40 000 ажлын байрыг 42 тэрбумаар “дүүргэх нь”

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2019 онд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь 40 000 ажлын байр бий болгох зорилт. Гэхдээ эл зорилтыг биелүүлэхэд чөдөр тушаа болж буй асуудал цөөнгүй байна. Өнгөрсөн жил хот, хөдөөгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ирсэн ажлын байрны захиалгын 23 хувь нь дээд, үлдсэн нь бүрэн дунд болон түүнээс бага боловсролтой мэргэжилтэн шаардсан байжээ. Ажил хийе гэсэн хүнд бол орлоготой болох боломж бүрэн дүүрэн байсан гэсэн үг. Харамсалтай нь, иргэдийн олонх нь цалин голоод ажилд ороогүй гэнэ.

Нөгөө талаар иргэд туршлагагүй байсан нь үүнд нөлөөлжээ. Мөн ажил олгогчид дөнгөж сургуулиа төгссөн залуусыг шууд ажилд авч, сургахыг хүсдэггүй нь нэрмээс болсон гэнэ. Компанийн захирлуудын 22.2 хувь нь ямар ч ажлын туршлагагүй хүн ирдэг нь хамгийн том бэрхшээл гэж хэлсэн байх юм. Харин 18.2 хувь нь залуус тогтвортой ажиллах хүсэлгүй гэж гомдолложээ. Үлдсэн 17.1 хувь нь ажлын байрны орчин нөхцөл, цалингаа голдог гэсэн байна. Ажил хийхгүй мөртлөө цалин голдог, тогтвортой ажиллах хүсэлгүй залуусын тоо жилийн жилд өссөөр байгаа аж. Өөрөөр хэлбэл, жил бүрийн судалгааны үр дүн дээрхтэй ижил гарч буйг судлаачид баталж байна. Энэ бол хөдөлмөрийн зах зээлд олон жил бугшсан асуудал. Өнгөрсөн жил л гэхэд мэргэжилтэн олдоогүйгээс 18.2 мянган ажлын байр эзгүйрчээ. Тухайлбал, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэр, машин мотоциклын засвар, барилгын салбарт ажиллах хүн хомсдолтой байсан гэнэ. Дотоодоос мэргэжилтэн олдоогүй учир эдгээр ажлын байрыг гадаадынханд эзлүүлэхээс өөр аргагүй болсон байна. Салбарын сайд С.Чинзориг эл орон зайг дотоодоосоо дүүргэнэ хэмээсэн ч одоогоор хэрэгжүүлсэн зүйл алга.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн судалгаагаар энэ жил хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр нэмэгдэх төлөвтэй аж. Үүгээр бол Засгийн газар төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхээр дүр зураг харагдаж байгаа юм. Тодруулбал, 88 907 ажилгүй иргэний 80 гаруй хувийг ажлын байраар хангах нь. Нэн тэргүүнд идэвхтэй ажил хайж буй 24 964 хүн ажилтай болно. Гэхдээ судлаачид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхныг төлөвлөгөөгөө биелүүлэхээсээ илүүтэй тэгш бус байдлаа тэгшитгээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, ажлын байр бэлдэхээсээ илүүтэй боловсон хүчнээ чадавхжуулаасай, хомсдолтой байгаа мэргэжлээр залуусыг сургаж, дадлагажуулахад анхаараасай хэмээн зөвлөлөө. 

Эс бөгөөс 40 000 ажлын байр бий болгох зорилт биелсэн ч түүнд ажиллах боловсон хүчин хомсдож, ажилгүйчүүдийн тоо буурахгүй байж мэдэхээр нь. Иргэд өнгөрсөн жилийнх шиг залхуу хойрго янзаараа байвал дээрх байдал арилахгүй, ажлын байрны сул орон тоо ихсэх магадлалтай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд уг нь энэ оныг “Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил” болгон зарласан. Улмаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулах газрын дарга Ц.Амартөгсөд, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавихыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваад даалгасан.

Хамгийн гол нь салбарын сайд хөдөлмөрийн зах зээл дэх тэгш бус байдлыг арилгахын тулд Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрт 42.4 тэрбум төгрөг төсөвлөж, баталсан. Шинэхэн төгсөгчдийг, ажил хөдөлмөр эрхлээгүй удсан иргэдийг дадлагажуулахад тэрбум тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажилдаа гологдсон иргэдийг дадлагажуулж, 40 000 ажлын байрыг дүүргэхийн тулд 42.4 тэрбум төгрөг зарцуулах нь.

2015-2016 онд төгсөгчдийн 30 орчим хувь нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Тэдний 20 хувь нь хоёр жилийн хугацаанд ажил хийх ямар ч оролдлого хийгээгүй нь эмгэнэлтэй. Ажил хайгаад ч олдохгүй байгаа иргэдийн олонх нь орон нутагт бий. Эдгээр боловсон хүчнийг улс дахин сургах, төгсөгчдийг мэргэшүүлэхэд өдий төдий мөнгө гаргаж буйг дахин онцолъё. Орон нутагт ажилгүйдэл их буй нь тэнд ажлын байр хомс байгаатай шууд холбоотой. Ажилгүйдлийн шалтгааныг тодруулахад 30 хувь нь ажил хайгаад олдоогүй, 17.7 нь мэргэжилд нь тохирох ажил байхгүй, 9.5 нь дахин суралцаж буй, 7.1 хувь цалин бага гэж хариулжээ. Түүнчлэн МСҮТ төгсөгчид ажилд орлоо ч гологдох нь их аж. Тиймээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд сургалтын чанартаа анхаарах цаг ирснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийнхэн санууллаа.

Тус институтээс гаргасан “зурхайгаар” дээд боловсрол шаарддаг мэргэжлээс инженер, их эмч, нягтлан бодогч, эмзүйч, бага ангийн багшийн мэргэжилтэй бол энэ жил ажилд хурдан орно. Мөн МСҮТ-д бэлтгэдэг засалчин, шаварчин, барилга угсралт, мужаан, арматурчин, цахилгаанчны мэргэжил эрэлттэй байх нь. Харин усан хангамж, бохир ус, хог хаягдлын менежмент, хий, уур, агааржуулалтын хангамжийн үйл ажиллагаа, урлаг үзвэр, тоглоом, наадам, санхүүгийн болон даатгал, мэдээлэл, холбоо, эрүүл мэнд, нийгмийн халамжийн мэргэжилтэй бол ажилд орох магадлал бага гэнэ. Хөдөлмөрийн зах зээлд тэгш бус харилцаа үүссэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн дээрх судалгаа бэлхнээ илтгэж байна. Тиймээс хүүхдийг цэцэрлэг, дунд сургууль, мэргэжлийн сургалт, боловсролын байгууллагаас авхуулаад их, дээд сургуульд суралцах гээд бүх шатанд нь хөдөлмөрт бэлтгэх, сургах цаг үеийн шаардлага тулгарсныг даалгавар авсан зарим дарга нарт дахин сануулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)