших түүн рүү харж Я.Болороо “Манай Хандаа чинь амны билигтэй бүсгүй байгаа юм. Дандаа цагаан идээ, амттан нэрлэж суудаг” гээд инээв. Тус өрөөнөөс гарсны дараа ямар өвчтэй хүн гэдгийг нь лавлахад “Монголчилж хэлбэл, дайрлага дайрсан, анагаах ухааныхаар бол нэг төрлийн шизофрени өвчтэй бүсгүй. Хөдөөнөөс манайд ирсэн юм. Харж хандах хүнгүй, ганцаараа амьдарч, ойр хавийнхаа айлуудад өвөл, зунгүй зарагдан, хөл, гараа хөлдөөж, зутарч яваад энд ирсэн юм билээ. Хүнд гэм хоргүй ээ” хэмээв. Ийнхүү 10 тасгаар тойрч үзлэг хийн, шөнө хэний бие муудсан, ямар арга хэмжээ авсан зэргийг асрагчаар тайлбарлуулж, зөвлөгөө өгч явах хугацаанд 11.30 цагийн үед тэдэнд цай өгчээ. Аньсны шүүс ууж, ааруул, бяслаг зэрэг цагаан идээ идсэн юм. Хоёрдугаар давхарт байрлах хоолны танхимд хүмүүс унд уугаад, уван цуван ширээнээсээ холдоцгоож байсан бол өндөр настнууд болон хэвтрийн хүмүүстээ жимсний шүүс, идээ аваачиж өгцгөөв.

12.00-13.00 цаг. Эмчийн үзлэг дууссаны дараа хүмүүсийнхээ захисан зүйлс, нэн шаардлагатай эм, тарианд хэдэн төгрөг зарцуулахыг тооцон, зохион байгуулагч Б.Содбаярт худалдан авч ирэхийг даалгав. Үдийн хоолны цаг болох дөхсөн тул тогооч, бэлтгэгч нар ажил ихтэй, гоймонтой шөлтэй хоол хийж байв. “Ачлалт хүүхдүүд” асрамжийн газрынхан хоолны цэсээ долоо хоногоор гаргадаг юм байна. Өнөөдөр 09.00 цагт жимсний чанамалтай талх, цай, бага үдэд аньсны шүүс ууж, цагаан идээ идэцгээсэн бол 16.00 цагт сүүтэй будаа, оройн хоолонд гоймонтой хуурга өгөхөөр төлөвлөсөн байв. Гурван ээлжтэй бөгөөд нэг ээлжид тогооч, зохион байгуулагч, эмчийг оролцуулан дөрвөн хүн өдрөөр ажиллаж, хоёр асрагч хонодог аж. Мөн ээлж бүрт асрамжлуулагч бүсгүйчүүдээс нэг нь туслах үүрэг хүлээдэг юм байна. Сэтгэцийн хөнгөн хэлбэрийн өөрчлөлттэй эмэгтэйчүүд гэрийн ажилд сайн учраас гал тогоонд болон цэвэрлэгээний ажилд туслах нь зарим талаар тэдэнд эмчилгээ болж, хүмүүстэй харилцах арга эв суулган, нийгэмд тустай байх шалтгаан болдог гэнэ. Энэ ээлжид А.Бүжинлхам хэмээх бүсгүй туслахаар ажиллаж таарлаа.

13.00-13.30 цаг. Хэвтрийн болон хэт их хөдөлж болохгүй, эсвэл өрөөнөөсөө гарах дургүй настнуудаас бусад нь хоолны танхимд хооллов. Айргийн хул шиг том, халдаггүй төмөр аягатай юм. Ялангуяа сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс аль болох том аяганд идэхдээ дуртай байдаг аж. Мөн аяга нь гар халаахгүй, барьцтай байх хэрэгтэй гэнэ. Тасагтаа байгаа хүмүүсийнхээ хоолыг эмч, зохион байгуулагч гэлтгүй бүгд зөөгөөд өгчихөж байв.

