40-60 хоног эмчлүүлээд эдгэрсэн хэд хэдэн хүнээс дахин коронавирус илэрчээ

“Коронавирус магадгүй бидний төсөөлснөөс ч илүү хувирч, өөрчлөгдөж байхыг үгүйсгэхгүй. Үүний нэг жишээ нь, өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байна” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр “Эдгэрсэн хүмүүсээс вирус дахин илрэх тохиолдол олон улсад бүртгэгдэх болсон. Ийм тохиолдол манайд ч цөөнгүй гарч байна. Тодруулбал, 40-60 хоног эмчлүүлээд эдгэрсэн, 4-5 удаагийн давтан шинжилгээгээр хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан хэд хэдэн хүнийг тусгаарлан, ажиглах хугацаанд дахин коронавирус илэрсэн. Тиймээс бид өвчтөнүүдийг олон хоног хэвтүүлэн эмчилж, тодорхой давтамжтайгаар шинжилгээнд хамруулан, сувилалд тусгаарлаж байгаа юм. Халдварыг хүн амын дунд алдахгүйн тулд дахин вирус илэрсэн иргэдийг байнгын ажиглалт, хяналтад байлгаж буй. Эдгэрсэн хүн дахин халдвар тараах, эсэх нь одоо болтол тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, үүнийг баталж, нотолсон судалгаа алга” гэлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл уг асуудалтай холбоотойгоор “АНУ-д коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан 10 000 хүнээс вирус дахин илэрснийг мэдээлсэн. Тухайлбал, 7-50 хоногийн дараа вирус дахин илэрсэн байна. Мөн Испани, Италийн эмч нар халдвар аваад илаарьшсан 61 000 хүнийг хамруулсан судалгаа хийхэд өвчтөнүүд эдгэрсний дараах эхний гурван сард коронавирусийн дархлаа нь 81 хувьтай байсан бол зургаан сарын дараа 16 хувь болж буурчээ. БНСУ-д эдгэрсэн 116 хүнд вирус илэрсэн бөгөөд дахин халдварласан, эсвэл өвчин нь сэдэрсэн, үгүйг одоогоор тогтоогоогүй. Тус улсын эмч, судлаачид “Ковид-19”-ийг элэг, ДОХ-ын вирус шиг архагшиж, тухайн хүний дархлаа унаж, ядрахад сэдэрдэг байж болзошгүй гэж таамаглаж байна. Тиймээс халдвараас сэргийлэх зөвлөмжийг иргэд чанд мөрдөх шаардлагатай” гэсэн юм.

Бэлтгэсэн: О.Оргилох


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)