35 хүүхдийн багтаамжтай эко гэр цэцэрлэг байгууллаа

Нийслэлд 150 гаруй цэцэрлэг шаардлагатай гэсэн албан бус тооцоо бий. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас 40 000 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа билээ.

Тиймээс илүү олон хүүхдийг цэцэрлэгт хамруулах, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох боломжоор хангах зорилгоор “Улаанбаатар пийс авенью ротари” клуб “Эко ногоолин” ТББ-тай хамтран, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах 84 дүгээр цэцэрлэгийг түшиглэн иж бүрэн эко гэр цэцэрлэг байгуулан хүлээлгэж өгөв.

Ингэснээр 35 хүүхэд гэр цэцэрлэгт сурч хүмүүжих боломж нээгдсэнээс гадна багшийнхаа тусламжтайгаар хүнсний хэрэгцээнийхээ зарим ногоог тарьж ургуулан, экологийн боловсрол эзэмших аж. Гэр цэцэрлэг нүүрс түлэхгүй, шалны халаалтаар дулаанаа шийдсэн бөгөөд агааржуулалтын зориулалтын систем бүхий хүлэмж байгуулсан юм байна.

84 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Сүрэнхорлоо “Манай цэцэрлэг 1980 онд байгуулагдсан ч 1948 онд барьсан зориулалтын бус барилгад байрладаг. Бид Сонгинохайрхан дүүргийн тав, зургадугаар хорооны хүүхдүүдийг хүлээн авдаг.

125 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоо 250 хүүхэд хүлээн авч байна. Залуус өөрсдөө санаачлан хөрөнгө босгоод, 35 хүүхэд хичээллэх хүчин чадалтай гэр цэцэрлэг буюу салбар бүлэг байгуулж өгсөнд баяртай байна.

Энэ бүлэгт дөрвөн настнууд буюу дунд ангийнхан хичээллэх юм. Гэр цэцэрлэгтэй болсноор 35 хүүхдийн ар гэрийхэн санаа зоволтгүй ажлаа хийх боломж бүрдэж, мөн хоёр багш ажлын байртай боллоо” хэмээн ярив.

Бэлтгэсэн: Л.Аргамжин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)