14.00-15.30 цаг. Үдийн хоолны дараа чөлөөт цаг. Долоо хоногийн дөрвөн өдөр үдийн хоолны дараа алхаж, явж чаддаг бүх хүнээ хамруулж ямар нэгэн арга хэмжээ зохиодог аж. Эл ажлыг хариуцсан хүн нь Б.Содбаяр. Тэрбээр “Бид шагай, хөзөр, шатар, даам тоглож, гүйлтийн зам дээр алхан, дуулж, эсвэл бүжиглэдэг. Манайхан дуулах тун дуртай. Караокены төхөөрөмжинд маань ахмадууд, залуусын дуртай бүх дуу бий. Тохилог танхим байгаа биз, өнөөдөр бүжигтэй” гэсээр нэгдүгээр давхарт байрлах тайз, хөгжим хэрэгсэл, хүлээн авалтын ширээ, сандал бүхий тасалгаанд урилаа. Хөгжим дуугармагц тэнд цугласан 15-16 хүн бүжиглэж эхлэв. Б.Содбаяр хамт олныхоо дунд орж, манлайлан, тун идэвхтэй бүжиглэдэг нь анзаарагдсан. Тэгснээ удалгүй “А.Энхбаярыг дуудна аа” гэсээр 20 орчим настай залууг дагуулж ирлээ. Хөгжмийн хэмнэлээр эвлэгхэн бүжиглэх А.Энхбаяр бол эмчийг үзлэг хийж байхад орноосоо босолгүй, “Би унтаж байна” гэж тод хэлэн, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд байсан “сайн эр” санж. Тэрбээр сэтгэцийн хүнд хэлбэрийн өөрчлөлттэй гэсэн оноштойгоор өөр асрамжийн газарт хөл, гараа хүлүүлж, эмчлүүлж байгаад ирсэн гэнэ. Энд авчирсны дараагаас зарим эмийнх нь тунг аажмаар багасгаж, зөөлөн харилцсаны үр дүнд ийнхүү зөв зан төлөвтэй болж, дуулж, бүжиглэж сурчээ. Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүстэй эелдэг, аядуу харилцаж, уур унтууг нь хүргэхгүй, тааваар нь байлгавал яг л хүүхэд шиг цайлган, тайван дөлгөөн байдаг гэнэ. Мөн тайвшруулагч, хүчтэй үйлчилгээтэй зарим эмийг нь өгөхгүй байснаар нэг талаар бие нь эрүүлжин, догшин авир гаргах нь багасдагийг Я.Болороо эмч онцлон дурдсан. Асрамжийн газар, эмчлэгч эмч, асрагчийнх нь арга барилаас шалтгаалж хүний зан зөөлөрч, орчин тойрондоо хал балгүй байх боломжтойг давтан хэлсэн юм.

16.00-17.00 цаг. Эмч, асрагч нар оффистоо суун, өвчтөний талаар рапорт бичиж, маргааш хэрэглэх живх, ариун цэврийн цаас, хоолны материалын тооцоог асрагч нь гарган, агуулахаас гал тогоо, тасгууд руу зөөлгүүлэв. Асрамжуулагч зарим залуу гурил, будаа гал тогоо руу оруулах, бараа, материалыг 1-4 дүгээр давхар луу зөөх зэрэгт тусалдаг юм байна. Энэ үед дөрөвдүгээр тасгийн А.Чимэд-Очир гуайн бие муудлаа гэлцэн, шуугиад явчихав. Эмч нь яаравчлан, дуслаар уураг хийж эхэллээ. Маш их турж, хоол, цай идэж, ууж чадахаа больсон эл өндөр настан өчигдөр (өнгөрсөн даваа гараг) хоёр ч удаа “айлгажээ”. Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн ирж үзээд, ахиж дуудлага дуудах шаардлагагүй, найдваргүй гэж хэлж. 80 гаруй настай тэрбээр нэг хүүтэй бөгөөд багад нь ээжээс нь салсан учраас хүү нь аавыгаа танихгүй, ирж уулзахгүй гэжээ. “Аав аа гэж бодох албагүй ч хүний ёс шүү дээ, чамайг л хараад байх шиг байна. Ганцхан удаа хүрээд ирээч” гэж хүүд нь хэлсэн ч таг чиг байгаа аж. “Ингэтлээ бие нь дордсон ч хүүтэй гэдгээ мэдэж буй хүн чинь хүлээгээд байх юм” хэмээн Я.Болороо эмч өгүүлэхэд хэлэх үг олдсонгүй. Мөн нэг өндөр настан орондоо бие зассан тул асрагч Д.Нямдэлгэр хуурайллаа. Хүний асаргаанд орсон ахмадууд ариун цэврийн өрөө орж чадахгүй, энд тэнд бие засчихдаг тул байнга анхаарч, шалгах хэрэгтэй юм билээ.

17.30-18.00 цаг. Оройн хоолны бэлтгэлд “Ачлалт хүүхдүүд”-д ажилд орохоор анхны өдрөө дагалдаж буй бүсгүй туслан, тогооч Ц.Энхтуяа зааж, зөвлөж байв. Тасгуудад байсан аяга, тавгийг цуглуулж, угаах ажлыг энэ ээлжийн туслах А.Бүжинлхам хариуцжээ. Дээр дурдсан хоолны танхим бол гол хэсэгтээ ширээ, сандалтай, тасалгааныхаа захаар ханаа дагуулж, буйдангууд тавьж, нэг буландаа зурагт байрлуулсан том талбайтай өрөө. Хоёрдугаар давхрынхан өдөрт энэ буйдан дээрээ сууцгаадаг аж. Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн нэг онцлог бол чимээгүй байх. Хэдэн цагаар ч хамаагүй зурагт үзэн, зэрэгцэн суухдаа тэд хоорондоо бараг ярихгүй. Хоолны танхим дахь хүмүүсийг ажигласхийн, гал тогоонд ямар ажил өрнөж буйг харж зогссон над руу 50 гаруй насны нэгэн эрэгтэй дөхөн ирж “Гутлын тос олоод өгөөч. Гурван “бажийнк” байгаа ч бүгд цул тоос. Гутлын зүлгүүр бол бий, тос л хэрэгтэй байна” хэмээн тун ойлгомжтой хэллээ. Шизофрени өвчтэй хүмүүс хүнд хэлэх гэснээ тодорхой, цэгцтэй ойлгуулж чаддаг ч юу ярьж буйгаа ухаардаггүй, өөрийгөө хариуцах чадваргүй байдгийн нэг жишээ энэ аж.

