3D кино хүүхдийн хараанд муу нөлөөтэй

Зургаагаас доош настай хүүхдүүдэд 3D кино болон энэ төрлийн бусад контентыг үзүүлэх хэрэггүй гэж Францын эрүүл мэндийн судалгааны байгууллага зөвлөсөн байна. Гурван хэмжээст дүрслэл бүрэн гүйцэд хөгжөөгүй нүдэнд ямар нөлөө үзүүлж болох талаар судалгаа хийсэн "Anses" байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 13 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд ч 3D контентыг үргэлж үзэх нь зохисгүй ажээ.

BBC-ийн мэдээлснээр 3D контентын хэрэглээний талаар тодорхой журам гаргасан цөөхөн орон байдаг байна. "Anses"-ийн мэдэгдэлд дурдсанаар 3 хэмжээст эффектийн талаарх мэдээллийг тархи руу дамжуулахын тулд хүний нүд хоёр өөр хэсэгт буй дүрслэлийг нэгэн зэрэг харах шаардлагатай ба улмаар тархи үүнийг нэг дүрслэл болгон буулгадаг байна. Хүүхдүүд, ялангуяа зургаагаас доош насныхны нүд гүйцэд хөгжөөгүй байдаг тул сая дурдсан процесс хараанд нь тун сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй ажээ.

Кино театр, видео тоглоом, телевизор, компьютер гээд олон зүйл дээр ашиглагдаж буй 3D контентын аюулгүй байдлын талаарх асуудал анх удаа хөндөгдөж байгаа нь энэ биш юм. Жишээ нь Италид 3D нүдний шилийг хүүхдүүдэд хэрэглүүлэхийг хориглох зорилгоор тодорхой алхмууд хийгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)