39 байршилд сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлөх үйл явц 80 хувьтай байна

Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар чөлөөлөлттэй газар дээр нь очиж танилцсан юм. Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан, 39 байршилд сургууль цэцэрлэг төлөвлөн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. 

Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа “Нийслэлийн Газрын албанаас 39 байршилд газар чөлөөлөлт хийж байна. Үүнээс 23 байршилд захирамж нь гарсан. 16 байршлыг 100 хувь чөлөөлөөд байна. Газар чөлөөлөх ажил 80 хувьтай явж байна. 14-р хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар 100 хувь чөлөөлөгдсөн” гэв.

Мөн Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд уурын зуухаар халдаг төрийн өмчийн цэцэрлэг болон зарим айл өрхийн дулаалгыг хийж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ жил Улаанбаатар хотод боловсролын салбарын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. УИХ, ЗГ-аас тавьсан зорилтын хүрээнд нийслэлийн бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтыг олон улсын стандарт буюу 85 хувьд хүргэх зорилт тавьсан. 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлээд байна. Энэ бүх барилгууд 2019 оны хичээлийн жилд ашиглалтад орох учиртай. Хамгийн хүндрэлтэй асуудал газар болоод байна. Газрыг нөхөн олговортойгоор иргэдээс худалдан авч байна. Газар чөлөөлөлтийн зардлыг нийслэлийн төсөвт тусгаад явж байна. Ирэх жилээс газар чөлөөлөлтийн зардлыг сургууль, цэцэрлэгийн барих төсөвт нь цуг тавих хүсэлтийг Сангийн яаманд хүргээд байгаа.

Энэ оны хувьд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг ашиглалтад оруулна эхний тав нь ашиглалтад орсон, тав нь хичээлийн шинэ жилээс өмнө, үлдсэн нь энэ ондоо багтаад ашиглалтад орно” хэмээвв


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)