“Ачлалт хүүхдүүд” асрамжийн газрын өргөтгөлийн барилгыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах нь

Оройн хоол болтол асрамжлуулагчид хоёрдугаар давхарт сууцгаан, зарим нь өрөөндөө ажин түжин байв. Асрагч Д.Нямдэлгэр тасаг хооронд явж, хэнд юу хэрэг болов, хэнийг хуурайлах, хэний цамцыг давхарлаж өмсгөх вэ гэх мэтээр ажлаа хийсээр байлаа. Зарим нь байрныхаа гадна, хашаан дотроо нарлаж сууцгаана. Гадаа хашаан дахь зууханд гал түлж, хажууд нь ширээ тавин, 2-3 бүсгүй маргаашийн хоолныхоо гурилыг бэлтгэж байлаа. Маргааш өдрийн хоолонд эднийх хайрсан гурилтай цуйван хийх гэнэ. Үүнд 25 элдүүр гурил шаардлагатай бөгөөд бүсгүйчүүд гурилаа зуурч, элдээд, хайрч байх нь тэр.

Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах хүнгүй ахмадуудыг асрах үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн хоёр байгууллага байдгийн нэг нь “Ачлалт хүүхдүүд”. Улсаас нэг хүнд нэг өдрийн хоолонд 5200 төгрөг, зарим эм, хувцас, ариун цэврийн хэрэглэлийн зардлын тодорхой хувийг олгодгийг тус төвийнхөн баримтаар нь үзүүллээ. Өдгөө 42-уулаа байгаа ч шинэ байраа ашиглалтад оруулснаар 50 орчим хүн хүлээн авч, 100-гаад хүн асрах боломж бүрдүүлэхээ захирал Б.Саранбаатар сэтгэл хангалуун дурдав. Өнгөрсөн онд тэд Япон улсын Хоккайдо мужийн 20 орчим асрамжийн газраар зочилж, туршлага солилцсон гэнэ. Үүний үр дүнд хоёр ажилтнаа тус улсад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй хүний асаргаа, сувилгааны чиглэлээр сургалтад хамруулж буй. Үүнээс гадна төрийн бус байгууллагынхаа хүрээнд цөөнгүй компани, аж ахуйн нэгж, хувь хүнтэй хамтран ажиллаж, асрамжийн газрынхаа үйл ажиллагааны зардлын тодорхой хувийг олдог гэнэ. Урлагийн тоглолт, анд нөхдийнхөө хүрээнд хандивын арга хэмжээ зохион байгуулж, хувийн бизнесээсээ ч хөрөнгө оруулж, асрамжийн газраа өдий зэрэгтэй авч яваа аж. Цаашид ч олон нийтийг хамарсан хандив, тусламжийн арга хэмжээ зохиох бодолгүй, өөрсдийн хүч бололцоогоор ажиллахаа дурдсан юм. “Ачлалт хүүхдүүд”-ийнхэн шинэ байртай болохоор ажиллаж буйг дээр дурдсан. Тус байр нь харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэргэнцэртэй хүн амьдрахад зориулагдсан, орчин үеийн стандартад нийцсэн, хаалга, шат, тасалгаануудтай байх гэнэ. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн барилгын ажилд 480 орчим сая төгрөг шаардлагатай бөгөөд Дээрхийн гэгээнтэн XIV далай ламаас 50 000 ам.долларын санхүүжилт авч, ажлаа эхлүүлсэндээ тун бэлэгшээж байна билээ.

Асрамжийн газар гэдэг бол олон хүүхэдтэй айл шиг л юм. Нэг нь дуулж байхад нөгөө нь тэнд гомдчихсон уйлж сууна. “Өмдөө татаж сурахгүй хүн шүү” гээд 20 орчим настай бүсгүйн тэлээг чангалж өгч байхад нөгөө нэг нь “Би өлсөөд байна” хэмээн хашхирах жишээтэй. Ташрамд дурдахад, дээр дурдсан асрамжлуулагчдын овог зарим бичиг баримт дээр нь зөрүүтэй, өөрсдөө ч сайн мэддэггүй гэсэн тул Б.Саранбаатар захирлын зөвшөөрснөөр “Ачлалт хүүхдүүд” буюу А үсгээр овоглолоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)