402 мянган иргэн аюулгүйн талбайд цугларчээ

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 29 жилд анх удаа зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын үр дүнг зохион байгуулагчид өчигдөр танилцууллаа. Гурван өдөр зохион байгуулсан сургуулилалтын Нэгдсэн жагсаалын арга хэмжээнд 116 байгууллагын 4260 ажилтан, алба хаагч, Танхимын команд штабын дадлагад 80 байгууллагын 950 удирдах бүрэлдэхүүн оролцож, зарлан мэдээллэх дохиогоор орон сууцны 402 мянган иргэн аюулгүйн 94 талбайд цугларчээ. 

Дохиогоор цугласан иргэдээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд 3111-ийг нь хамруулсан байна. Мөн хээрийн хүн эмнэлэг дэлгэх ажиллагаанд Улсын I, II, III эмнэлэг, ГССҮТ, ХӨСҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нийт 993 эмч, сувилагч, ажилтан, албан хаагч оролцжээ. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Энэ удаагийн сургуулилалтаар аюулгүйн 111 цэгийг ард иргэддээ таниулах зорилт дэвшүүлсэн. 

Мэргэжлийн байгууллагын зүгээс эхний зорилтоо хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. 29 жилийн дараа нийслэлийн хэмжээнд томоохон сургуулилалт зохион байгуулсан учир алдаа оноотой зүйл гарсан, шударга шүүмжлэл бүхнийг хүлээн авна” гэлээ. Сургуулилалтын үр дүнд бүх шатны байгууллага аюулгүйн нөөц бүрдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд олж харсан гэнэ. Тухайлбал, сургуулилалтын үеэр дэлгэсэн зарим хээрийн эмнэлгийг бусдаас түр хугацаагаар авч ашигласан аж. 

Мөн нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулсан зарим талбай нь хувийн эзэмшлийнх байжээ. Тиймээс ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандан газар төлөвлөлтийг шийдвэрлэх асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)